“Толь” сонины “Гол зочин”-оор Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэвийг урьж ярилцлаа. Тэрбээр улстөрчийн хувьд шинэ, залуу кадр хэдий ч хэлж буй байр суурь, хийж буй тэмцэл нь эрхгүй анхаарал татаж байгаа нэгэн билээ.
-Таныг “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн” гэдгээр хүмүүс мэднэ. Яг ямар мэргэжил, боловсролтой хүн бэ гэдгийг харин олон хүн мэдэхгүй байх. Энэ тухай мэдээлэл өгөхөөс яриагаа эхлэе?
-Миний хувьд “Их засаг” их сургуулийн харьяа “Чингис Соосе” Олон Улсын харилцааны сургуулийг “Олон улсын харилцааны мэргэжилтэн” гэсэн мэргэжлээр суралцаж төгссөн. Дараа нь 2008-2010 онд “Удирдлагын академи”-д Төрийн удирдлага, удирдахуйн ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед дүүргүүдийн иргэдийн хурлын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэдэг сэдвээр магистрын ажлаа бичиж байлаа. Магистраа хамгаалж төгссөний дараа дүүргийнхээ Иргэдийн хуралд нэр дэвшин сонгогдон ажилласан. Одоо МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд докторантаар суралцаж байна.
-Анх яаж улс төрд хөл тавьсан бэ. Яагаад заавал энэ замыг сонгов. Боловсролтой залуу хүнд мэргэжлийн ажлаа хийх өөр зам, өөр боломж мэдээж байсан л байх?
-Мэдээж боломжууд байсан. Сургууль төгссөнийхөө дараа ээжтэйгээ хамтарч ажилласан. Ээж маань музейд ажиллаж байсан хүмүүстэйгээ хамтраад “Монголын намтар судлалын төв” төрийн бус байгууллагыг байгуулсан хүн. Монголын өнгөрсөн үеийн түүхэнд болон энэ цагт өөр өөрийн салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүсийн намтар түүхийг судалж, баримтжуулж, архивлан үлдээх зорилготой байгууллага. Би тэндээс ажлын гараагаа эхэлсэн. Тэнд ажиллаж байхдаа Монголын нийгэмд үүргээ гүйцэтгэсэн олон мундаг хүний тухай өөрөөс нь ярилцлага авах, намтар түүхийг нь судалж, материал бүрдүүлэх байдлаар ажиллаж байлаа. Яг нам сонгох үедээ би 24 настай байсан. Энэ сонголтыг хийхэд миний хувь хүний бодол нөлөөлсөн л дөө. Намайг улс төрд орооч ээ гэж нааш татсан хүн байгаагүй . Тэр тусмаа ардчилсан намд орооч гэсэн хүн байхгүй. Миний аав, ээж, гэр бүлийнхнээс улс төрөөр явсан хүн байхгүй. Би өөрөө бодож байгаад л ухамсартайгаар улс төрийн сонголт хийсэн. Тэгээд аль намыг сонгох вэ гэдэг дээр бас их бодсон. Үзэл баримтлал, үнэт зүйл нь Монгол Улсын төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзлэл илүү оргилуун нам юм байна гэж бодож тухайн үедээ Ардчилсан намыг сонгосон. Ардчилсан нам дээр өөрөө очиж, элсэх хүсэлтээ гарган гишүүн болж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ намын үйл ажиллагаанд сонин тараах ажлаас нь эхлээд 10 гаруй жил зүтгэсэн байна. Гурван удаа сонгуульд нэр дэвшиж, ялж ялагдаж үзлээ. 2012-2016 онд дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож, улмаар бүлгийнхээ даргаар ажиллалаа. Намын ажлын бүхий л шатанд ажиллаж өнөөдрийг хүрсэн дээ.
-Таны сонголтод намын үзэл баримтлал, хэтийн зорилго нь нөлөөлжээ. Тэгвэл одоогийн Ардчилсан намын үзэл баримтлал, намын дүрэм таалагдахгүй байгаа учраас тэмцэл эхлүүлсэн гэж ойлгож болох уу?
-Миний бодсоноос өөр байгаа учраас тэмцэж байгаа. Бидний итгэл үнэмшил бол анх 1990 онд ардчилсан хувьсгалыг хийхэд манлайлж оролцоод, энэ улсыг орчин үеийн замаар хөгжүүлэх үзэл баримтлалтай, үүнийхээ төлөө энэ нам түүчээ нь болж явах юм байна гэж итгэж, үнэмшиж, сонгон, энэ олон жилийг намынхаа анхан, дунд шатны ажилд цаг заваа зарцуулж ирсэн. Гэтэл анхны зорилгоосоо ухарсан нь сүүлийн тав, зургаан жилд эрс анзаарагдах боллоо. Манай намын үзэл баримтлал өөрчлөгдсөн гэхээсээ илүү намыг удирдаж байгаа лидерүүд гэж хүлээн зөвшөөрсөн хүмүүс, эсвэл намын дарга нарын итгэл үнэмшил, үзэл бодол өөрчлөгдчихсөн. Тийм учраас л энэ хүмүүсийг алдаагаа засаач ээ гэдэг шаардлагыг олон удаа тавьсан. Засахгүй байгаа учраас тэднийг улс төрийн тавцангаас буу гэдэг шаардлага тавьж байна. Тэд сүүлийн үед “Шударга ёсыг бий болгоё, хүний эрх, эрх чөлөөг дээдэлье, улс орноо хөгжүүлье” гэдэг амлалт, зарчмаасаа яг эсрэгээрээ ажиллаж байна. Үүнийг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд нотолно.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний амьдрал сайжирсангүй. Гэтэл 30 жил гэдэг их хугацаа. Энэ хугацаанд улс орон үсрэнгүй хөгжилд хүрдэг шүү дээ. Тийм сайхан жишээнүүд олон. Гэтэл манай улсад иргэдийн цалин нь долларын өссөн ханштай харьцуулаад үзвэл хэвэндээ л байна. Нийт ард иргэдийн амьжиргааны түвшин яг л бахь байдагтаа, цалингаас цалингийн хоорон д , зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд, эдийн засгийн чадамж дээшилж байна уу гэвэл бас л үгүй. Улс орноороо өртэй, гадны аль нэг хөгжилтэй орон, хоёр хөршөөсөө гуйлга гуйдаг байдлаар явсаар эдийн засгийн олигтой өөрчлөлт хийж чадахгүй байна. Гадаад худалдаа нь дандаа ашиггүй гардаг. Өргөн хэрэглээнийхээ барааг Хятадаас авсан хэвээр л байна. Үйлдвэрлэгч орон болж чадсангүй. Ийм олон жишээгээр авч үзвэл манай хоёр намыг ээлжилж удирдсан ах нар үнэхээр дутуу дулимаг үүрэг гүйцэтгэжээ.
Тэр дундаа манай намыг удирдаж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд улс орноо хөгжүүлнэ гэчихээд энэ ажилд огт анхаарлаа хандуулж, хүч чадлаа зарцуулсангүй. Зөвхөн өөрсдөө хөлжихөд цаг хугацаагаа зарсан байна. Тэд эрх мэдэл, боломж, шийдвэр гаргах эрхийг зөвхөн өөрсдийнхөө амин хувьд л ашигласан гэж үзэж байгаа. Ганц би биш, манай намын жирийн гишүүд, залуучууд ингэж үзэж байгаа юм.
Нэгдүгээрт тэд амлалтаа биелүүлээгүй. Хоёрдугаарт хумсалсаар хумсалсаар хулгайч гэж гэдэг шиг танигдахын аргагүй баяжсан. Тухайлбал манай намын том лидер байсан Ц.Элбэгдорж Ардчилсан намын нэрийн өмнөөс хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллалаа. Энэ хүн өнөөдөр уран зургийн агуулахтай болох хэмжээнд баяжсан байна шүү дээ. Эрх мэдэлтэй байх хугацаандаа зөвхөн өөрийгөө л баяжуулах ажлыг хийсэн. Хуурсаар хуурсаар худалч гэдэг. “Шударга байцгаая” гэж ярьсаар хошгируулагч нэрийг олсон байна. Манай намын С.Эрдэнэ ч ялгаагүй. Тэдэнд ард түмэн итгээд л байдаг, АН-ын гишүүд дэмжээд л байдаг. Гэтэл нөгөө лидерүүд маань эргээд намынхаа гишүүдээс урвачихсан гэж бид үздэг. Үүнд АН-ын гишүүд ард түмэнтэйгээ ялгаагүй хохирогч болчихоод байгаа юм. Манай намын жирийн гишүүдэд Элбэгдоржтой нийлээд ард түмнээ хуурчихъя гэсэн бодол огтхон ч байгаагүй. Тийм учраас Ардчилсан нам дотор өнөөдөр маш дорвитой өөрчлөлт хийхгүй бол ард түмний дэмжлэг энэ намд байхгүй боллоо. Нэр хүндгүй ч боллоо. Тийм учраас залуучууд сүүлийн үед хүчтэй тэмцэж байна.
АРДЧИЛСАН НАМЫН ХОЙМОРТ ХУЛГАЙЧ, ДЭЭРЭМЧИД ГАРЧ СУУЧИХААД БАЙНА
-АН-ын ихэнх гишүүд нь намын одоогийн удирдлагуудын эсрэг, таны ярьж байгаатай адил байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. 10 залуу яриад суухад ес нь ийм бодолтой байна. Намынхаа гишүүдтэй уулзаад ярилцахад бүгд ингэж ярьдаг. Гэхдээ ил гараад энэ бүгдийг ярьдаг, илэрхийлдэг, даргынхаа улаан нүүр рүү харж байгаад хэлдэг хүн бол маш цөөхөн. Надтай уулзаад “Найз аа, дэмжиж байгаа шүү. Гэхдээ би дуугарч чадахгүй ээ” гэдэг. Гэхдээ одоо заавал хэн нэгэн энэ бүхнийг заавал хэлэх ёстой. Бид ингэж л бодож өнөөдрийг хүртэлх явсан бүх зүйлээ дэнчин тавиад явж байна. Зөв зүйлийн төлөө дуугарч байгаа гэдэг итгэл үнэмшил байгаа учраас айх хулчийх юм бол алга байна.
