Татварын “ухаалаг” өөрчлөлтийн тухай таван үг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16


Улс оршин тогтнож, туурга тусгаар байя гэвэл татвар зайлшгүй зүйл. Энэ татварын хөрөнгөөр улсын төсөв бүрдэж сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавьж, төрийн албан хаагчдын цалинг олгодог. Ингээд хэлчихээр хэт хялбарчилсан болно. Гэхдээ бүгдийг нь жагсаана гэвэл сонины нэг дугаарт бичих нь байтугай тусад нь ном гаргаад багтана гэж үү. Ямар ч байсан улс оронд тулгарсан нийгмийн олон асуудал, аюулгүй байдалд чиглэсэн бүх ажилд хөрөнгө хэрэгтэй. Үүнийг ард түмнээсээ “босгох”-ыг л ерөнхийд нь татвар гээд байгаа хэрэг. Гэхдээ татвар өөрөө төр нь иргэнээ мөлжих хэмжээнд “галзуурч” болдоггүй зүйл. Манай ардын домог, түүхэнд муу төрийн жишээг хэлэхдээ “Хошуу ноён алба гувчуураар дарлаж” гэж эхэлсэн байдаг. Зөвхөн домогт ч байгаа юм биш. Хөгжсөн, хөгжөөгүй олон оронд одоо ч ийм төрлийн зовлон бий. Хүний эрхийг хөсөрдүүлж, хөдөлмөр мөлждөг дарангуйлалтай улс орнуудын талаар бол юугаа ч хэлэх вэ дээ. Гэхдээ нийгэм төгөлдөршинө гэдэг татварын зөв бодлогынхоо асуудалд анхаарч явахыг л хэлдэг аж. Тухайлбал, Английн Ерөнхий сайд Борис Жонсон “Их Британийг Европын холбооноос гаргана. Ард иргэдийг татвараар нүдэхгүй” гэж амлаад ялалт байгуулаад байж байна. Парламентын нүсэр түүхтэй оронд ийм амлалтад иргэд нь “саналаа өглөө”. Тэгэхээр татвар “ухаалаг” байх асуудал чухал аж.

Манай улсын хувьд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд энэ жил өөрчлөлт оруулж шинэчлээд байгаа. Эдгээр хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нээс эхлэх юм. Тиймээс уг багц хуульд орсон өөрчлөлтийн заримаас сонирхуулахаар шийдлээ. Ерөнхийдөө татварын тогтолцоонд хялбаршуулсан горим гэдгийг нэвтрүүлж, таныг ямар татвар төлж байгаад нь тохируулсан үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын татварын бодлогын чиг хандлагыг тусгасан шинэчлэл болсон хэмээн судлаачид дүгнэж байгаа юм байна. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд зааснаар амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд зургаан сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм байна. Өмнөх хуулиар бол 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу гурав хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авах боломжтой байлаа. Манай улсын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, бизнесийг дэмжиж түүгээр дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх шаардлага их бий. Тэгвэл татварын шинэчилсэн хуулиар “Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн, албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого буюу компани байгуулахгүйгээр төрөл бүрийн бизнес эрхэлж олсон орлогод ногдох албан татварыг  50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэсэн заалт суусан байна.

Шинэчлэгдсэн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нээс эхэлнэ. 

Мөн Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ гэж зохицуулсан нь өмнөх хуулийн заалтын хамрагдах субъектийн хүрээг өргөтгөсөн зохицуулалт болжээ. Өмнөх хуулиар мөрдөн дагуулдаг байсан орой, эчнээ хэлбэрээр суралцах, магистрантур, докторантурт суралцах хугацааны сургалтын төлбөр хамааралтай эсэхийг тодорхой болгож өгсөн байна. Түүнчлэн агаарын бохирдлын асуудал нийслэл гэлтгүй томоохон сууринуудад гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Тэгвэл шинэ хуульд “Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ” гэсэн зохицуулалт орсон аж. Энэ зохицуулалт нь хуучин хуульд байсан ч шинэ хуульд тухайн жилийн ногдох татварыг хөнгөлөхөөр болж өөрчлөгдсөн юм байна. Түүгээр барахгүй “Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө” тухай ч заалт хэрэгжих юм байна.

Үүнээс гадна хувиараа бизнес эрхлэгч, хөрөнгөө түрээслэгч, чөлөөт уран бүтээлчид орлого, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулжээ. Жишээ нь, иргэн хүн хувиараа бизнес эрхэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа 10 хувийн татвар төлж болно. Мөн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулахдаа татвар ногдуулах орлогын дүнгээс тооцох юм байна. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар урлагийн тоглолт зохион байгуулах, оролцох замаар нийт дүнгийнх нь таван хувиар татвар авдаг байсан. Тэгвэл тус орлогыг үйл ажиллагааны төрөлд хамааруулаад чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулжээ.

Бас дурдахгүй өнгөрч болохгүй асуудал бол үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон нь юм. Тодруулбал, иргэн бүр, мөн жижиг ААН-үүд татварын тайлан гаргах хүндрэлтэй байдлыг харгалзаж, тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татварт ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болжээ. Энэ тохиолдолд борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлж болох зохицуулалт орсон байна. Харин НӨАТ-ын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч энэ зохицуулалтад хамрагдах боломжгүй аж. Өөрөөр хэлбэл, орлого, зардлаа тайлагнаж, татварын тайлан бэлтгэж тайлагнах үүрэгтэй юм байна.

Түүнчлэн хуулийн шинэчлэлээр татвар төлөгч хувь хүний олсон зарим орлогод тогтоосон дүнгээр татвар ногдуулж төлүүлэхээр зохицуулсан байна. Тухайлбал, ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр байх аж. Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр татвар төлүүлэхээр зохицуулжээ. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод таван хувиар албан татвар ногдуулахаар зохицуулсан нь үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийг үнэт цаасны зах зээлээс орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн зохицуулалт болсон байна. Төгсгөлд нь сонирхуулахад, татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, татвараа нуусан бууруулсан байж болох эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийг хамруулж хийх гэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй татвар төлөгчид хяналт шалгалт хийхгүй бөгөөд татварын хууль тогтоомжийг зөрчсөн байх магадлал өндөртэй татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулахаар болжээ. Татварын хуулийн өөрчлөлтийн заримаас сонирхуулахад ийм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top