АНУ-ын Ази дахь холбоотон улсууд АНУ, БНХАУ-ын өрсөлдөөний үед хэрхэн оршиж буйгаас сургамж авах ёстой.
Хятад улсаас АНУ-д тулгаж буй сорилтууд Америкийн албан тушаалтнуудыг БНХАУ-ыг харах өнцгөө өөрчлөхөд хүргэсэн. Өнгөрсөн аравдугаар сард Нью-Йорк хотын Хадсон их сургуулийн шагнал гардуулах ёслол дээр үг хэлэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Америкийн үнэт зүйлс, барууны ардчилал, аюулгүй байдал, эрүүл сэтгэлгээний үнээр Хятад улсад босож ирэх нөхцөл, боломжийг олгосон” гэж хэлсэн нь АНУ-ын олон арван жилийн бодлогыг үгүйсгэсэн явдал боллоо. Хятадын эрх баригчдын зүгээс энэ хандлагыг ашиглан цэрэг, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж The American Interest сэтгүүлд бичжээ.
Өдгөө Пентагоны үзэж буйгаар Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг өөрийн эрх ашигт нийцүүлэн дэглэх зорилгоор Хятад улс цэрэг зэвсгийн шинэчлэлийг хэрэгжүүлж, нөлөөллөө өргөжүүлэх, “түрэмгий” эдийн засгийн бодлого явуулж буй хөрш орнуудад нь бүрэн хэмжээгээр илэрч байгаа юм.
Монгол Улс эхний эгнээнд буй. Дэлхий дээрх хамгийн тааруу суурьшсан тус улс Хятадтай хиллэдэг. Америкийн олон жилийн холбоотон болох Япон, Өмнөд Солонгосын сүүдэрт дарагдан Монгол Улс АНУ-ын анхаарлыг тэр бүр татдаггүй. Гэвч 1980-аад оны сүүлээр АНУ Монгол Улстай албан ёсоор харилцаж эхэлснээс хойш Нэгдсэн улс Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын ач холбогдлыг онцлох болсон. Өдгөө Монголын ардчилал, буддын шашин, Чин улсын ноёрхлын үеийн түүх, мэдээж хэрэг газар зүйн ойр байршил, байгалийн баялаг тус улсыг БНХАУ-ын Азид нөлөөгөө сэргээх, тус бүс нутаг дахь АНУ-ын байр суурьтай өрсөлдөх хатуу бодлогын бай болгоод байна.
1991 онд Монгол Улсад айлчилж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер хожим нь АНУ, Монголын харилцааг тодорхойлсон АНУ-ыг Монгол Улсын “гуравдагч хөрш” хэмээн зарлаж, шинэ хэллэгийг гаргаж ирсэн билээ. Хожим нь монголчууд “гуравдагч хөрш”-ийн бодлогыг гаргаж ирэн, гадаад бодлогынхоо Ази, Европын ардчилсан орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, эдгээр улсын тэргүүлдэг олон талт байгууллагуудын гишүүн болоход чиглэсэн зарчим болгосон. Тодруулбал, Монгол Улс өөрийгөө НАТО-гийн түнш хэмээн зарлаж, цэргийн эвслээс Ирак, Афганистанд явуулж буй ажиллагаанд цэргүүдээ оролцуулж байгаа.
Хэдийгээр АНУ-ын Монгол Улсын талаар баримталж буй байр суурь хувираагүй ч тус бүс нутаг дахь геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдсөөр. БНХАУ-ын Төв Ази дахь хөршүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгов. Эхэндээ гишүүн орнуудын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэж байсан тус байгууллага саяхнаас илүү нөлөөтэй болж, улс төрийн нэг стандарт эсвэл хэтийн төлөв давамгайлаагүй олон улсын ардчилсан системийг бий болгохоор зорьж байна. Энэ ойлголт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэлхийн ардчилсан хэм хэмжээ, барууны шүүмжлэлээс ангид хурдацтай хөгжихийг хүсэж буй бусад улс орон, үндэстнүүдэд танилцуулсан БНХАУ-ын улс төрийн шинэ загварын суурь юм.
Харин амжилттай яваа ардчилал аюул юм. Нэг талаар, Монгол Улс хөршийнх зүгээс улс төрийн тогтолцоонд нь ирэх дарамтыг эсэргүүцэх бүрэн чадвартай мэт харагдаж магадгүй. Ардчилал монголчуудын үндэстний нэг онцлог болсон. Бертелсманы сангийн мэдээллээр, монголчуудын 85-90 хувь нь ардчиллыг удирдлагын хамгийн шилдэг хэлбэр гэж үздэгийг санал асуулга харуулжээ. Гэвч газар авсан авлига улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэж, улс төрийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэлийг сулруулж байна. Улс төрийн албан тушаалыг ард олны итгэл гэхээсээ илүү эд баялагт хүрэх хэрэгсэл хэмээн харж байна. Ард иргэд нь гол хоёр улс төрийн намын товчлолыг нийлүүлэн гаргаж ирсэн манан гэх ойлголт нам дамнасан хэсэг бүлэг хүмүүс ард олны бус, хувийн эрх ашигт үйлчилж буйг илэрхийлдэг. Авлигатай тэмцэх үүрэгтэй байгууллагууд өөрсдөө авлигад автсан гэж үздэг. 2018 онд Бертелсманы сан авлигатай тэмцэх агентлаг “улс төрийн өшөө авах хэрэгсэл болж, улс төрийн ашиг сонирхолд үйлчилж байна” гэх алдартай үзэл санааг онцолж байсан.
