ЧУУЛГАН: Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Өчигдөр найм дахь саналаар санал хурааж байсан ч дэмжигдээгүй. Иргэдийн хувь мэдээлэл болох регистрийн дугаар, нэр гэх мэт хувь хүний мэдээллийг ажлыг хэсэг дээр намуудад өгөхгүй байх санал гаргасан бөгөөд чуулганы хуралдаанд олонхын дэмжлэг авч чадаагүй. Тиймээс энэ саналыг хүчингүй болгож өгнө үү” хэмээхэд С.Эрдэнэ “Би мөн найм дахь саналыг дэмжиж байгаа. Хүчингүй болгож, дахин санал хураалт явуулж өгнө үү. Угаасаа байнгын хороо дэмжээд оруулаад ирсэн санал. Өчигдөр хурал удирдаж байсан нөхөр энэ саналыг дэмжихгүй байхыг бусдад уриалж байсан. Өмнөх сонгуулиудад регистрийн дугаарыг өгдөг байсан. Сонгуулийг ил тод, нээлттэй явуулах нь чухал. Улс төрийн намууд хэн хэндээ хүндэтгэлтэй хандахыг эрх баригчдаас хүсэж байна” гэснээр санал хураалтыг дахин явуулахаар болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарчмын хувьд нэрийн жагсаалтыг намуудад өгч болно. Болгоомжлох зүйл нь авсан газар нь регистрийн дугаар, хаяг хоёрыг задруулахгүй байх давхар үүрэг хүлээлгэх түгжээ хийх хэрэгтэй. Хүний регистрийн дугаар, гэрийн хаяг хоёрыг сонгуулийн штабыханд тарааж болохгүй. Хувь хүний нууцын асуудал хөндөгдөж байна. Хэрэв дэмжих бол мэдээллийг задруулахгүй байх давхар заалтыг оруулж ирээрэй. Бүртгэлийн хуулиараа хязгаарлагдмал нууцлалтай мэдээлэлд орж байгаа шүү” гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүнээс 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганаар танилцуулсныг ийнхүү хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top