Монголын эм хангамжийн байгууллагын холбооноос хэвлэлийн хурал хийж, Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад орсон эм, эмийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Монос”-ын эмийн сангаас авахаас өөр сонголтгүй болгосон журам батлагдсаныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
"Аль ч оронд монопол зах зээлийг хязгаарладаг. Энэ нь нийт ард иргэдийн эрүүл мэндэд хор хохиролтой. “Монос”-ын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож, тус газрын эмийг авахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа нь иргэдийн эрүүл явах эрхийг зөрчиж байна" гэж тус холбооныхон хэлж байв. Тодруулбал, “Монос”-оос бусад эмийн сангаар худалдах нийт эмийн 60 хүртэлх хувийг хассан нь 24 цаг тасралтгүй ажилладаг эмийн сангуудад эдийн засгийн хүндрэл үүсгэхээр байдалд оруулаад байгаа гэлээ.
Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү "Шинжилгээгээр "Монос" компанийн эмийн бүтээгдэхүүнүүд Хятад улсаас ирсэн байдаг нь баттай тогтоогдсон. Энэ нь чанарын хувьд харилцан адилгүй ч хүний цусны сийвэнд орох хэмжээгээрээ ялгаатай" гэж байв. Ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх Эрүүл мэндийн яамнаас гаргасан 12 дугаар тогтоолд 170 гаруй нэр төрлийн эмийн зарим эмийг хэт доогуур, эсвэл хэт дээгүүр үнэтэй тавьсан гэж тэд мөн шүүмжилсэн. Тухайлбал, “Монос”-ын үндэсний үйлдвэрлэлийн эмүүдийг зах зээлийн үнээс 3-5 дахин өндөр үнэтэй тавьсан бол “Тавин ус” зэрэг бусад эмийн сангуудын эмийг зах зээлийн хамгийн доод үнээр үнэлсэн нь шударга бус гэж үзэж байгаа ажээ. Үүний нэг жишээ нь 10 ширхэгтэй амоксициллин эмийг 9500 төгрөгөөр үнэлсэн атлаа Италийн түүхий эдээр үнэлсэн 20 ширхэгтэй амоксициллин эмийг 3450 төгрөг гэж үнэлсэн гэв. Эдгээр 170 эмээс 50 гаруй нэр төрлийнх нь хугацаа дууссан, тасарсан эмийг оруулсан хэр нь эм хангамжийн байгууллагуудын шаардлага хангасан эмүүдийг хассан учир энэ тогтоолоо эргэж харахыг эм зүйч нар хүсэж байгаа ажээ.
Мөн Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Монгол хүний удмын санд нөлөөлөх, эрүүл мэндэд аюул нүүрлэх эрсдэлийг зогсоож, Эрүүл мэндийн даатгалыг эмийн сангуудад тэгш хуваарилах шаардлага тавьж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )