НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл санаачилжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ-ыг 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьснаа өнөөдөр /2019.12.16/ сэтгүүлчдэд мэдээллээ.

НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын бүрдлийн голлох эх үүсвэр болдог. Өнөөгийн манай улсад хэрэглэж буй татвар нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог тогтолцоо юм.  

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шинэчилсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль мөрдөгдөж байна. Энэ хуулийн хүрээнд манай улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсөн, далд эдийн засаг хумигдаж, тэр хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөө гарч байгаа боловч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх чухал үзүүлэлтийг анхаарах шаардлагатай. Монгол Улсын татварын орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөр боловч НӨАТ-ын буцаан олголт бага байдаг. Энэ нь НӨАТ-ын нэг гол зорилго болох татварын системийг сайжруулахаас илүүтэйгээр төсвийн орлогыг бүрдүүлэх тал дээр ач холбогдол өгч байдгийг илтгэдэг. Үүнийг дагаад инфляцийн түвшин өсөх, ДНБ буурах зэрэг эрсдэл үүснэ.  Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг хуулийн төсөл санаачлагч хэлж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ.

Ингэснээр орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.68) 2019 оны 12 сарын 16

Компаниудын ,эрх ,ашгийг ,хамгаалсан ,асуудал байна. Харин ,буцаан ,олголтын ,хувийг нэмбэл дээр. Нуугдмал татвар орж ирнэ. Захууд гээд л. Одоо бол 50 хувийг авч байна.

0  |  1
Top