АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх, В.Д.Медведев нар МЭДЭГДЭЛ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Москвагийн цагаар 15:00 цагт ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн хамт Хэвлэлийн мэдэгдэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев "Эрхэмсэг хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг айлтгая. Юуны өмнө хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн айлчлал хийж буй Ерөнхий сайдад талархаж байна. Эдийн засаг, хүмүүнлэгийн найрамдалт харилцаа болон бүс нутгийн асуудлаар ижил төстэй байр суурьтай байгаа гэдгээ бид хэлэлцээрийн үеэр ярилцлаа. Манай хоёр улс худалдааны сайн түншүүд. Хоёр орны худалдаа 2017 оноос эхлээд өсөх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017, 2018 онд худалдаа нэмэгдэж байсан. 2019 оны эхний есөн сарын байдлаар мөн адил 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байна. Худалдааны үзүүлэлт өндөр гарсан явдал нь манай хоёр орны хооронд хийх ажил байхгүй гэсэн үг биш. Өнөөдрийн яриа хэлэлцээрийн хүрээнд шинэ төслүүдийг  хийж хэрэгжүүлэхээр бид ярилцлаа. Жишээлбэл, Улаанбаатар төмөр замын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх асуудалд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бид эрчим хүчний технологийн дэвшлийг танай оронд хуваалцах бодлоготой байна. Өнөөдөр 1957 оны худалдааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэлэлцээр хүчин төгөлдөр болж, худалдааны төлөөлөгчийн газраа нээх боломж бүрдлээ. Мөн аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах чиглэлээр бид бэлдэж, боловсруулж байгаа. Энэ хэвлэлийн бага хурлын дараа дээрх чиглэлээр илүү нарийн зүйлүүдийг ярилцах байх гэж найдаж байна.

Манай хоёр талын хүмүүнлэгийн харилцаа бас идэвхтэй хөгжиж байгаа. Тухайлбал, боловсролын харилцаа илүү хурдацтай хөгжиж байгаа. Зөвлөлтийн болон ОХУ-ын их дээд сургуулиудыг 60 гаруй мянган суралцагчид төгссөн. Одоогийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад 3000 оюутнууд суралцаж байгаа. Гадаад улсуудад олгож байгаа тэтгэлгийн хамгийн их квотыг бид Монголд олгож байна. Манай хоёр орны соёлын салбарын харилцаа холбоо улам өргөжиж байна. Бид яриа хэлэлцээрийн үед олон улсын хамтын ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон" гэв.


БИЧЛЭГ ҮЗЭХ

 


Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  "Эрхэм хүндэт ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө. ОХУ-д хийж байгаа айлчлал маань амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзаж, олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байна. Хоёр орны хамтын ажиллагаа итгэлцэл дээр хөгжиж ирсэн түүхтэй. Ийнхүү манай хоёр улсын Засгийн газар стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байна. Энэ айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар саналууд солилцлоо. Тухайлбал, хамтарсан УБТЗ, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тос, боловсролын зэрэг асуудлууд юм. Мөн хоёр талын харилцаанд олон жил шийдэгдэж чадаагүй байсан Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн эхний ажлуудыг шийдвэрлэсэндээ баяртай байна.

Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд яригддаг хийн хоолойг Монголын нутгаар дайруулах саналыг ОХУ дэмжиж байгаад баяртай байна. Энэ төслийг хамтран хэрэгжүүлэх ажлыг гарааг эхлүүлж байна гэж ойлгож байна. Энэ удаагийн айлчлал агуулгаар баялаг болж байгаад баяртай байна. Сая та бүхэн олон санамж бичиг, хамтын ажиллагааны бичгүүдэд гарын үсэг зурсныг харлаа. Монгол Улсын төлөөлөгчдийг найрсаг хүлээн авч уулзсан та бүхэндээ баярлалаа. Манай хоёр орны хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(77.38.148.28) 2019 оны 12 сарын 04

ХИЙН ХООЛОЙ ГЭХЭЭР Л ОРОСТ ОЛОН АЙЛ, ОРЦООРОО ХИЙ НЬ ДЭЛБЭРЭЭД АМЬ УРЭГДСЭН ДЭЭ.АЙМААР ЮМ.

0  |  0
Уншигч(103.229.123.130) 2019 оны 12 сарын 04

Залуучууд лайв хийж энэ чухал арга хэмжээг шууд сурвалжилж байгаад ихэд талархаж байна. Харин камер барьж байгаа хүмүүс өөр хоорондоо шивнэлдэн ярьж байгаа нь тод сонсогдож байгаа учир анхаарахыг хүсье\n

4  |  0
Top