ТОЙМ: Ерөнхий сайдын айлчлалын ЭХНИЙ ӨДӨР

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Манай сэтгүүлч Б.Мөнхзаяа ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.12.04/ Москва хотноо болох "Монгол-Орос, Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь" сэдэвт бизнес форумд оролцож, үг хэлнэ. Түүнчлэн "Монголд үйлдвэрлэв" бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцохоор төлөвлөөд байгаа юм. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, санал солилцоно.

Тэгвэл өчигдөр /2019.12.03/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд  Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайдад уламжилсан байдаг. Мөн стратегийн ач холбогдол бүхий 12 баримт бичигт холбогдох салбарын сайд, албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм. Ингээд ОХУ-д хийж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын эхний өдрийн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхэнд /2019.12.03/ ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд У.Хүрэлсүх та ОХУ-д тавтай морил. Энэ бол танай улсын Ерөнхий сайдын хувьд манай улсад хийж байгаа анхны айлчлал. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн есөн жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. Би 2009 онд Монголд албан ёсны айлчлал хийсэн. Харин 2016 оны АСЕМ-ын уулзалтад оролцсон. Энэ богино хугацаанд танай улс өөрчлөгдсөн гэдгийг би баттай хэлж чадна. Монгол Улсыг би найрсаг түнш гэж хардаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсын үзүүлсэн агуу их тусламжийг бид сайн санадаг. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал чухал ач холбогдолтой байж, түүхэн өдөртэй давхацсан. Манай яриа хэлэлцээний үед эдийн засаг, нийгмийн асуудал, хамт ажиллагааны бүх талаар санал солилцоно гэж итгэж байгаа. Та бүхнийг ОХУ-д тавтай морилохыг хүсэж байна” гэв.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Их баярлалаа. Тантай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцах завшаан олдсонд баяртай байна. Юуны түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж байна. Монгол, Орос бол олон жилийн найрамдлын хамтын ажиллагаатай ард түмэн. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд есөн жилийн дараа таны урилгаар айлчилж байгаадаа баяртай байна. Есөн жилийн өмнө С.Батболд дарга Ерөнхий сайд байх үедээ айлчилж байсан. Энэ жилийн хувьд Монгол түмний бахархал болсон Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой  болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өөрийн биеэр хүрэлцэн ирж, айлчлал хийсэн нь манай хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа түүхийн агуу эрэлхэг, эр зоригт дайчдад хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон. Монгол Улсын ард түмэн дайны үед ч энх цагийн бүтээн байгуулалтын үед ч байнга хамтдаа байж ирсэн ийм яруу түүхтэй, харилцаатай ард түмэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны хоорондын харилцаа нэг түвшин ахиж, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн. Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш сайн байдаг. Энэ бол түүхэн сайхан уламжлалт ах дүүгийн харилцаатай ард түмэн. Сүүлийн жилүүдэд нэг харилцаа бага зэрэг саарсан. Энэ бол эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа. Цаашдаа хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэл дээр хоёр талаасаа хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комиссын ажил сайн явж байгаа” гэлээ. 

ХОЁР ТАЛ 12 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЦГААЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд өчигдөр /2019.12.03/ дараах 12 баримт бичигт холбогдох салбарын сайд, албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.

 

  1.  “Цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
     
  2. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оросын Холбооны Улсын  Гадаад хэргийн яам хоорондын 2020-2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”
     
  3. ““Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын  Тээврийн яам хоорондын хэлэлцээр”
     
  4. “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Оросын Холбооны Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын санамж бичиг”
     
  5.   “Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2020-2021 онд хамтран ажиллах хөтөлбөр”
     
  6.  “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон  Оросын Холбооны Улсын  Аж үйлдвэр, худалдааны  яам хоорондын санамж бичиг”
     
  7.  “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Оросын Холбооны Улсын  “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ”
     
  8.  “Зүүнбаян – Таван толгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнешнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”
     
  9.  “Монгол Улсын "Эрдэнэс Монгол" ХХК ба Оросын Холбооны Улсын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Стратегийн түншлэлийн тухай санамж бичиг”
     
  10.  “Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Оросын Холбооны Улсын  “Русская кожа” хувьцаат нийгэмлэг хоорондын санамж бичиг”
     
  11. “Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Худалдаа, хөгжлийн банк ба ОХУ-ын Оросын экспортын төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
     
  12. “Очир Гэгээн Сүндэр” ХХК болон “Алс Дорнод, Арктикийн хөгжлийн сан” ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

Х.БАДАМСҮРЭН: "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛЫН АЖИЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДСЭН 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа. 

Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай.

Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ” гэв. 

Д.ЖИГЖИДНЯМАА: "ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН"-ГИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА ДЭЭР ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА АВАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнейшнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа.

Энэ талаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг "РЖД Интернэйшнл" хувьцаат компанитай “Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр техник, барилгын менежментийн тал дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь бидний хувьд маш чухал зүйл. Монголчууд анхны төмөр замаа өөрийнхөө хүчээр барьж байгаа. Үүн дээр мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх гол зорилготой. "Улаанбаатар төмөр зам"-ын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж, цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна" гэлээ.

Ч.УЛААН: ОХУ-Д ГАРГАХ МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМНЭ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд "Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын санамж бичиг”-т ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд А.Н.Морозов нар гарын үсэг зурлаа.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "ОХУ-ын Үйлдвэр худалдааны яамтай Монгол Улсад Хөдөө аж ахуйн техник нийлүүлэх, алслагдсан бүс нутагт элеватор барих зэрэг асуудлыг ярьж тохирсон байгаа. Цаашлаад мал сүргээ эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгана. Мөн Монгол Улсаас ОХУ руу мах махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлуудыг ярилцлаа" гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top