-Та “Зарим нь хэдийгээр буруу гэдгийг өөр зуураа ярилцдаг ч зориглож ил хэлж чаддаггүй” гэж ярилаа. Тэгэхээр улс төрийн тэмцлийг хийхэд зориг, эрсдэл гардаг байх. Яагаад тэдний эсрэг тэмцлийн замыг сонгосон юм бэ. Магадгүй “цүнх баригч” болоод шат ахих боломжтой юм биш үү?
-Намд олон янзын боломж байдаг. Цүнх бариад дээшилж байгаа хүмүүс ч байна. Хөдөлмөрлөөд хамт олондоо үнэлэгдэж байгаа нь ч бий. Энэ бол хувь хүний хүмүүжил, арга барил, суурь зан характер гээд олон зүйлээс шалтгаалдаг байх. Өнөөдөр цүнх бариад амжилттай яваа залуучууд манай нам дотор ч байна. Яг л теннисний бөмбөг шиг. Аль дарга нь дээшлэх гэж байна, түүн дээр очдог. Нөгөө даргаа унахаар дараагийн дарга руу гүйдэг, урваж шарвадаг. Энэ бол аль ч нам, хамт олон дунд байдаг үзэгдэл. Сайн, муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг хүний л орчлон, нийгмийн нэг хэсэг учраас урваж, шарвадаг нь ч байна. Тэмцэж, зохион байгуулдаг хэсэг ч байгаа. Тэгэхээр тухайн хүний л сонголт учраас тэднийг буруутгах аргагүй. Гэхдээ энэ хүмүүс нь олонх байж болохгүй. Мөн тэд намын шийдвэр гаргах түвшинд байж болохгүй.
Би яагаад тэр замыг сонгохгүй тэмцээд байна вэ гэхээр анхнаасаа худлыг тэвчдэггүй, хулгайг хүлцдэггүй хүмүүжлээс минь үүдэлтэй. Намд орсон цагаасаа даргатайгаа ч, цэрэгтэйгээ ч нэг л зангаараа харьцаж ирсэн. Анхнаасаа бид тэдэнтэй шууд тэмцээд эсэргүүцээд эхлээгүй юм шүү дээ. Тэднийг чинь олон жил лидер гэж хүлээн зөвшөөрч явсан. Энэ шинэчлэл ч өнөөдөр эхлээгүй. Бид анх 2015 онд намынхаа шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Тухайн үед манай нам олон фракцид хуваагддаг байлаа. Анх 2000 онд таван нам нийлэхдээ ингэж фракцилж шийдвэр гаргадаг дүрэм зохиочихсон. Ардчилсан намын “Үндэсний зөвлөлдөх хороо ” гээд 2 2 8 хүнтэй, бүх шийдвэрийг гаргадаг байгууллагад нам намын таван фракци байгаа учраас дүрмийн хүрээнд хүссэн хүсээгүй түүндээ тохируулсан заалт оруулаад байна гэдгийг бид олж харсан. Ингээд 2015 онд фракцийн системийг өөрчилж, үндсэн дүрмээ шинэчилье гэдэг санаачилга гаргаад “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”- ийг байгуулсан л даа.
Нам 2016 онд навсайтлаа ялагдсан. Намын их хурал болж дарга нар огцорлоо. Их хурал дээрээс намынхаа үндсэн дүрмийг шинэчилэх 33 хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж , ажиллалаа. Үүнд хөгшин залуу, туршлагатай туршлагагүй бүгд нийлээд ажилласан л даа. Би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар сонгогдож, бид ямар дүрэм хийсэн бэ гэхээр “Үндэсний зөвлөлдөх хорооо”-г задалж, тэнд шийдвэр гаргадаг дүрмийг болиулаад, бүх шийдвэрээ намынхаа гишүүд рүү шилжүүлсэн. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог болж, фракцилахыг нь дүрмээр устгаж өгсөн. Мөн “Үндэсний зөвлөлдөх хороо”-н дээр өөр нэг том эрх нь УИХ-д нэр дэвшигчдийг сонгодог байсан. Үүнийг нь задлаад намынхаа гишүүдээс сонгодог дүрэм бичээд өглөө. Аймаг, дүүргийн намын даргыг ч тэгж сонгодог болголоо. Албан тушаалын томилгоог нь ч тийм байхаар хийж өгөн. Тэгээд шинэ дүрэм батлагдаж, шинэ дарга ч сонгогдлоо, ажиллалаа. 2017-2019 он хүртэл дахиад хоёр жил харлаа. Гэтэл бодит байдал дээрдэх биш улам муудаад эхэлсэн. Тэд намын дүрмийг маань Дээд шүүхэд бүртгүүлэхдээ зохиож өөрчлөөд юу ч биш болгоод хаячихлаа. Өөрсдөө ч тэр дүрмээ мөрддөггүй. Тиймд энэ асуудал ганцхан дүрэмдээ биш, хүндээ байдаг гэдэг нь харагдлаа.
Ямар ч сайн дүрэм бичиж өгөөд нөгөө хулгайч хүн бол хулгайгаа л хийдэг, худалч бол худлыгаа л ярьдаг юм байна. Нөгөө хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч гэдэг шиг “манай ах нар” 30 жилийн хугацаанд тийм л болчихсон. Энэ 30 жилийн хугацаанд улс төрд явахдаа хүмүүс бохирддог юм байна. Гэхдээ 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхдаа одоогийнх шиг байгаагүй юм билээ. Өөрсдөө ч тэр талаараа ярьдаг. Ингээд бид энэ ах нарыг улс төрийн шийдвэр гаргах түвшнээс өөрчилж, буулгахгүй бол ямар ч нэмэргүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд энэ оны гуравдугаар сараас тэмцэж эхэлсэн. Асуудал дүрмэндээ ч, хүндээ ч байна. Энэ хоёр хүчин зүйлийг хоёуланг нь өөрчилж байж ахиц гарна.
- Ардчилсан намын "Шинэчлэлийн хөдөлгөөн” өнгөрсөн хавраас С.Эрдэнийг намын даргаас огцруулах 15 үндэслэл гаргаж, нэлээд ширүүн тэмцэж эхэлсэн. Та бүхний тэмцэлд ахиц, үр дүн гарсан уу?
-Тэмцлийн үр дүнд тодорхой ахиц гарсан. С.Эрдэнэ бол төлөөлөл нь. Намын удирдлагууд намаа удирдаж чадахгүй байгааг, улс төрийн шийдвэрийг намын гишүүдийн төлөө биш хувийнхаа эрх ашгийн төлөө хэрхэн хийж байгааг бүгдийг нь гаргаж, илчилж тавьсан. Одоо намын гишүүд маань бидэнтэй яг адил түвшинд энэ талаар мэдээлэлтэй болсон. Намыхаа удирдлагын буруу шийдвэрүүдийг бүгдийг нь мэдэж авлаа. Намын нийт гишүүд үүнийг мэдэж, ойлгож авсан гэдэг хамгийн том ахиц. Нам гэдэг чинь хувьцаат компани биш, олон нийтийн байгууллага шүү дээ. С.Эрдэнэ АН-ын 100 мянга гаруй гишүүдийн нэг нь. Түүнийг 2016 онд намын даргаар сонгохдоо намд олон жил явсан, махруу ажилсаг хүн гэдгийг нь харж, С.Эрдэнэ гэдэг “менежер” тавьсан. Нөгөө хүн нь нийт гишүүдийнхээ хэлсэн захиснаар биш, итгэл үнэмшлийнх нь эсрэг яваад эхлэхээр тэр хүнийг солих эрх нь гишүүдэд бас л нээлттэй. Сонгож болсон юм чинь мэдээж огцруулж болох ёстой. Намын гишүүд үүнийг одоо ойлгосон учраас сонгуулиас өмнө түүнийг солих сонголт тулгарч байна.
Бүрэн хэмжээнд үр дүнд хүрэхийн тулд С.Эрдэнийг өөрчлөх ёстой. Тэгээд хулгайч, худалч биш, урвагч биш намын даргатай болох нь чухал байна. Та түрүүн 15 шаардлагын тухай асуулаа. С.Эрдэнэд бол маш олон удаа шаардлага өгсөн. Эхнийх нь тэр 15 шаардлага. Намаа хагалж хоёр хуваасан, УИХ дахь бүлгээ тараасан, намынхаа нэр хүндийг унагасан гээд улс төрийн 15 том алдаа нь байгаа юм. Манай намын дарга чинь сар бүрийн судалгаагаар хамгийн муу рейтингтэй улстөрчөөр нэрлэгдэж байна. Ардчилсан нам хамгийн өндөр рейтингтэй байсан. Эрдэнэ намын дарга болсноос хойш тэр хүний рейтинг өсөөд намынхаа рейтинг дээр очихын оронд намынхаа рейтингийг өөрийнх дээрээ татаж авчраад хамгийн муу рейтингтэй нам болгочихоод байна. Ийм л авьяастай улстөрч. Намын рейтинг, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Худалдаа хөгжлийн банк, Капитал банкны асуудал, Нийгмийн даатгалын сангийн асуудал гээд 15 зүйлээр “С.Эрдэнэ бол намын дарга байхад зохимжгүй, яагаад ч болохгүй улстөрч юм байна” гэдгийг гаргаж тавьсан. Энэ шаардлагыг өнгөрсөн тавдугаар сард өгсөн. Хариу өгөөгүй алга болсон л доо. Бид нам дээр шаардлагаа гардуулах гэж, шаардлагын хариугаа авах гэж очсон. Очихоор хаалгаа түгжчихдэг. Бид сарын өмнө дахиад шаардлага өгөх гээд орлоо. Мөн л байхгүй. Ингээд бултчихаад байдаг юм. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг энэ шаардлагыг сонсоод, хүлээж авч ойлгох чадваргүй хүн, нөгөө бол тийм хүсэлгүй хүн юм байна.
