“Монос” группээс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн асуудлаар өнөөдөр /2019.12.02/ мэдээлэл хийлээ.
Тэд “Монос” группийн холбогдох компани, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гүтгэлэг явуулсан хэмээн үзэж, “Монфа” компанийн захирал Д.Цэндээхүүг буруутгав. Түүнийг шинжлэх ухааны үндэслэл, судалгаагүй зүйл ярьсан тул холбогдох хуулийн байгууллагад хандаж, хариуцлага тооцуулна" гэж "Монос" компанийн төлөөлөгч мэдэгдлээ.
Тэдний өгсөн мэдээллээр бол хөнгөлөлтэй үнээр олгох эмийн жагсаалтаас “Монфа” компанийн нийлүүлдэг 14 эм жагсаалтаас хасагдсан бол “Монос фарм"-аас 34 эм хасагджээ.
Түүнчлэн Эм хангамжийн компанийн холбооноос "Эмийн зах зээлд “Монос” ноёрхож байна" гэж мэдэгдсэний хариуд “Монос Улаанбаатар” ХХК-ийн Эмийн сан хариуцсан захирал Л.Алтанцогт “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 1800 эмийн сан байдгаас Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор 1017 эмийн сан үйлчилдэг. Үүнээс “Монос”-ын 59 эмийн сан л хөнгөлөлтөд хамрагдсан. Энэ бол нийт үйлчилж буй эмийн сангийн 5.8 хувийг эзэлж байгаа тоо” гэлээ.
"Манай үйлдвэрээс ОХУ руу эм экспортолж эхэлсэн. Олон улсын экспертээр шалгарсан тул чанарын ямар нэг асуудал байхгүй. Манай Эм судлалын хүрээлэнд шинжлэх ухааны академич хоёр, анагаах ухааны академич дөрөв, эм зүйн шинжлэх ухааны академич 11, нийтдээ 20 гаруй эрдэмтэд ажилладаг. Д.Цэндээхүү докторын жишээ татаж ярьсан Амоксициллин гэдэг эм нь Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн тэр дугаараар манайд байхгүй. Амоксициллин нь 10 нэр төрөл байдаг. Мөн л жишээ татсан Аскорбины хүчилийг манайх үйлдвэрлэдэггүй. Манай үйлдвэрлэдэг Амоксициллин 1080 төгрөгөөр гарч, эмийн санд 1600 орчим төгрөгөөр зарагддаг” гэж “Монос фарм” эмийн үйлдвэрийн захирал М.Одгэрэл тайлбарласан. Тэрбээр цааш нь “Дэлхийд Хятад улс эмийн түүхий эдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Ялангуяа азийн зах зээлд 90 хувь нь Хятад улсаас эмийн түүхий эдийн бүтээгдэхүүнээ авдаг. Дэлхийн топ эмийн үйлдвэрүүд ч Хятад улсаас бүтээгдэхүүнээ авдаг. Манай үйлдвэр бүтээгдэхүүнээ Хятад, Өмнөд Солонгосоос хангадаг, мөн дотоодоосоо авдаг. Эмийн үйлдвэрүүд иргэдийн гарч буй эцсийн үнийг тогтоодоггүй. Эмийн сангууд тогтоодог. Тогтоохдоо эмийн үндсэн үнэ дээр 25-30 хувь нэмдэг. Манай эмийн бүтээгдэхүүн Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газраас шалгагдсан стандартыг хангасан. Манай үйлдвэр 100 гаруй эм үйлдвэрлэдэг. Эмийн жагсаалтад орсон эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үндэсний зөвлөлөөс импортлогч компаниудтай харьцуулж гаргасан байх” гэсэн тайлбар өглөө.
Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү нарын хийсэн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )