"Хэдхэн цагдаагаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж болохгүй"

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Цагдаагийн алба хаагчид иргэн Ц.Пүрэвдоржийг дарамталж, прокурорын зөвшөөрөлгүйгээр бүртгэлгүй хэрэг нээж, мөрдөн байцаалт явуулсан талаар хохирогч хэвлэл мэдээлэлд хандсанаар олон нийтэд ил болсон. Гомдол, мэдээллийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалгаж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр цагдаагийн хоёр ажилтны цолыг нь хурааж, ажлаас нь чөлөөлсөн юм. Иргэн Ц.Пүрэвдорж анх энэ асуудалд хэрхэн холбогдсон, цагдаагийн алба хаагчийн зүй бус үйлдлийн талаар түүнтэй ярилцлаа.


-Таныг эрүүдэн шүүсэн, мөрдөн шалгасан цагдаагийн алба хаагч нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэдгээр цагдаагийн алба хаагчид тантай холбоо барьж, уучлалт гуйсан уу?

-Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, ахмад Г.Эрдэнэчимэг, чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Г.Баасанжав нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр цолыг нь хурааж, ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдлийг цагдаагийн байгууллагаас надад өгсөн. Эргэж цагдаагийн байгууллагад ажилд орох эрхгүй болсон гэж ойлгож байгаа. Тэд надтай холбогдоогүй. Ямар нүүрээрээ уулзах юм. Гэмгүй хүнийг мөрдөн шалгаж, хохироосон шүү дээ. Харин цагдаагийн байгууллага шуурхай дотоод хяналт шалгалтыг явуулж, арга хэмжээ авсанд талархаж байна. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэсэн үг бий. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг нэг ийм бохир цагдаа харлуулж байгаад харамсаж байгаа. Гэхдээ цагдаагийн ажилтнуудын ихэнх нь хуулиа мөрдүүлж ажилладаг гэдэгт би итгэдэг. Хууль мөрдөж ажилладаг цагдаагийн ажилтнууд олон байгаа.

-Ямар учраас цагдаагийн алба хаагчид таныг мөрдөн шалгах болов. Бизнестэй холбоотой гэж байсан шүү дээ?

-Би хувиараа хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэр бүлээрээ хувиараа эрхлэх аж ахуй эрхэлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэвшилтэд технологиор хүнсний нарийн ногоо тариалах, дулаан болон хүйтэн аргаар төрөл бүрийн хүнсний ногоог хатаах, боловсруулах, олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах чиглэлээр туршилт, судалгаа хийж гарааны бизнесээ хөгжүүлж байна. Энэ хугацаанд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болгосон бөгөөд одоогоор таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгч, олон нийтэд танилцуулан, борлуулалтаа хийж байна. Өнгөрсөн жил Дархан-Уул аймагт их хэмжээний  брокколи тариалсан байсан. Монгол брокколиг их хэмжээгээр худалдаж авах газар байдаггүй юм билээ. Талбай дээрээ хөгшрөлт явагдаад муудах эрсдэлт орсон. Тийм учраас брокколиг малын тэжээл болгож, борлуулахаар шийдсэн. Брокколи нь сайн чанарын малын тэжээл болдог. Ингээд малын тэжээл хийх гэхээр надад хүн хүч дутагдсан. Ургацаа хурааж амждаггүй, мөн бүтээгдэхүүнээ борлуулмаар байдаг. Тийм учраас өнгөрсөн оны намар С.Долоодой гэж хүнтэй хамтарч ажиллахаар болсон. Түүнийг өмнө нь таньдаг байсан. Ингээд брокколигоо малын тэжээл болгох ажлаа хамтдаа эхлүүлсэн. С.Долоодойтой хамт бүтээгдэхүүнээ барьцаалаад банк санхүүгийн байгууллагаас 6 сая төгрөг зээлсэн.