-С.Эрдэнийн зүгээс танд ямар нэг байдлаар дарамт, сүрдүүлэг ирж байсан уу?
-Улс төрийн тэмцэл бол хүн бүр зориглоод барьж аваад байх тоглоом биш. Манай намын, миний үеийн залуучууд ч хэлдэг. “Найз нь бол чадахгүй нь ээ. Энэ надад хатуудаж байна” гэдэг. Мэдээж тиймэрхүү асуудал байгаа. Гэхдээ надад хэвлэл мэдээлэлд хэлээд байх шаардлага алга. Ил болсон хоёр гурван асуудлыг хэлэхэд Эрдэнэ намайг хоёр дахь удаагаа цагдаад өгчихөөд байгаа. Зургаадугаар сард өгсөн, саяхан бас өгсөн. Миний хувьд анхнаасаа ийм хэмжээний эрсдлүүд гарна гэдгийг мэдэж байсан болохоор тоодоггүй. Надад хийсэн хэрэг алга. Байсан бол тэд ухаад гаргачих байлгүй. Айгаад байх зүйл байхгүй ээ.
Одоо нам маань хоёр хуваагдчихлаа. УИХ-д бүлэггүй болчихсон. Энэ шүүмжлээд, дуугараад байгаа нөхдүүд шинэ нам байгуулаад гараад явчихаасай ч гэж Эрдэнэ хүсдэг юм шиг байгаа юм. Намын гишүүд бид ирэх сонгуулийн наана ч бай, цаана ч бай Эрдэнэ гэдэг хүнээс заавал сална л даа. Ер нь наана нь салчих байх гэж бодож байгаа. Огцруулж байж энэ улс төрийн намуудад өөрчлөлт бий болно. Ардчилсан нам чинь эрх барьдаг, олон нийтийн дэмжлэг авч Засгийн эрх барих хэмжээний нам шүү дээ. Тийм учраас энэ намаар дамжаад дөнгөтэй, мөнгөтэй, хувийнхаа ашиг сонирхлыг хөөцөлддөг тийм хүмүүс улс төрд гарахгүй байх ёстой гэсэн хатуу байрь суурь, итгэл үнэмшил байгаа юм. Нэгэнт бохирдчихсон хүн буцах аргагүй л дээ. Тийм хүмүүсээ улс төрийн тавцангаас буулгаж, зайлуулах хэрэгтэй юм байна лээ. Энэ бол олон нийтийн захиас даалгавар, хүсэл нь. Нам ард түмнээсээ холдох тусмаа л дэмжлэггүй болж, улс төрийн тавцангаас арчигддаг. Нам гэдэг олон нийтийн байгууллага учраас дотроо дархлаатай байх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотроо засч чаддаг байх ёстой.
Ардчилсан нам өнөөдрийг болтол 30 жил боллоо. Энэ дунд олон зүйл үзсэн. 1996 онд олуулаа ялж үзлээ. Засгаа унагааж тоглоод, 2000 онд навсайтлаа ялагдаж үзсэн. 2004 онд хамтарсан Засгийн хэмжээнд очих хүртэл намаа дахин нэгтгэж үзлээ. 2012 оноос бас л хэтэрхий аархаж байж 2016 онд навсайтлаа ялагдлаа. Өнөөдрийн хувьд Ардчилсан намд дахиад сорилт тулгарчихсан л даа. Хулгайч дарга нараасаа сал гэдгийг ард түмэн хэлж, нам дотроо шинэчлэлт өөрчлөлтийг хий гэдгийг ард түмэн захиж байна. Энэ бүгд манай намд тулгарч байгаа нэг л сорилт. Нийт гишүүд хүсэж, ард түмэн хүлээж байгаа учраас үүнийг АН даваад гарах ёстой. Тэгээд цаашаа явна л даа. Гол нь АН нэг хүний нам биш байхгүй юу.
- Энэ намд яалт ч үгүй өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй гэж яригдах болсон. Харин шинэчлэлийн “Жанжин туг” нь таныг гэж нэгэн сэтгүүлч тодорхойлсон байсан. Үнэхээр та намынхаа жанжин туг нь болж, өөрчлөлтийг хийж чадах уу?
- Би өөрийгөө тийм мундгаар бодохгүй байна. Гэхдээ надад энэ намыг зайлшгүй өөрчлөх ёстой гэсэн хатуу итгэл, үнэмшил байгаа.
Миний хувьд болоод миний үеийн залуучуудын хувьд энэ намд ороод 10 гаруй жил хөдөлмөрлөчихсөн, сайн муу бүгдийг харж чаддаг болчихсон байна. Яаж засахаа ч бас олж харсан. Өдрөөс өдөрт биднийг дэмжиж байгаа намын гишүүд, ахмадууд захиж байна. “1990 онд бидний хүсэж байсан зүйл яг энэ биш шүү. Та нар минь өөрчилж өгөөч ээ” гэсэн захиас их ирж байгаа. Үеийн залуучууд маань ч бид өөрчлөхгүй бол хэн өөрчлөх вэ гэсэн хариуцлагыг ухамсарлаж байна. Өдрөөс өдөрт намын гишүүдийн дэмжлэг нэмэгдэж байгаа учраас энэ өөрчлөлтийг хийж чадах итгэлтэй байгаа.
Бид хувь заяандаа эзэн болох ёстой. Энэ чинь бидний амьдралын сонгосон зам, зорилгын нэг хэсэг шүү дээ. Мэдээж өнөөдөр бусад нам руу давхиад очихгүй. Шинэ нам байгуулаад улс төрд явъя гэхэд энэ хэмжээний цаг хугацааг туулахад адилхан л эрсдэл туулна. Тийм учраас миний нэг хэлдэг үг байдаг. “Гэр дотор хулгайч дээрэмчид хойморт гараад суучихаад байна аа. Гэр орноо хаяж зугтаад яах вэ, тэд нартайгаа үзэлцэе ээ” гэсэн тийм л философиор явж байгаа.
Энэ намыг хэн цааш нь авч явах вэ гэдэгт нэр дурдаад яахав. Мэдээж шударга, зүрх зоригтой, улс орныхоо хөгжил дэвшлийг нэгдүгээрт тавьж чаддаг, тийм л боловсролтой хүмүүсийн хэсэг нь энэ намыг удирдах ёстой. Тэр хэсэг л энэ намын жанжин туг болж түүчээлж авч явна. Нам дотор урвадаг, шарвадаг, айдаг, хойгуур нь явдаг тэр хэсэг нь цөөхөн байж, бусдыгаа дагаад явж байх ёстой. Одоо бол Ардчилсан намд шинэ ирээдүй хэрэгтэй. Үнэт зүйлтэй, үүнийгээ урдаа тавьдаг улс орноо хөгжүүлье, хамтдаа зүтгээд намаа аятайхан болгоод авчихъя, нийгмээ өөрчилье гэдэг ийм л шинэ ирээдүй зорилго Ардчилсан намд хэрэгтэй байна. Энэ шинэ зорилго дээр, үнэт зүйл дээр нэгдсэн тийм эв нэгдэл бас хэрэгтэй. Гэхдээ одоогийн наймаалцдаг, торхиролцдог, хуйвалддаг, албан тушаал дээр цугласан эв нэгдэл биш шүү.
Зорилго үнэт зүйл, нэгдсэн эв нэгдэл, хариуцлага, сахилга бат гэсэн гурван зүйл Ардчилсан намын ирээдүй гэж харж байгаа. Энэ шинэ ирээдүйг бүтээх хүсэлтэй олон хүн энэ намд байна. Урдаа гарсан энэ саад бэрхшээлийг зад цохиод цааш явах байх гэж харж байгаа. Баабар гуай С.Эрдэнийг намын дарга болох үед “За Эрдэнийн үед АН ёроолдоо тулах юм байна. Түүний дараа АН сэргэх байх аа” гэж хэлж байсан. Аливаа зүйлийн зүй тогтол тийм байдаг. Байгууллага, хамт олны ч тэр. Улс орны ч тэр. Улс орон авилгад идэгдэж, түшмэдүүд нь урваж, ингэж хүчгүйдэх үе байдаг. Түүний дараа бол мэдээж сэргэж, мандаж, урагшаа явдаг. Ардчилсан нам 30 жилийн түүхэнд өнөөдөр хамгийн хүчгүй байдалдаа хүрээд байна. Үүнээс цааш дахиад доошоо зам байхгүй. Үүний дараа болохгүй зүйлээсээ салж, эвлэрч, нэгдэж, зорилгоо тодорхойлж, сэргэж, урагшаа зүтгэх тийм л үе байгаа гэж харж байгаа. Энэ бол Ардчилсан намын шинэ ирээдүй.
-Та бүхний тэмцлийг жирийн гишүүд, ахмадуудаас гадна АН-ын өнөөдрийн лидерүүд гэгддэг хүмүүс дэмжиж байгаа юу. Эсвэл тэр хүмүүсийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байна уу?
