Монголын зохиолчдын эвлэлт шагналт яруу найрагч Ганжууржавын Батжавхлан нь Увс аймгийн Тэс сумын харьяат. Яруу найргийн “Бүсгүй чи зураг”, “Оюун хэмээгч...”, “Гял хар сарны чимээ”, “....Ы...” болон богино өгүүллэгийн “Тэнгүрва” номнуудыг уншигчдын хүртээл болгожээ.
“Ээжийн чимээ” өгүүллэгийн ном, “Яруу найрагчийн намар” шүлгийн номоо хэвлэлд бэлтгээд буй түүний уран бүтээлийн дээжээс онцлон яруу найрагч нарт зориулсан шүлгийг хүргэж байна.
Алгуур борооны дусал мэт зүүднээ
/Яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрах дүүд/
Алгуурхан урсах борооны чимээнээр
Аниргүйхэн амьсгалах өвсний авианд
Алс тэнгэрээс хэн нэгний чарлаан
Аянгын дуунд хувилан дуугарнам
Борооны дуслууд боргионы дуугаар чарлахуй
Гүнлэг нойрноосоо сэрсэн газрын уй
Гудамжны гуу даган урсах усан мэт
Цаг хугацаа хэрхэн он цаг руу гунин одохыг
сэм ажнам
Цаг хугацаа хэмээгч хоосон салхинаа
Цалгилан дэвэгч найрагч дүүгийн минь сүүдэр
Хон хэрээний насыг илгасан
Алс харанхуйн тэнгэрт гэрэл... сүү...
************************************
Үзэг минь чи яасан залхуутайяа эвшээнэм бэ
/Эрхэм номын садан, эрхэт мэргэн анд
Харнууд Д.Гансүрэнгийн гэгээн дурсгалд/
Үзэг минь чи яасан залхуутайяа эвшээнэм бэ
Үнэгэн шөнө үүрэглэн дутахуй
Өглөөний наран чимээлэгч
Үүрийн үнэр
сэвшээ нөмрөн амьсгалнам
Баруун Ёголын давааны тэнгэрээс
Багаахан одод цасан угалзсаар анивчихуй
Буяны өглөгт Биндэрийн овоо
Бор хөөрхөн бялзуухай нисгэнэм
Бадамлагч галын дөл шиг нисэлдэх
Очис мэт Сүүхлэг уулын эзэн шувуу
Нойрмоглогч гүнжийн цагаахан хацар дээр
Номын сүүдрээ санаан үгүй унаганам
Нэн эртний аглаг уулсын рашааны амтат
Хатан ижий Ононгийн бидэртэгч мандалнаа
Алганы хээ нуруундаа үүрсэн нэгэн навч
Аниргүйхэн жимээр бүүвэйлэгдэн амарнам
Алс өнгөрөгч анирт ертөнцийн гүмээс
Нигүүлсэнгүй үлгэр хүүрнэгч будант цахлай
Аяар, аяархан гэрэл солонгоруулахад
Нисэж буй шувууд тэрхүү навчнаа
үүрээ таашаалтайяа засан өндөглөнөм
Нэгэн найрагчийн нэрийг
Шувууд шулганан мэтгэлцэхүй
Хөхөө хэдэнтээ донгодон
Нямбуугийн Нямдорж - манайх хэмээн бардамнанам
Би мэдэхгүй хэлээр
Нэгэн ангаахай шулганахуй
Түүний дуулсан дууг
Түмэн шоолон инээлдэхэд
Тэр дууны тухай зөвхөн зүүд л ...
Зөвхөн зүүд л шашдирлаж
Хожмын дэнлүү анивчуулагчдад
Энэ оршигч ертөнцийн хуурмаг дүрсийг...
Үзэг минь чи яасан залхуутайяа эвшээнэм бэ.
****************************************
Дэлхийг нэг хэмжиж үзэх сэн
/Эрхэт дотно дүү Ө.Дэлгэрбатад/
Дэндүүхэн давчуу гэнэм
Дэрвэлзэгч энэ орчлон
Дэргэдүүр минь хийсэгч цаг хугацааны
Эмгэнэлт дүрт сарны бүдэг чимээнд
Эртээдийн харсан Онон ижийн тунгалаг долгис мэт
Манан хөлөглөн хөвсөлзөгч бодлынхоо
Цулбуур юуг нь татасхийхдээ
Дээлээ хөдрөхдөө дэлхийг нөмөрсөн мэт таашаах
Эрхэмсэг хүмүүний хөдөө дүр
Очист гэрлийн чимээ анивчлуулах
Тэр агшнаа нулимсныхаа болор тунгалгийг
Дотроосоо сэм тольдохдоо
манант хөшгийг ярж
Дэлхийг нэг хэмжиж үзэх сэн
Дээшээ хязгаартай гэнэм
Дэргэдэх салхины агаар
Дэндүү сайхан амттай
Ээжийн чанасан цайны
Үнэрийг нь хааяахан үгүйлэхдээ
Үнэнч анддаа дурсахад
Үүрэглэгч бодлын унтарч буй галын цог
Алгуур сэвшээгээр аяар амьсгалаад
Нойрноосоо сэрэн эвшээгч бүсгүй мэт
Номын хувилгааны эгэл өдөнд хувилахуй
Өдөлсөн тэр өдөөр далавчлан нисээд
Дэлхийг нэг хэмжиж үзэх сэн
Доошоо хязгааргүй гэнэм
Дэргэд ургасан өвсний үндэс
Давчуу энэ орчлонгийн
Амьсгал юуг нь сэвэлзүүлэх гэж
Сэвшээт салхины үнэрийг
Өөрийн үндэснээсээ юүлэхдээ
“Уруугаа ургасан мод”-ны үлгэр юуг санаад
Учралт, наран гэрэлт ертөнцийг
Өөрийн амиар тэжээгч ургамал
Өнөд, тэнгэрээс үнэртэх чийгийг
Рашааны амт мэт хүсэмжлэхийг анирдаад
Дэлхийг нэг хэмжиж үзэх сэн
Дэлхийг нэг хэмжиж үзэх сэн
Энгэрт нь сүүний өнгө тунарсан
Лавай сарны аялгуу мэт
Гэрлийн гялбаа цайвалзуулж
Ээж минь зүүднээ айлчлахад
Ривадийн гэрэл тунгалагшин харагдана
Бадамлянхуа цэцгийн дэлбээ
Аниргүйхэн, гоо төгөлдөрхнөөр их усны мандлыг чимэхүй
Тэргэл саран түүнд уясан баясахад...
Сэтгэгдэл ( 1 )
эволюц