С.Долоодой нь найз нөхдийн хамт брокколигоор малын тэжээл хийх ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Тухайн ажил дээр 10 хүн, 10 хоногийн хугацаатай дуусгах байсан ч нэг сар болсон ч малын тэжээлээ дуусгаагүй. Тийм учраас хүмүүсийн цалин, тээврийн зардал гээд төсөв нэмэгдэж төлөвлөж байсан мөнгө хүрээгүй. Тиймээс С.Долоодойгийн өөрийнх нь хүсэлтээр автомашиныг нь барьцаалан, банк бус санхүүгийн байгууллагаас 2.5 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаандаа зарцуулсан. Нөгөөтээгүүр С.Долоодойтой хамт ажиллаж байсан хүмүүс нь ажлаа дуусгалгүй өөр ажилтай гээд Өвөрхангай руу яваад өглөө. Энэ хооронд нь би өөр хүмүүстэй ажиллаж малын тэжээлээ хийж дуусгасан. Гэтэл банкнаас зээлсэн мөнгө нэхэгдээд ирэнгүүт С.Долоодой надаас илүү мөнгө нэхэж эхэлсэн. Хоёр сая төгрөг төлөх ёстой байтал зургаан сая төгрөг нэхэмжилсэн. Ингээд маргаан үүссэн.

-Бүтээгдэхүүнээ борлуулж болоогүй юм уу?

-Анх брокколигоор малын тэжээл хийхээр С.Долоодой надтай тохиролцохдоо бүтээгдэхүүнийг Дархан-Уул аймагт борлуулах боломжтой, би борлуулна гэж байсан. Гэтэл С.Долоодой ерөөсөө бүтээгдэхүүн борлуулах санаачилга гаргаагүй. Дархан-Уул аймагт С.Долоодойгийн найзынх нь хашаанд одоо хүртэл малын тэжээл хадгалаатай байгаа. Бүтэн жил болчихлоо. Одоо заръя гэхээр хуулийн маргаантай байгаа учраас гаргаад зарж болохгүй байна. Эхнээс нь маргаан үүсгэхгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулаад, оруулсан мөнгөө авч болох байсан. Гэтэл С.Долоодой нь надаас оруулсан хөрөнгөнөөсөө илүү мөнгө нэхсэнээс хуулийн маргаантай байдал руу орсон. Энэ мэтээр цаг хугацаа алдаж, хөрөнгө мөнгөөрөө хохирч байна.

-С.Долоодой нь цагдаагийн байгууллагад хэзээ хандсан юм бэ?

-Албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаагүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Г.Баасанжавт албан бусаар хандсан. Тэр дагуу намайг цагдаагийн алба хаагчид дарамталж, шалгаж эхэлсэн юм. Мөрдөн байцаагч Г.Баасанжав аравдугаар сарын 23-нд над руу залгаж, уулзах хүсэлт тавьсан. Миний бие тухайн үед уулзалттай байсан тул өөрийн байгаа газарт ирж уулзаж болох тухай хэлсэн. Би тэр үед Швейцарийн хөгжлийн агентлаг, "Монгол ногоо" төслийн менежер, ажилтнуудтай уулзалт хийж байсан. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа ирж, намайг баривчилж, Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Баасанжавт хүлээлгэж өгсөн. Г.Баасанжав намайг “Оргодол, залилагч, чи цагдаагийн байгууллагаас зугтааж чадахгүй шүү, чамд залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Цагдаагийн байгууллагаас дуудаад байхад яагаад ирдэггүй юм” гээд миний гар утаснуудыг хурааж аван хана руу харуулж зогсоож, өмнөө сөхрүүлэн суулгаж дарамталсан. Улмаар тэр хуулийн ямар ч тайлбар, үндэслэл өгөлгүйгээр шууд л “Чамайг одоо Ганц худагт хорьж шалгана. Би өөрөө хөөцөлдөж байгаад чамайг тэнд удаан хугацаагаар суулгана. Чамайг ганцад хорьж байгаад шоронд явуулна” гэх мэтээр сүрдүүлсэн. Энэ үед нь би “Ямар ч залилан хийгээгүй, хүмүүстэй мөнгө төгрөгийн маргаантай байгаа нь үнэн, намайг цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй. Хэн гэдэг хүний нэхэмжлэл гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ. Хэзээ үүсгэсэн эрүүгийн хэрэг юм” гэж асуусан ч “Дуугүй цаашаа хана руу хараад зогс. Битгий эргэж хараад бай” гэж дарамтлаад тайлбар хийх боломж олгоогүй.