-Ер нь аливаа нийгэм урагшаа л явах ёстой. Манай намын лидерүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүгдээрээ ээлжлээд намын болон төрийн хариуцлагатай албан тушаалыг хашчихсан. Нэг нь ч үлдээгүй. Тэд хоорондоо бас их эв найрамдалтай. Бүгд ээлжлээд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн, сайд, дарга бүгдийг хийчихсэн. Гэтэл харин намд тийм ч сайн түүх байхгүй, бүтэл муутай түүх л байна шүү дээ. Одоо бол бидэнд арагшаа харах шаардлага алга. Шинэ гишүүд маань урагшаа хараад явах ёстой. Харин тэр хуучин хүмүүс эхлээд албан тушаалынхаа амбицаас татгалзчих. Тэгээд эрүүл саруулаар юмыг харж байгаа бол сайн зөвлөгч болох хэрэгтэй. Би бол хойшоо биш, урагшаа харж явъя л гэж боддог. Хуучин лидерүүдээсээ ухаад гаргая ч гэсэн одоо АН-ыг аваад явах хүн байхгүй. Энэ намд эрүүл сэтгэхүйтэй, албан тушаалын хэнээ тусчихаагүй, өнгө, мөнгөнд нүд нь сохорчихоогүй, нэг зорилготой, хамт олондоо үнэнч хүн хэрэгтэй. Ялагдвал хамт ялагдаж чаддаг. Ялбал хамт ялж сурах хэрэгтэй. Тэгэхгүй теннисний бөмбөг шиг хоёр гурван тийшээ савлаад, ойж буугаад байж болохгүй л дээ. Монголчууд хэлдэг шүү дээ. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж. Үнэн бол цаг хугацаагаар шалгарч ялдаг л даа. Хүмүүс, баг хамт олон, зорилго зарчимдаа үнэнч байвал олонхийн дэмжлэгийг нэг л өдөр авдаг. Ер нь урагшаа л явъя гэсэн байр суурийг байнга хэлдэг л дээ.
-Та бүхэн хэдийгээр намаа шинэчлэхийн тулд намын даргаа огцруулах шаардлагыг тавьж байгаа ч суудлаасаа буухгүй байгаад байна. Яаж тэднийг намын удирдлагаас буулгах вэ?
-Ер нь хамгийн энгийн бөгөөд оновчтой арга бол ард түмэн сонгохгүй байх шүү дээ. 2020 оны сонгууль болох гэж байна. Хулгай хийгээд л, худлаа яриад зурагтаар гараад байдаг хэдэн улстөрчдийг нам харгалзахгүйгээр сонгохгүй байх хэрэгтэй. Ер нь улстөрчдөд хоёр, гурван удаа гэж байх ёсгүй. Амалсанаа биелүүлж чадаагүй бол хариуцлагыг нь ард түмэн тооцох хэрэгтэй. Тэд харамсалтай нь их башир аргатай болчихсон хүмүүс. Мөнгө төгрөг тараана, яаж ийж байгаад л сонгогддог. Ийм технологиуд нь байгаад байгаа учраас энэ хүмүүс дахин дахин сонгогдоод байгаа юм. Өмнө нь бид нам дотроо нүд чихээ таглаад явдаг байлаа. Одоо бол ил тод хэлнэ. Хэрвээ энэ хүмүүс суудлаасаа буухгүй, намын тамга атгачихаад дахиад ирэх сонгуульд өөрсдийгөө нэр дэвшүүлээд явбал ард түмэндээ уриалга гаргана. “Тэр хүмүүс тийм асуудалтай, битгий сонгоорой” гэж ард түмэндээ хэлнэ.
Өөрийн нам гэж ялгахгүй. Манай намын гишүүд ч тэдний төлөө сонгуульд нь ажиллахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хэдийгээр намын лидер байсан ч гэсэн энэ удаа саналаа өгөхгүй ээ, сонгуульд нь ажиллахгүй ээ. Адр түмэн маань шударга хүмүүсээ сонгох цаг үе нь ирчихсэн байна гэж харж байгаа. Мэдээж нам дотроо наана нь бүх боломжит арга замаар тэмцэнэ. Нам байгууллага учраас дүрэм, журамтай. Үүндээ бид бас баригдаж байна л даа. Дүрмийн хүрээнд өөрийнх нь хүсэлтээр огцруулчихъя гэж их л үзэж байна, уг нь. Болохгүй бол өөр арга замууд бодно оо, сонгуулиас өмнө.
-Гэхдээ одоо л огцруулахгүй бол АН ирэх сонгуульд С.Эрдэнэ даргатайгаа орох нь тодорхой болчихсон юм биш үү?
-Яах вэ, манай нам чинь бас зодоон цохионоо ил хийдэг. Хүнээр бол их эмоцилог нам шүү дээ. Манай нам сонгуулийн өмнө намын даргаа олон сольж байсан даа. Сонгууль зургаадугаар сард болно. С.Эрдэнийг огцруулах цаг хугацаа бол байгаа. Мэдээж бид намынхаа баярыг хүндэтгээд нэг хэсэг харж байна л даа. Ганц намын баяр ч биш. Энэ чинь ардчилсан хувьсгалын баяр юм шүү дээ. 1990 онд хаалттай нийгмээс тайван замаар нээлттэй нийгэмд шилжиж, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө гээд мэдээж санасандаа хүрээгүй ч ахиц гарсан. Энэ бол Монголын ард түмний ололт амжилт, хийсэн үйл хэрэг. Яахав, тухайн үед Ардчилсан намын одоогийн энэ хүмүүс манлайлсан үүрэг оролцоо байсан. Түүнийг нь ч ард түмэн хангалттай үнэлж, хүндэтгэсэн. Хүндэтгэл, итгэлийг нь даагаагүй болохоос биш. Энэ бол ард түмний л баяр. Тэгэхээр бид ардчилсан хувьсгалынхаа баярыг хүндэтгэж байна. Удахгүй С.Эрдэнийг огцруулах ажилдаа орно.
-Өнгөрсөн сонгуулиудаас харж байхад эрх баригч намынхаа алдаан дээр дөрөөлж АН, МАН хоёр дөрвөн жилийн циклээр ээлжлээд төрд гарах магадлал нь ихэсдэг. Энэ дагуу 2020 оны сонгуульд АН боломж байгаа. Гэтэл одоо намын удирдлагад байгаа хүмүүсийг харахад ард түмний дэмжлэг авахааргүй харагдаж байна. Тэгэхээр АН дахиад ялагдчих юм биш үү?
-Ер нь таны хэлдэг зөв л дөө. Ард түмний дунд аль нэг нам гэхээсээ илүү төрд хэрэгтэй, төрийн хүн олж сонгох тийм л эрэл хайгуул явж байна шүү дээ. Одоо манай нам 2020 оны сонгуульд яг энэ чигээрээ яваад л орвол та хэн нэр дэвшихийг мэдэж байна уу? Элбэгдорж, Эрдэнэ, Эрдэнэбат, Хурц, Сайханбилэг, Баярцогт нараас эхлээд дэвшинэ. Ийм л юм болно. Тэгэхээр намын гишүүд бид дахиж энэ хүмүүсийг сонгуулахын төлөө ажиллахгүй. Тийм учраас заавал Ардчилсан нам ялах ёстой гэсэн асуудал биш. Нөгөө талд нь Ардын намыг ялуулчихъя гэхэд бас л хүнд байна. Нөгөө л Ц.Нямдорж гарч ирээд л худлаа ярина. 20 жил Хууль зүйн сайд хийлээ шүү дээ. Бас дахиад л нөгөө ЖДҮ-чид сонгогдох юм уу. Тэгэхээр ерөөсөө нам харгалзахгүй ард түмний хүсээд байгаа төрийн хүнийг олж сонгох нь зөв л дөө.
Хэрвээ үнэхээр Ардчилсан нам өөрчлөгдөж, шинэчлэгдээд, энэ бохирдсон улстөрчдөөсөө салсны дараа бол намаа олонх болгож, ялуулахын төлөө явна. Түүнээс гадна, хоёр нам бие биеэ буруутгаж ялах гэдэг чөтгөрийн тойрог шиг улс төрөөсөө салмаар байгаа юм. Миний бодлоор Монголын нийгэм хэтэрхий их сонгууль, улс төржилт дунд хөл алдаж байна гэж хардаг. Дөнгөж Их хурлын сонгууль дуусч байтал намар нь орон нутгийн сонгууль гээд л болдог. Орон нутгийн сонгууль гээд хөл толгой нь мэдэгдэхгүй, орон даяар явагдаж, Засаг даргаа солино, ИТХ-аа солино гээд л явж байтал хавар нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхйлөгчийн сонгууль дөнгөж дуусаад шинэ Ерөнхийлөгч гарч ирээд өмнөх Ерөнхий сайдаа огцруулж засгаараа тоглож байтал дараагийн сонгууль болчихдог.
Сая Үндсэн хуулийн өөрчлөлтөөр их хүлээлт байлаа. Гэвч талаар л боллоо. Энэ хэтэрхий их улс төржилтөөсөө манай улс салах ёстой. Дээрээс нь улс төрийн тогтвортой байдлыг бий болгох ёстой. Хоёр хөрш маань гэхэд тав, таван жилээр бодлогоо төлөвлөдөг. Урд хөршид нэг гарч ирсэн дарга бол нэг удаа таван жил, дахиад таван жил тогтвортой ажилладаг. 10 жил засгийн эрх бариад ямар ч мундаг удирдагч байсан дараагийн үедээ эрх мэдлээ шилжүүлдэг. Гэтэл манай намын дарга нар 30 жил завсаргүй төр барьчихаад буухгүй, “Одоо л яг ажил хийх гээд байна” гээд сандлаасаа зуурчихаад суугаад байдаг. Энэ бол үнэхээр худлаа. Одоо боль, буу. Хойд хөршид бол Ерөнхийлөгч нь зургаан жилээр сонгогддог. Сая бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог боллоо. Энэ бол нэг ахиц мөн. Миний бодлоор парламентаа таван жилээр сонгодог болох ёстой байсан. Энэ хооронд улстөржилт багасна. Засгийн газар гарч ирээд мөрийн хөтөлбөрөө таван жилээр төлөвлөөд явахад энэ хугацаанд ямар ч том төслийг хэрэгжүүлээд үр дүнг нь харах боломжтой. Ингэж тогтвортой байдлыг нэгдүгээрт бий болгох ёстой юм. Хоёрдугаарт хариуцлага бий болгох ёстой байсан. Ийм зүйл бас харагдаагүй. Гуравдугаарт бол эрх мэдлийн хуваарилалт талаасаа байнгын бие биеэ мэрж байдаг, эсвэл тохиролцдог байдлаасаа салах ёстой байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гээд хэн нь эрх мэдэлтэй юм бэ, хэн нь хариуцлага хүлээх нь ерөөсөө мэдэгдэхүй. Хууль тогтоох ажилд Засгийн газар ч орж л байдаг, Ерөнхийлөгч ч оролцож л байдаг. Сайд томилох Засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх ажилд Их хурал ч орж байдаг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч оролцож байдаг. Энэ мэт олон асуудлаа нэг мөр засах ёстой байсан.