Монгол Улсын эдийн засгийн хараат байдал нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байна. Монголын түүхий эд голдуу экспортын 85 хувь Хятад улсад ногдож байна. Байгалийн баялгаас хамааран Монгол Улсын эдийн засаг уналт, өсөлтийн мөчлөгт өртөмтгий. 2011 онд Монгол Улс дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засаг байв. 2017 оны дэлхийн эдийн засгийн уналт, түүхий эдийн эрэлт буурсан явдал, хариуцлагагүй төсвийн бодлого Монголыг Олон улсын валютын санд тусламж эрэн хандахад хүргэсэн. Гэтэл Дэлхийн хөгжлийн төв Монгол Улсыг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад оролцож буй найман орны нэг хэмээн тодорхойлсон. Бусад улсад өр зээл, Бээжингийн геостратегийн зорилго хоорондын холбоо тодорхой болсон байдаг. Жишээ нь, Шри Ланка Хамбантота боомтод зориулан Хятадын улсын банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээс болж БНХАУ-ын компанитай урт хугацааны түрээсийн гэрээ байгуулахаас өөр аргагүйд хүрч байсан. Энэ нь Шри Ланка улсын бие даасан байдлыг эрсдэлд оруулаад зогсохгүй ойролцоох усан замаар тээвэр хийх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлийг бий болгоод байна. Үүний сацуу Бээжин Монгол дахь эдийн засгийн нөлөөллөө мэдээлэл, сурталчилгааны хүчин чармайлтаар нэмэгдүүлж байна. Өдгөө Монгол улсад хятад хэлний багш нарын тоо 1991 оноос хойш тус улсад ажиллаж буй АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог давсан.
Далайд гарцгүй Монгол Улс усан зам байтугай Европт хүрэх таатай хуурай замыг ч санал болгохгүй. Гэсэн хэдий ч Монгол Улс стратегийн хувьд Хятадын ноёрхох эрмэлзэл Төвдийн буддын шашинд, ялангуяа хойд дүр тодруулахад өөрийн нөлөөллийг бий болгох эрмэлзэл хоёр огтлолцож буй газар учир чухал. Чин улсын эзэн хаад нийгэмд тайван байдлыг хадгалах үүргийг Монголын шашны тэргүүнүүдэд даатгадаг байсан. Шашны хүч, нөлөөг багасгах зорилгоор эзэн хаан Төвдөд болон Монголд хувилгаан дүр тодруулах үйл явцад өөрийн оролцоог бий болгох зорилгоор нэгэн арга нь нэр сугалах явдал байлаа. Үүнийг Далай ламын дүрийг тодруулахад хэрэглэсэн ч төвдүүд хүлээн аваагүй.
1995 онд Банчин ламын хойд дүрийг тодруулахад энэ аргаа дахин хэрэглэсэн. Банчин ламын энэхүү хуурамч дүр өдгөө Хятадын Коммунист намын Төвдийн Буддын шашны асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр 2019 оны тавдугаар сард анхны гадаад айлчлалаа Тайланд улсад хийж байсан. Банчин ламын жинхэнэ хойд дүрийн талаар мэдээлэл байдаггүй.
2016 онд Далай лам Монголд айлчлахад Бээжин хилээ хааж, Монголын эдийн засагт дарамт үзүүлж байсан. Улаанбаатарт байх хугацаанд Далай лам Х Богдыг тодруулсан гэдэг. Энэ нь мэдээж хэрэг Бээжингийн дургүйцлийг хүргэсэн. Эдийн засгийн дарамтыг зөөлрүүлэх үүднээс Монгол Улсын Гадаад хэргийн яам энэ засгийн газрын үед Далай ламыг Монголд дахин айлчлуулахгүй хэмээн амлаж, Төвд Хятадын салшгүй хэсэг гэх Бээжингийн байр суурийг дагасан юм. Энэ бол Бээжин Далай ламын дүрийг тодруулах асуудал дээр хэр хол явж чадахыг харуулсан дохио байлаа.
Гуравдагч хөршийн бодлого нь геополитикийн тэс өөр нөхцөл байдалд цагаа олсон, сайн бодож боловсруулсан эсэх талаар зарим нь асуудал тавьдаг. Харин Трампын засаг захиргаа үүний эсрэг байр суурийг нотлохыг эрмэлзэж буй. 2019 оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Доналд Трамптай Цагаан ордонд уулзсан. Ихэнх хэвлэлүүд Ерөнхийлөгч Баттулгын спортын карьерыг онцлон, морь бэлэглэдэг уламжлалыг дурдаж байсан. Гэтэл энэ айлчлал дипломат бодлогыг тодорхойлж, стратегийн түншлэлээр өндөрлөсөн.
АНУ Ази дахь эрх чөлөө, ардчилал баталгаажсан гэх үед Монгол Улсын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн. Шашин, түүх, ардчилалд суурилсан монгол үндэстний онцлог Бээжингийн бүс нутгийн амбицын бай болгож байна. Ардчилсан, тусгаар Монгол Улсын оршин тогтнол өдгөө Хятад улсын талаар баримталж буй АНУ-ын шинэ бодлогын амин чухал хэсэг болсон юм.
Эх сурвалж: The American Interest
Сэтгэгдэл ( 0 )