Сонгуулийн тухай хуулийг 76.5 хувийн саналаар БАТАЛЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг баталлаа.

Хуралдааны дундуур Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад 51 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж, 76.5 хувийн саналаар баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад 51 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж, 76.5 хувийн саналаар баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд, ажлын хэсэгт баярлалаа. Бүх намын төлөөлөл оролцсон ажлын хэсэг зөвшилцлийг эрхэмлэж, бүх нийтийн оролцоотойгоор Сонгуулийн тухай хуулийг баталсанд талархал илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top