С.ЭРДЭНИЙН 100 САЯ ТӨГРӨГИЙН ДЭНЧИН БОЛ
“60 ТЭРБУМЫН ХЭРЭГ”-ТЭЙ ЯГ АДИЛ ЗҮЙЛ
-Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшихийн тулд дэнчингийн асуудал байдаг талаар та хэвлэлд ярьж байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ байгаа юу?
-Бидний С.Эрдэнэ даргад дургүй байгаа нэг шалтгаан бол наад мөнгөний асуудал болчихоод байгаа юм. Энэ хүмүүс намын дотоод сонгуулийг өмнө нь зардалгүй хийдэг байлаа. Нэр дэвшигчдээс зардал болгож 50, 60 мянган төгрөгийн хураамж аваад л намынхаа дотоод сонгуулийг хийчихдэг байсан. Одоо бол С.Эрдэнээгийн мөнгө угаадаг нэг арга хэрэгсэл нь болж хувирлаа. “Үндэсний бодлогын хороо”-ны сонгуульд нэр дэвшигч нөхдүүдээс “Сонгуулийн зардал” гээд гурван сая төгрөгийн хураамж авч байна. Намын доторх Ардчилсан залуучуудын холбооны даргаа сонгоход нэр дэвшигч нь 125 сая төгрөг тушаах шаардлага тавьсан. Энэ бол эрүүл бус үзэгдэл. Зүгээр залуучуудын холбоо дотроосоо даргаа сонгоход яагаад ийм хэмжээний мөнгө төлөх ёстой юм бэ. “Тийм хэмжээний мөнгөтэй бол чи намын залуучуудын холбооны дарга болох эрхтэй” гэдэг тулгалт байхгүй юу. Энэ бол маш буруу үзэгдэл. Энэ нийгэмд чинь 125 сая төгрөгтэй хүн ховор ш дээ. Сард нэг сая төгрөгийн цалин авч байгаа залуу яаж тэр намын сонгуульд орох юм бэ. Тэгэхээр Ардчилсан нам олон нийтэд хаалттай нам болчихоод байгаа байхгүй юу, яг үнэндээ.
Хамгийн сүүлийн жишээг нь хэлье. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхийн тулд 100 сая төгрөг тушаа, дараа нь өргөдлөө бичиж өг гэж байгаа юм. Энэ нь яг нэр дэвшинэ гэсэн үг биш, зөвхөн өрсөлдөөнд орохын тулд. Тэгээд та нэр дэвших эрхээ авч чадахгүй бол 100 сая төгрөгийг чинь буцааж өгөхгүй гэж байгаа юм. Бараг дээрэм байгаа биз дээ. Нэгдүгээрт дээрэм, хоёрдугаарт энэ бол төр талаасаа харах юм бол Засгийн эрх мэдлийг, албан тушаалыг мөнгөөр үнэлж зарж байна л гэсэн үг.
2016 онд Ардын нам 60 тэрбумын схем гаргаж, үүнд нь манлайлан оролцсон хүмүүс шоронд орж, хуулийн хариуцлага хүлээлээ шүү дээ. Яг ингэж байхад нөгөө талд нь манай нам 100 сая төгрөгийн асуудал гаргаж ирж байгаа юм. Энэ бол яг түүнтэй адил үйлдэл. УИХ-ын суудлыг 100 сая төгрөгийн босго тавьж үнэлж эхэлж байна. Эрдэнийн энэ арга барил цаашаа үргэлжлээд сайдын суудал, дэд сайд, агентлагийн даргын суудлыг хэдээр үнэлэхийг таах аргагүй. Тэгэхээр энэ МАНАН гэж бидний яриад байгаа чинь бодитой оршиж байгаагийн нотолгоо энэ л дээ. Сая 2016 онд Ардын нам энэ схемийг ажиллуулаад, засгийн эрх авчихсан. Тэр МАНАН-гийн нэг хэсэг нь өнөөдөр Ардчилсан намын толгойд байгаа. МАНАН-гийн төлөөлөл Эрдэнэ, Элбэгдорж, Эрдэнбат бүгд мөн шүү дээ.
Одоо манай намын хэрэг эрхлэх газрын даргын албыг Худалдаа хөгжлийн банкны хүн хашиж байна. Ерөөсөө Худалдаа хөгжлийн банк болон Элбэгдорж, Эрдэнээгийн тойрон хүрээлэгчид манай намын бүх удидлагын аппаратад байгаа. Нэр дэвших эрхээ хүлээгээд манай намын үндэсний бодлогын хороонд бүгд байж байна. Тэгэхээр МАНАН гээд байгаа нөгөө бүлэглэл чинь яг 2020 оны сонгуулиар манай нам дээр тэр мөнгөнийхөө схемийг ажиллуулаад, өөрсдийгөө нэр дэвшүүлээд, ямар ч үнээр хамаагүй дахиж төрийн эрхэнд гарах, эрх мэдлээ хадгалж үлдэх, ийм төлөвлөгөө явж байна. Үүний нэг жишээг хэлэхэд л саяны 100 саяын асуудал. Яг 60 тэрбумын адил. Ийм байгаа учраас л бид өмнөх шигээ тэмцэхгүй, хараад сууж тэвчихгүй байгаа юм. Хэрвээ энэ байдлаараа яваад энэ хүмүүс нэр дэвшдэг юм бол бид нэр цэвэр 76 хүнээ нэр дэвшүүлнэ ээ. Тийм арга хэмжээг хүртэл авахаас өөр аргагүй болно. Энэ урвадаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг Монгол төрийн босгыг дахиж давуулж болохгүй. Ялангуяа Ардчилсан намаас давах ёсгүй. Ийм хатуу байр суурь байгаа. Энэ мэт мөнгөний асуудалтай холбоотой өөр олон жишээ байгаа.
100 саяын асуудал чинь Улс төрийн намын тухай хуулийг илт зөрчихсөн асуудал шүү дээ. Одоогийн улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлийг 1.3-т “Улс төрийн нам өөрийн гишүүнээ төрийн сонгуульд нэр дэвшихэд нь үндэс угсаа, боловсрол, гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүйгээр тэгш боломж олгоно” гэсэн заалт байдаг. Тэгэхээр наад захын хуулиа зөрччихсөн үйлдлийг улаан цайм хийгээд явж байгаа юм. Цайрчихсан хүмүүс л дээ.
-Тэгэхээр яалт ч үгүй л нэг үе солигдох болчихжээ. Та үе солигдох тал дээр ямар бодолтой байдаг вэ. Шинэ үе гарч ирэхдээ заавал өнгөрснөө үгүйсгэх хэрэг байна уу?
- Энэ бол өнгөрснөө үгүйсгэсэн зүйл ерөөсөө биш. Бид энэ хулгайч, дээрэмчин хүмүүстэй л тэмцэж байна гэж хардаг. Ардчилсан хувьсгалыг хийхэд манлайлан оролцсон, жагсаал цуглаанд орсон манай намын ахмад гишүүд өнөөдрийг хүртэл 1990 онд гаргаж тавьж байсан хүмүүнлэг, шударга ардчилсан нийгмээ байгуулъя гэсэн хүсэл зорилго дээрээ, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн хүсэл зорилго дээрээ үнэнч байж л байна. Тэр хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс ирж албан тушаал аваагүй, төсвийн мөнгийг хулгайлаагүй. Өөрийн урдах амьдралаа яг л ард түмний адилаар болгоод л, ажиллаж хөдөлмөрөөд явж байна. Бид тэр ахмад үеэ хүндэлдэг, үгийг нь сонсдог. Харин энэ намын удирдлагад байгаа хүмүүс чинь тэд биш л дээ. Энэ хүмүүс чинь эрх мэдэл, мөнгөний дон тусаад хэнээс ч хамаагүй урвадаг, шарвадаг, нам дамжсан хүмүүстэй хуйвалддаг ийм хүмүүс болчихсон. Тэдний эсрэг тэмцэж байгаа юм. Түүнээс бид ахмад үеэ огт үгүйсгээгүй. Харин ч тэднийхээ заавар зөвлөгөөг сонсож байна. Өнгөрсөн зун бид 10-аад аймгаар ажиллаж, намын гишүүд, ахмадуудтайгаа уулзлаа. Тэд маань биднийг дэмжиж үгээ хэлж, захиасаа захиж байна. Аливаа тэмцэлд бол маш их цаг хугацаа хөдөлмөр ордог юм шүү. Эцсийг нь үзээрэй гэдэг захиасыг өгсөн. “Энэ намаа өөрчлөөрэй. Дараа нь улс орныхоо төлөө 1992 оны үндсэн хуульд тусгагдсан тэр үнэт зүйлүүдийг бий болгохын төлөө зүтгээрэй” гэж захисан.