-Хавтаст хэрэг нээгээгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Намайг өдөр болгон дуудаж, ямар ч өргөдөл гомдолтой танилцуулахгүй, байцаалт мэдүүлэг авахгүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх хэрнээ хэргийн материалтай танилцуулахгүй байсан учраас аравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэргийг лавлагаа авсан. “Одоогоор тийм хэрэг үүсээгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр цагдаагийн ажилтнууд надад дарамт учруулах замаар С.Долоодойгийн эрх ашгийг гүйцэлдүүлэх, миний бизнесийг булаах зорилготой байсан юм болов уу гэж боддог. Тухайн үед Г.Баасанжав “Чи шоронд ормооргүй байгаа бол С.Долоодойд зургаан сая төгрөгийг арваннэгдүгээр сарын 24 гэхэд бүрэн төлж барагдуулна гэж бичиж өг. Тэгвэл чамайг шоронд хийхийг хойшлуулъя. Өрөө төлж чадахгүй бол чи компанийнхаа хувьцааг өгч болно” гэж дарамталсан. Намайг энэ мэтээр аргагүй байдалд оруулан дарамталсаар байгаад тийм бичиг хийлгэж, гарын үсэг зуруулсан. Тэр нь мэдүүлэг болон тайлбар биш юм. Би түүнд мөнгө төлөх ямар ч үндэслэлгүй.

-Цагдаад анх мэдээлэл өгсөн С.Долоодойг хуулийн байгууллага шалгасан уу?

-Захиалга өгсөн гэдэг үндэслэлээр шалгасан зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газраас асуухад “Манайх цагдаагийн ажилтныхаа ёс журам, дотоод хяналтын асуудлыг шалгадаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нь шалгадаг тусдаа газар бий” гэсэн. Харин С.Долоодой хэвлэлийн хурал зарлаж, 10 гаруй зүйлээр намайг гүтгэсэн. Энэ асуудлаар нь цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Уг нь ингэж маргаан үүсгэж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирмооргүй байна. Бүтээгдэхүүнээ борлуулж, санхүүгийн маргаанаа дуусгах хүсэлтэй байгаа.

-Бизнес хийхэд энэ мэт хуулийн байгууллагын дарамт, шахалт бизнес эрхлэгч нарын өмнө тулгардаг тохиолдол цөөнгүй бий?

-Бизнесийн маргаан үүсэхэд таньдаг цагдаатай ханддаг болсон байна. Би нэг хурандаатай найзлах, асуудлаа шийдүүлэхийн тулд авлига өгөх ёстой болох юм уу. Ийм байж болохгүй. Цагдаагийн байгууллагад нэр хүнд нь унаж байна.

Гэмт хэрэг нуун дарагдуулдаг, хэрэг тохдог зүйл бий болсон байна гэдгийг өөрөөрөө ойлголоо. Цагдаагийн байгууллагад хуулийг мөрдүүлж ажиллаж байгаа сайн цагдаагийн алба хаагчид олон байгаа. Цөөн хэдэн бохир цагдаа нараас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд унаж болохгүй. Г.Баасанжав шиг хууль зөрчдөг цагдаа цөөхөн байх. Гэхдээ байгаа учраас, хууль мөрдүүлж ажиллах ёстой цагдаагийн ажилтан намайг дарамталж, дураараа мөрдөн шалгасан.

Энэ бол цагдаагийн байгууллагад нэг бус удаа үйлдэгддэг зүйл гэж ойлгож байгаа. Ломбард ажиллуулдаг, өдрийн зээл гаргадаг хүмүүсийн ард ихэнхдээ цагдаагийн алба хаагчид ажилладаг. Зээлээ төлөхгүй бол цагдаа очиж дарамтлах жишээтэй. Нөгөө хүмүүс нь цагдаа албан ёсны ажлаа хийж явж байна гэж ойлгодог. Гэтэл цагдаа нь нэг ломбард эсвэл өдрийн зээл гаргадаг  санхүүгийн байгууллага, хувь хүний даалгавартай явах тохиолдол их бий. Ингэж нэг цагдаагийн ажилтнаас болж цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж болохгүй. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.127) 2019 оны 12 сарын 19

Za Purevdorjoo chamaig zalilan hiideg gej humuus yariad bna lee. oyutnii holboond bhdaa ch baahan oyutnii biletnii mungu ashiglasan gej. Ingej bolohgui sh dee.

0  |  0
Top