ГХУСЗ: Өсвөр насны хүүхдүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албаны дэмжлэгээр өсвөр насны хүүхдүүдэд хүний эрх, эрхзүйн байдал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сургалт өнөөдөр /2023.04.27/ Монгол улсын Консерваторид боллоо.

Энэхүү сургалтыг хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, цахим орчин дахь сөрөг үр дагавар, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сүхбаатар дүүргийн ГБХЗГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тус дүүргийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч болон Монгол улсын Консерваторийн нийгмийн ажилтны удирдлаган доор явууллаа.

Өнөөдрийн сургалт нь  8-аас 10 дугаар ангийн хүүхүүдийг  хамруулснаараа онцлогтой. Учир нь ахлах ангийн сурагчид  энэ талаар тодорхой хэмжээний ойлголттой байдаг бол өсвөр насны  хүүхдүүд мэдлэг дутмаг, эрхийн тухай ойлголт багатай байдаг байна.

Тиймээс хөвгүүдэд тусад нь хөвгүүдийн эрх үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл, зөвлөгөө өгсөн бол охидын уулзалтын тухайд санаатай болон санаагүйгээр бусдын нэр хүндэд халдах, эргээд хүүхэд дарамтад орох сэтгэл санаагаар унах зэрэг асуудал тохиолддог тухай мэргэжлийн хүмүүс ярилцаж, шаардлагатай тохиолдолд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Монгол улсын Консерваторийн Нийгмийн ажилтан Ч.Мягмар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо гишүүн өмгөөлөгчид хамтраад 8-10 дугаар ангийн сурагчдад сургалт явууллаа.

Охидтой хүний эрх гэж юу болох, охидын зөрчигдөж буй эрхийн тухай ярилцсан бол хөвгүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсон бол ямар хариуцлага хүлээдэг болох талаар мэдээлэл өглөө.

Охид хөвгүүдийг тус тусад нь сургалтад хамруулсан бөгөөд хөвгүүдэд хуульч өмгөөлөгч н.Бат-Отгон мэдээлэл өгсөн бол, охидтой өмгөөлөгч О.Булгамаа болон түүний баг ажиллалаа.

Өнөөдрийн энэ сургалт  бол хүүхдүүдэд өөрт нь яг ямар асуудал, ямар орчинд тулгарч байна, зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа эсэхийг эцэг эх багш байхгүйгээр тусад нь ярилцаад, судалгаагаа нэргүйгээр авсан нь бодит нөхцөл байдлыг мэдэхэд маш чухал нөлөөтэй гэж бодож байна.

Нийгмийн ажилтны мэргэжлийн зүгээс харахад хүүхдийн эрхээр мэргэжлийн өмгөөлөгч байдаггүй юм байна. Нэгдүгээрт хүүхэд гэсэн энэ аянд хуульчид нэгдээд байгаа нь сайшаалтай зүйл гэж харж байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд байгууллагууд ганц ганцаараа хүүхдийн эрхийн чиглэлд ажиллаж байсан бол бүгд нэгдээд, охид хөвгүүддээ хуулийг дагаж мөрдөх, хуулиар өөрийгөө хамгаалуулах, хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах тухай мэдээлэл өгч байгаа нь маш олзуурхууштай гэж харж байна” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top