Бид одоо ба йга а Үндсэн хуулиа ч хэрэгжүүлэхгүй төртэй байна шүү дээ. Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр намуудын удирдлагыг барьчихсан хэдэн эрх мэдэлтэй, маш их мөнгөтэй хүмүүс даалуу өрж байгаа юм шиг өрж тоглоод, өөрсдийнхөө хүмүүсийг төр засагт гаргачихдаг. Энэ 76 гишүүнд чинь 10-аад гишүүнтэй бүлэглэл байхад л бүх шийдвэрийг гаргачихаж байна. Өөрсдийн компаниа дэмждэг. Буцаад улстөрчдийг худалдаж авдаг, намын удирдлагуудыг барьцаалдаг ийм ажлыг хийж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн 6.1 дээр байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн хаана байна? Ард түмэнд байгалийн баялгаас наалдсан зүйл байхгүй. Хэдхэн том олигархиуд, эрх мэдэлд ойр хүмүүс лиценз болгоод авчихсан, түүнийгээ гадна, дотныхонд зарчихдаг. Хамтраад Монголын газрыг ухчихаад нөхөн сэргээлт ч хийхгүй хаячихдаг. Ийм л байдалтай байна.
Өнөөдөр намууд нь барьцаалагдчихсан, улстөрчид нь бохирдчихсон, хуйвалдааны төр бий болчихсон. Улсын шийдвэр гаргах болгондоо л хоорондоо тохиролцдог, улсын төсөв батлахдаа, сайд дарга томилохдоо хүртэл тохиролцож байна шүү дээ. Энэ бүгдрийг зүгээр хараад сууж болохгүй. Намуудын удирдлага гээд байгаа хүмүүс нь бизнесмэнүүдийн барьцаанд орчихсон. Эхлээд эд нар хууль шүүхийн байгууллагаа захиалж хөдөлгөдөг байсан бол одоо эргээд тэдэндээ барьцаалагдсан. Ийм л байгаа.
ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД ТӨРИЙН АЛБЫГ ХАЯЖ ЯВСАН НЬ ХОЖИЖ БАЙНА
-Энэ хүмүүст хариуцлага тооцно гэхээр нөгөө л дахиж сонгохгүй байх асуудал яригдах уу?
-Нэгдүгээрт сонгохгүй байх, хоёрдугаарт хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэдний идсэн, уусан нь хүмүүсийн нүдэн дээр ил байна. Манай Эрдэнээгийн хотоор дүүрэн байшингуудыг та мэдэж байгаа. Энэ хүн Баянгол дүүргийн Засаг даргын албыг дөрвөн жил хашсан. Тэгэхдээ Баянголын том том газруудыг бүгдийг нь авчихсан. “Өргөө” кино театрыг тойроод тэр хүний л байшин барилгууд байгаа. Гэтэл яагаад ард түмэнд тийм тэгш боломж олдоогүй юм бэ. Өнөөдөр би 0.7 га газраа аваагүй байна. Улаанбаатарын иргэдийн ихэнх нь надтай адилхан байгаа. Гэтэл энэ хүн яагаад өчнөөнөөр нь авдаг юм бэ.
Хоёрдугаарт, энэ хүн Нийгмийн даатгалын газрын даргаар ажилласан. Тэгэхдээ Нийгмийн даатгалын мөнгө төгрөгийг шамшигдуулсан хэргээр 2009 онд шүүхээс зургаан жилийн ял авч байсан хүн. Тэгмэгц Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо бүх зүйлийг хүчингүй болгоод суллачихдаг. Дахиад энэ хүн сайдын алба хашсан. Тэр үедээ хүүхдийн паркын газрыг аваад байшин барьчихсан, Найрамдал зуслангийн газрыг хувьдаа авчихсан. Хандгайтын амыг тэр чигээр нь авчихсан. Яагаад улс төрд, эрх мэдэлд байгаа хүмүүс нь ингэж өөрчлөгдөөд ард түмэн нь бахь байдгаараа өдрөөс өдөрт доошилж байдаг юм бэ. Энэ хүмүүсийн хөрөнгө орлогыг ТЕГ, АТГ шалгадаг атлаа яагаад ил байгаа зүйлийг илчилж чадахгүй, хуулийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байна вэ.
Авлигатай соён гэгээрлээр тэмцдэггүй юм аа. Хуулийн хариуцлага хүлээлгэж байж авлига багасдаг. Авлига авсан хүний авлигаар олсон эд хөрөнгийг нь хураах ёстой. Тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэж биеэр нь ял эдлүүлэх ёстой. Тэгж байж дараа дараагийн хүн “Би авлига авбал ийм хариуцлага хүлээх юм байна” гэдгийг харж, ухаарснаар авлига багасна.
-Өнөөдрийн манай нөхцөлд, албан тушаалаас буусан ч тэр хүн шударга бусаар олсон хөрөнгөтэйгөө үлдэж байна л даа. Хөрөнгийг нь хураах тухай ярьж ч болохгүй тийм л байдалтай байгаа биш үү. Ярьвал коммунизм болчихно?
- Хулгай хийчихээд л тэр төрийн албыг чинь хаяад гараад явчихаж байна. Тэгж чадсанаараа тэр хүн хожиж байна шүү дээ. Төр, ард түмэн, олон нийт хохироод үлдэж байна. Ард түмэн боломжоо алдаж байна. Улс хөгжих боломжоо алдаж байна. Тийм биз дээ. Тэр Сингапурын Ерөнхий сайд байсан Ли Куан Ю гэдэг хүнээс “Та авлигатай яаж тэмцсэн бэ” гэхэд “Би дотны хоёр найзтайгаа хариуцлага тооцож тэмцсэн. Дараа нь хэн ч авлига аваагүй” гэдэг. Яг л ингэх ёстой. Энэ авлига авсан бүх хүнийг барьж аваад хуулийн хариуцлага хүлээлгэж, авлигаар олсон хөрөнгийг нь хураан, төрийн мэдэлд авах хэрэгтэй. Тэгж байж авлига багасч, шударга зүйл бий болно. Тэгж байж дараа дараагийн үе төрд шударгаар зүтгэдэг болно. Тэгэхгүй бол намыг албан тушаалд хүрэх шат, төрд гараад авлига авах арга хэрэгсэл болгож хардаг болчихлоо. Дараа дараагийн үе маань тэгж хүмүүжиж байна. Тэгж болохгүй л дээ.
Ер нь одоо Монголын төрд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол хариуцлага, сахилга бат, дэг журам. Монгол төр бол эзэнгүй төр шиг л байгаа шүү дээ. Эзэнгүй болгож байгаа хүмүүс нь улс төрийн нам дамжсан бүлэглэлүүд, нэг хөнжилд орж хариуцлагаас бултаж сурсан улстөрчид юм. Улстөрчдөө өөрчилж чадвал нам өөрчлөгдөж эхэлнэ. Улс төрийн намуудыг өөрчилж чадвал төр засагт өөрчлөлт бий болно.
-Та өнгөрсөн 30 жилийн түүхэнд гэрэл гэгээтэй тал тун хомс байлаа, шилдэг сайн улстөрч огт төрж гарсангүй гэж дүгнэж байна уу?
-Мэдээж арлчиллын сонгосон үндсэн суурь нь зөв боловч маш их цаг хугацааг хий эргэж алдлаа. Энэ хугацаанд бид Монгол орныхоо өөрийн онцлогт тохирсон хөгжлийг бий болгох боломж байсан гэж үздэг. Монголын эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлж, ашиглах ёстой зүйл бол уул уурхай, газрын доорхи баялаг. Үүнийгээ зүй зохистой ашиглаж чадсангүй. “Эрдэнэт” үйлдвэр улсад өндөр татвар төлдөг ч хажуугаар нь улстөрчдийн тендер хусдаг саалын үнээ болж дууслаа. Оюунтолгойн гэрээ хоёр дахь том гэрээ хэлцэл боловч эдийн засгийн үр өгөөжийн хувьд маш тааруу хийгдсэн гэдэг нь бодит амьдрал дээр харагдаж байна.
Дээрээс нь уул уурхайгаас орж ирж байгаа их, бага орлогыг буцаагаад өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа сэргээх чиглэлд нь ашиглаж чадсангүй. Ард түмний боловсрол, эрүүл мэндэд зарцуулж байгаа юм алга. Тэгэхээр уул уурхай дээр барьж байгаа төрийн бодлого буруу байна гэсэн үг, нэгдүгээрт. Хоёрдугаарт Монгол орон бол өргөн уудам нутагтай, мал аж ахуй, газар тариалангийн орон. Гэтэл өнөөдөр малын тоо 60, 70 сая хүрч байгаа боловч тэндээс хүртэж байгаа эдийн засгийн үр өгөөж чамлалттай байна. Ядаж л ноолуур, түүхий эд бүтээгдэхүүн, махаа экспортлож чадахгүй байна. Арьс шир, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгодоггүй юм аа гэхэд ядаж боловсруулалт хийгээд экспортлох ёстой. Ноолуурын салбарыг нь хятадууд барьчихсан. Ер нь гадны хүмүүс л Монголын бизнесийг хийж байна. Энэ бүгдэд төр ерөнхий том зохицуулалтыг нь хийж өгөх ёстой. Төр чинь олон түмэн, нийтийн эрх ашгийн өмнөөс зохицуулалт хийх эрх үүрэгтэй газар. Төрийн эрх мэдэлд сууж байгаа хүмүүс их бага хэмжээгээр дандаа бизнесийн ашиг сонирхлын лоббигоор шийдвэр гаргадаг болсны гай.
Бид мал аж ахуйн салбараа хөгжүүлж чадсангүй. Газар тариалан дээр ярих юм биш. Эрүүл мэндийн салбар хөгжсөн үү, нийгмийн даатгал, эмнэлэгийн хүртээмжийг ард түмэндээ хүргэж чадсан уу, бас чадаагүй. Өнөөдөр сайд дарга нар нь өөрсдөө болохоор өндөр хөгжилтэй орнууд руу яваад шинжилгээгээ хийлгээд эмчлүүлчихдэг. Эрүүл мэндийн төвүүд нь хоцрогдсон техник төхөөрөмжтэй, ард иргэд нь ийм л эмнэлгийн үйлчилгээг авч байна. Өнөөдөр өвчин эмчлэх нь байтугай, өвчнөө зөв оношилж чадахгүй байна. Хавдартай хүнийг хавдаргүй гэж явсаар байгаад хүндрүүлчихдэг. Хавдаргүй хүнийг буруу оношилж өвчнийг нь улам сэдрээж байна. Болосвролын салбар чинь хөгжсөнгүй ээ. Өнөөдөр шинжлэх ухаан техник чинь хөгжиж байх ёстой байтал бөө мөргөл, шашин шүтлэг чинь улам хөгжиж байна. Шашин шүтлэг байх ёстой, хүндэтгэх ёстой. Гэхдээ тодорхой хэмжээнд байх ёстой. Энэ бол зохистой хэмжээнээс хэтэрч байна.
Өнөөдөр Монголчууд бүх хүн дээд боловсролтой болж байгаа ч боловсролынхоо үр шимийг хүргэж, салбарт ажлын байр олдохгүй байна. Ажлын байран дээр очиж байгаа нь тэр салбартаа үнэлэгдэхгүй байна. Салбар нь эсвэл үнэлэхгүй байна. Ингээд боловсролын чинь систем урагшаа явсангүй. Энэ бүгд салбар чинь хөгжсөнгүй. Ингээд тоочих юм бол бид энэ 30 жилийг маш үр дүнгүй ашигласан. Туйлын хангалтгүй гэж л хэлнэ дээ.
30 жилийн хугацаанд зөвхөн урд хөрш гэхэд дэлхийн тэргүүлэгч орны хэмжээнд гарч ирлээ. Эдийн засгийн хувьд Америктай өрсөлдөхүйц болсон байна. Нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыгаа хятадууд үнэхээр өндөр түвшинд үнэлнэ. Техник технологиороо дэлхийд тэргүүлж, өрсөлдөж эхэллээ. Гэтэл бид бахь байдгаараа дороо хий эргээд, хэдэн худалч улстөрчдийнхөө хэрүүлийг хараад сууж байна. Байгаа нөхцөл байдлыг зөв үнэлж чадахгүй байна.
Айл гэрээр бол юу хийж чадах вэ, ямар нөөц бололцоо байна вэ гээд зөв үнэлээд, түүнийгээ түрүүлж авч явах ёстой шүү дээ. Суурь аж ахуй, эдийн засгаа хөгжүүлсний дараа шинэ залуу үеийнхнээ орчин үеийн мэдлэг боловсрол, техник технологид тусгайлан бэлдэх хэрэгтэй. Өрсөлдөхүйц хэмжээнд бэлдэх ёстой. Тэгтэл эхний асуудлаа шийдэж чадахгүй байж хоёр дахь асуудал руугаа яаж орох юм бэ.
-Тэгвэл таны бодлоор манай улс орон яавал хөгжих вэ?
-Нэгдүгээрт байгаа нөхцөл боломж дээрээ тулгуурлаж эдийн засгаа тэлэх хэрэгтэй байна. Х оёрд угаарт хүүхэд залуучуудынхаа мэдлэг боловсролд их анхаарах хэрэгтэй. Дэлхийн хэмжээний системтэй мэдлэг боловсролыг шинэ залуу үедээ цэцэрлэг, бага ангиас нь олгох ёстой. Тэгж байж монгол залуучууд дэлхийн хэмжээнд өрсөлдөнө. Монгол залуус оюун ухааны чадамж сайн шүү дээ. Дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээллийг нь өгөөд, өрсөлдөх боломжоор нь хангаад төр засгаас бэлддэг бол аль ч салбарт өрсөлдөж чадах залуучууд. Мөн ажлын байрны асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Аливаа улс ард иргэдээ ямар ч байсан л ажилтай байлгах ёстой. Хийсэн ажлынх нь цалин амьдралд хүрэлцдэг, хуримтлал үүсгэх хэмжээнд байх ёстой. Тэгэхгүй бол хүний амьдралын сарын хэрэглээ нэг сая орчим төгрөг байхад 600 мянган төгрөгийн цалин өгчихөөд “Үүгээр амьдар” гээд байж болохгүй биз дээ. Тэгэхээр улс орон энэ бүгдийг цогцоор нь харж шийдэж, зохицуулж байх ёстой л доо. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар, гаднаас зээл тусламж авч, өрийг өрөөр дарах байдлаар улс орон цааш явахгүй ээ гэж л харж байна.
-Одоогийн улстөрчдөөс хамгийн сайн улстөрчөөр хэнийг нэрлэх вэ?
-Наадах чинь ямар хэцүү асуулт вэ. Одоо нэгийг онцгойлоход хэцүү байна. Манай улстөрчдөд сайн түүхтэй хүн байхгүй болчихлоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж байсан хүмүүс нь бүгд л нийгмийн дайсан болоод л улс төрөөс буудаг. Тэгэхээр одоо байгаа гэхээсээ илүү түүхэнд ул мөрөө үлдээсэн хүмүүсийг нэрлэнэ.
1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдаж байсан Сайн ноён хан Намнансүрэн, Манлай баатар Дамдинсүрэн, наашлаад Ардын хувьсгалын үед удирдаж оролцож байсан тэр хүмүүсийг хэлэхийг хүсэж байна. Мэдээж түүхэнд сайнаар ул мөрөө үлдээсэн олон мундаг хүн байна. Тэр бүгдийг хүндэтгэж явах ёстой. Улс орон гэдэг эх оронч, бусдынхаа төлөө амь хайргүй, өөрийгөө золиослон ажилласан тэр хүмүүсийн түүх. Ер нь төр засаг гавьяатай хүнээ алдаршуулж, гай тарьсан хүнээ шийтгэж байх учиртай. Энэ нь нэг талаараа төрийн үүрэг. Төр засаг олон нийтийн өмнөөс нийтийн сайн сайхны төлөө зүтгэсэн гавьяа байгуулсан хүнээ мөнхөд хүндэтгэж, алдаршуулж байх ёстой. Гай тарьсан хүнийг бол хуулийн хариуцлагыг нь хүлээлгэж бусдадаа үлгэр дуурайлал болгон харуулж байх ёстой.
-Аливаа тэмцэл ялж, эсвэл ялагдаж дуусдаг. Та бүхний эхлүүлсэн тэмцэл магадгүй ялагдвал яах вэ?
-Баатарлагаар л ялагдана даа. Тэгээд дахиад л тэмцэнэ. Улс төрд ялагдал хүлээхийг мухардал гэж бодохгүй байна. Цаг хугацаа бол хамгийн том хүчин зүйл байдаг. Ардчилсан намын олон гишүүн дэмжиж байгаа учраас ялагдана ч гэж бодохгүй байна. Нам доторх урвагч дээрэмчидтэйгээ тэмцэхэд жаахан цаг хугацаа л хэрэгтэй. Ер нь бол Ардчилсан намын ирээдүйг их өөдрөгөөр харж байгаа шүү. Ардчилсан намд үүнээс хүнд үе байсан. Үүнээс том саад бэрхшээл тулгарч байсан.
Энэ төрд шургалчихсан байгаа бохирдчихсон улстөрчдөөс сална. Ард түмэн үүнийг хүсэж байна. Намын маань толгойд гарчихаад байгаа урвагч нараасаа бас сална. АН-ын гишүүд үүнийг хүсэж байна. Тэгэхээр үнэн ялна гэдэг шиг жаахан цаг хугацаа л хэрэгтэй байна. Ардчилсан нам удахгүй шинэчлэгдэнэ. Намын шинэ ирээдүй их өөдрөгөөр харагдаж байна.
Сүүлийн үед хараад байхад ганцхан АН л засаг бариад 30 жилд улс орныг сүйрүүлчихсэн юм шиг үзэл суртлын ажил явдаг болчихжээ. Яг үнэндээ хариуцлагын 60, 70 хувийг Монгол ардын нам үүрэх ёстой. Яагаад гэхээр, засаг барьсан хугацаагаар нь ч тэр, үе үеийн парламентад эзэлж байсан суудлынх нь хувийг харьцуулаад үзсэн ч тэр. Өнөөдөр бид өөрийнхөө намыг өөрчилж чадаагүй байж бусад нам руу шүүмжилж чадахгүй байгаа юм. Нөгөө “Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харна” гэдэг шиг. Түүнээс МАН-тай ярих юм бас их бий шүү. Намаа өөрчилж шинэчилсний дараа эрх баригчидтай ярих, тэмцэх юм их байна. Жишээ нь, ЖДҮ-ийн асуудал байна. УИХ-ын 40 гаруй гишүүн ард түмний боломжийг хулгайлж, улаан цагаандаа гарсан хэрэг өмнө нь гарч байсангүй. Мөн концессын асуудал байна.
-Ялалт, ялагдалд тань нэг зангаараа байх нөхөд намд нь байгаа биз дээ?
- Нам бол хамт олны байгууллага. Олуулаа хэлэлцэж шийдвэрээ гаргаж урагшаа явдаг. Тиймд нам доторх болохгүй, бүтэхгүй улстөрчидтэйгээ хийж буй тэмцэл зөвхөн миний биш, манай үеийн хүсэл зориг, итгэл үнэмшил гэж харж байгаа. Бас тэгж мэдэрч байна. Зөвхөн намын залуучуудаас гадна, олон нийтийн дэмжлэг ч их байгаа. Биднийг эрх ашиг биш, зөв зүйтэй зорилго нэгтгэж байгаа. Дараа дараагийн үе маань эрх биш энэ хуучин хулгайч улстөрчдөөсөө сургамж авсан байх. Тиймд зөв зорилгын төлөө эв нэгдэлтэй байна гэдэгт итгэж байна. Сахилга бат, хариуцлагатай байна гэдэгт бас итгэж байна. Түүний төлөө л бид хамтарч, зүтгэх ёстой.
-Эцэст нь таны тухай нэг зүйлийг мэдэхийг хүслээ. Таны удамд тэмцэгч, эх оронч хүмүүс байсан уу. Ингэж асууж буйн учир нь, намынхаа даргыг ийм эрс шулуун эсэргүүцэж тэмцэхэд тодорхой хэмжээний эр зоригийн өгөгдөл шаардагдана гэж бодогдож байна?
-Аав маань Архангай аймгийн хүн. Өвөө минь Далхаа гэж Архангай аймгийн гаралтай, Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин хүн. Ээжийн маань аав Сүхээ мөн 1921 оны Ардын хувьсгалд оролцож байсан партизан. Дорноговиос төрсөн ах дүү хоёр партизаны нэг. Аав, ээж маань хоёулаа Монголын музейн салбарт насаараа ажилласан хүмүүс байдаг. Аав маань одоогийн Байгалийн түүхийн музейн эрхлэгч зэрэг албыг хашиж байсан. Ээж маань одоогийн Үндэсний түүхийн музей буюу тухайн үеийн Хувьсгалын музейд тайлбарлагчаас нь авахуулаад музейн дарга хүртэл насаараа энэ салбарт ажилласан. 1996 онд Хэлмэгдэгсэдийн дурсгалын музейг байгуулалцаж байлаа. Эр зоригийн хувьд мэдээж удам угсаа, хүмүүжил, итгэл үнэмшил гээд олон зүйл нөлөөлөх байх л даа.
-Ярилцсанд баярлалаа.
БЛИЦ
Орд: Загас
Дуртай өнгө: Хөх
Сонирхдог спорт: Гольф
Хэлэх дуртай үг: Болно, чадна
Чөлөөт цаг: Гэр бүлтэйгээ өнгөрөөх дуртай
Хобби: Цэвэр агаарт алхах
Зан чанараа ганцхан үгээр тодорхойлбол: Тайван
Хамгийн сүүлд уншсан ном: “Ирэх зуун жил” Жорж Фридман
Ширээний ном: Ардын алтан сургаал
Дуртай зохиолч: Майн Рид
Хүндэлдэг улстөрч: Дмитрий Анатольевич Медведев
Бахархал: Монгол орон, түүх, уламжлал
Итгэл эрч хүч өгдөг зүйл: Хүмүүсийн сайн зөвлөгөө, дэмжлэг
Хайр гэж юу вэ: Хайр
Бурхан гэж юу вэ: Итгэл үнэмшил
Мөнгө гэж юу вэ: Төлбөр тооцооны хэрэгсэл
Жаргал гэж юу вэ: Сэтгэл ханамж
Сэтгэгдэл ( 38 )
Овоо гар бна хөрөнгийн хураагаад шоронд хий гэнээ кк
АН чамаар дутахгүй шүүдээ, МАН д очоод элсэн биз, Урвпгч\n
Тэгээд сонгуульд ямарч мөнгөгүйгээр бие даагчаар нэр дэвшээд сонгогдоод гараад ир дараад ингэж болдог гээд ярь.МАН д худалдагдсан Галиндэв мэтийн новшийн амьтад АН д огт хэрэггүй.
100 say baihgui bol 100 hunii tsunh batik guigeed ch 100 saihan bodol teej guigeed hereggui ehleed biye daraa ni geree zas
100 сая төгрөгөө өгсөн хүн Улс орон ард түмнийхээ төлөө юм хийх үү? Хэд дахин өсгөж авах гээд л үзэж тарна даа! Зөв сэтгэлтэй эх оронч хүмүүст ийм их мөнгө байхгүй Тэхээр олигархиуд луйварчид гадны гар хөл болсон нөхдүүд л орж ирэх гээд манантаад байна. Сонгуулийг бүх нийтээрээ эсэргүүцэх хэрэгтэй болж байна уу яах уу? Нөхдүүд ээ?
Сайн, зөв залуу байна даа. Ийм л хүн ижлээ олж дэмжлэг авахгүй шахагдвал энэ улс орон бахь байдгаараа л байна
зѳв шүү дээ. Ил тод зарцууллаарай
зѳв шүү дээ. Ил тод зарцууллаарай
Мѳнгѳгүй бол яаж улс тѳр хийх вэ. Харин ч ил авч байгаа нь сайн хэрэг . Улс тѳрийн санхүүжилт ил байх ёстой . Ѳѳрсдѳѳ байгууллага удирдаагүй хүмүүс юу ч хуцаж болно. Гэрэл цахилгаан халаалт суртачилгаа бензин шатхуун томилолт гээд зѳндѳѳ л юм гарна
Мѳнгѳгүй бол яаж улс тѳр хийх вэ. Харин ч ил авч байгаа нь сайн хэрэг . Улс тѳрийн санхүүжилт ил байх ёстой . Ѳѳрсдѳѳ байгууллага удирдаагүй хүмүүс юу ч хуцаж болно. Гэрэл цахилгаан халаалт суртачилгаа бензин шатхуун томилолт гээд зѳндѳѳ л юм гарна
Мѳнгѳгүй бол яаж улс тѳр хийх вэ. Харин ч ил авч байгаа нь сайн хэрэг . Улс тѳрийн санхүүжилт ил байх ёстой . Ѳѳрсдѳѳ байгууллага удирдаагүй хүмүүс юу ч хуцаж болно. Гэрэл цахилгаан халаалт суртачилгаа бензин шатхуун томилолт гээд зѳндѳѳ л юм гарна
Мѳнгѳгүй бол яаж улс тѳр хийх вэ. Харин ч ил авч байгаа нь сайн хэрэг . Улс тѳрийн санхүүжилт ил байх ёстой . Ѳѳрсдѳѳ байгууллага удирдаагүй хүмүүс юу ч хуцаж болно. Гэрэл цахилгаан халаалт суртачилгаа бензин шатхуун томилолт гээд зѳндѳѳ л юм гарна
Мѳнгѳгүй бол яаж улс тѳр хийх вэ. Харин ч ил авч байгаа нь сайн хэрэг . Улс тѳрийн санхүүжилт ил байх ёстой . Ѳѳрсдѳѳ байгууллага удирдаагүй хүмүүс юу ч хуцаж болно. Гэрэл цахилгаан халаалт суртачилгаа бензин шатхуун томилолт гээд зѳндѳѳ л юм гарна
Аль ч нам ялгаагүй . Одоогийн 76 - г хэн ч сонгож итгэх хэрэггүй. Одоогийн 76 БҮГД дүнкүү. 76 -г хуулийнхан шалгаж яаж хөрөнгөжиж баяжсаныг шалгаж хэрэг үүсгэж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Нэр дэвшихийн тулд мөнгө хэрэггүй гэдэг чинь зөв Иймд чиний санал зөвшөарөгдвөл би нэр дэвшмээр бна хаана очиж уулзах вэ улс орноо хагжүүлээд өгий
Чи тжр захиөлсан МАН даа элсчих нь дээр дээ тэд нар даргха болнож өгч магдадгүй.
С.Эрдэнийг намын удирдлагаас зайлуулаагүй цагт 20 оны сонгуульд ялалт байгуулах нь манай намын хувьд ҮЛГЭР болно
Ene залуу зөв зам дээр зогсож бна.Иим залуу боловсон хүчин аль ч намд хэрэгтэй.
90 onii jagsaal tsuglaand orj demjij yavlaa teghed ingej yarj baisan duugin yarj baigaa unen uuniigee ajil hereg bolgood namaa avrah ajlaa ehleh bolson erdebee mynguu tsugluulj daraagiin luivarchdaa beldej behjuulj ehellee duug demjij baiba
СУИС- ийн удирдлагад хүний амь нам хөнөөсөн эмээ сууж байна..............
Чамтай чамгүй АН болно. Дургүй бол гараад МАН даа ороочдээ
МАН ын гар хөл худалдагдсан этгээд\nЭнэ тэгээд намыг удирдлаа юу ккккккккккккккккк
Зөв л зүйл ярьсан байна
АН-аас нэр дэвшиж байгаа 100 саяын хүмүүс хулгай, луйвар хийх нь тодорхой тул би, бид хэнийг нь ч сонгохгүй ээ.
Songuuliin zardalaa haanaas oloh ve shudarga zaluu
Songuuliin zardlaa haanaas oloh ve
Яг үнэнийг нь хэлдэг шударга, эр зоригтой сайн залуу байна.
МАН-МАХН-АН бүгд адилхан нэг тэрэгний дугуйнууд,яг үнэндээ авилга албан тушаалын наймаа энэ бүгд улс төрийн намаас л гарсан зүйл,энэ намуудыг тараах татан буулгаагүй цагд шудрага ёс энээ тэрээ гээд яахав цагын гарз
квантуны арми байгуулж эх оронч үзлийг
квантуны арми байгуулж эх оронч үзлийг
mash sain yrilrslaga bn mundag umaa
Хулгайч, алуурчин дарга нарыг хөөж явуул,,,
Намаа шинэчлэхээр бол эхэлээд өөрийгөө шинэчил.боловсрол мэдлэгээ дээшлүүл.юм их үнш, судал.их засаг төгссөн гэдэг чамлалттай.боловсрол мэдлэг чүхал.
маш зөв залуу байна амжилт хүсье\n
Ug sanaa ni zuv . Hun toohoor surguulid yavj surah heregtei. Ih surguuli nertei baga bolovsrol olgodog gazar tsag munguu demii urjdee.
Za ene batsaan l bish shuu,alia salbadai kk
Э.Бат-үүл хүү Б.Чулуудайнхаа компанийг тендерт шалгаруулж, зээлийг нь улсын мөнгөөр төлсөн нь тогтоогджээ. Зариг.мн
dondogdorjiin erdenebat 8. hudaldaa hugjliin banknii medree nariin huyvaldaaniig shalguulah heregtey,baganuuriin horol erdene huvitsaat companii balgasiig heden ter bumaar unelj zeel avaad erdenetiin 49, Huteliin tsementiin uyldver, DARHANII tumerleghiin uyldveruudiig luyvardan avch mafiin ghishuudee udirdlagad ni tavisan belen notloh barimttay luyvar. hulgayg shalguulaachee.Tsaana ni Elbegdorj baygaa ghej bayna\n