ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Ажил, амьдралаа үрсэн санаархагчид

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Цагийн цагт л улс төр сонирхогч, өндөр сэнтий мөрөөдөгчид байсан. Социалист нийгмийн үеэс л сум нэгдлийн хурал дээр үгээ чанга хэрнээ дарга нарт тал засан хэлдэг, өргөл барьц барьж сэтэр зүүх гэсэн хандлага ч байсан. Харин өнөөдөр энэ байдал утгаа алдсаны нэг жишээ нь улс төрийн олон нам. Үүнийг дагасан зангиатнууд олширчээ.

Туулсан амьдралаа тариалангийн талбайд өнгөрүүлсэн нөхөр цүнхээ буруу харуулж барьчихаад улс төр яриад яваад байхаар яаж улс орон хөгжих юм бэ. Газар тариалангаа эрхлээд улсаас урамшуулал авч, намартаа хэдэн төгрөгийн орлого олдог төдийгүй ажлын байр бий болгож явсан нөхөр ингээд юу юу ч үгүй улстөржиж бухимдсан хүн боллоо. Сүлжээ хоолны газар байгуулан 60 орчим хүн цалинжуулан ажиллаж байсан нөхөр сүүлийн 10 гаруй жил улстөржөөд өнөөдөр хоолны газар ч үгүй, намынхаа байрны өрөөний түрээсийг өгч чадахгүй лац тавиулчихсан сууна. Ингэхээр энэ нийгмийн амьдрал яаж хөгжих юм бэ. Уг нь 60 хүнийг ажлын байраар хангаад өрсөлдөөнт нийгэмд өнгөлж явсан хүн юм сан. Энэ мэт жишээ дурдаад байвал амьдрал ахуйгаа сүйтгэсэн нөхөд олон бий.

 

Агуулгаараа бол энэ нийгэмд, Монгол Улсад хортой зүйл гэдгийг ухаарах хүн хэр олон байгаа бол. Улс төрд донтогсод олон байгаа учраас л Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа хэрэг шүү дээ. Гурван сая хүн амтай Монгол Улсад 35 улс төрийн намын хэрэг юун.

Өнөөдөр улс төрийн баруун зүүнийг магнайлж байгаа МАН, АН-д байр суурь эзлэнэ гэдэг хүнд. Энэ хоёр намд багаасаа зүтгэсэн нэгэн өөрийн бууриа нэг засна, эсвэл хөндлөнгөөс их хөрөнгө хаясан нэгэн босгыг нь давдаг бичигдээгүй дүрэмтэй. Түүнээс таргийн таван ямаатай нөхөр энэ хоёр бүлэглэлийн хаалгыг тогшихын ч хэрэггүй. Үүнийг мэдсэн нөхөд л улс төрийн нам байгуулан улстөржиж байна.

Ерөөсөө дэлхийн түүхэнд баруун зүүнтэн гэх хоёр бүлэглэл төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн түүхтэй. Гуравдагч, өөр бусдын орон зай гэж байсангүй. Манай шинэ үеийн улс төрийн түүхэнд ч ховор. Хэтдээ бүр ч байхгүй болох хандлага байгаа учраас бизнестэй нь бизнеэсээ хийгээд, малтай нь малаа маллаад, багш нь хичээлээ загаад явах шиг өлзийтэй зүйл үгүй. Ардчилал шинэ тутам хөгжиж буй Монгол Улсад Сонгуулийн тухай хуульдаа байнга өөрчлөлт хийж, туршилтын замаар явж байна гэхэд болно. Цэл залуухан ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож явлаа хэмээн цээжээ дэлдээд байгаа болохоос биш Монгол Улсад ардчилал нь дэндүү нялх, харин  цээжээ дэлдэгсэд нь нэгэн жарны босго даваад оджээ. Манай улсад ардчилсан нйигэм тогтоод гучаад жилийн нүүр үзэж байгаа гэхээр хүний амьдралын хэмжүүрээр авч үзвэл “Биеэ засаад гэрээ засчихсан, гэрээ засаад төрөө засалцаж суух” нас санж. Гэвч нийгмийн тогтолцоонд бол яах аргагүй нялх нас юм. Өөр арга ч байхгүй. Харин төрөө засалцах насандаа биеэ ч засч чадахгүй тэтгэвэртээ сууж байгаа ардчилагчид бол олон бий.

Тэгэхээр он цагийн уртад, нийгмийнхээ зүй тогтлоор ардчилал хөгжиж, идэрхэн залуу насандаа нэгэн өдөр очиж таарна. Нэгэн тогтолцоонд тулж, цааш явах аргагүй байдалд хүрэх байх. Хүн төрөлхтөн үүнээс сайхан нийгэм олж хараагүй учраас нэгэн цагт тулж таарна. Бид удахгүй найм дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Мөн энэ хэрээр найман удаа сонгуулийн хуульдаа өөрчлөлт хийсэн. Сонгуулийн хууль солигдох бүрт ямар нэгэн үр дагавар гардаг. Сайн ч үр бий, муу ч үр бий. Гэхдээ гуравдагчдыг орон зайд гаргаж ирсэн 2004, 2012 оны тогтолцоо байдаг.

Хуулийн өөрчлөлтийн үрээр 2004 онд олон намаас бүрдсэн парламент бүрэлдэж байсан түүхтэй. Тодотговол, өдгөөгийн МАН буюу тухайн үеийн МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН нэг, гурван бие даагч гишүүн гэсэн бүтэцтэй парламент бий болж байв. Ямар сайндаа л Б.Жаргалсайхан Засгийн газарт сайд болж байхав дээ. Энэ цагаас хойш Б.Жаргалсайхан УИХ, Намын дарга, Ерөнхийлөгчид гээд горилж өрсөлдөөгүй сонгууль гэж байхгүй ч амжилт гаргасан нь нэг ч үгүй. Уг нь чадвартай бизнесмен гэж дуулсан. Гэтэл хуулийн цоорхойгоор нэг удаа УИХ-д сонгогдож, аргагүй эрхэнд сайдын суудалд суулгасан нь түүнийг ийнхүү улс төрөөс гарах аргагүй болгочихлоо. Тэр хүний бизнест ямар хортой нөлөөлж байгаа бол гэхээс хэлэх үг үл олдоно. Тэр тусмаа олж байгаа орлогын хэдэн хувь нь энэ улс төрийнх нь үйл ажиллагаанд зориулагддаг бол гэхээс өмнөөс нь хармалмаар. Ямар ч харамч хүн мөнгө зарахгүйгээр улс төр хийх аргагүй. Ядахад Б.Жаргалсайханд нэрээ дэвшүүлэхгүй талбар гэж алга. УИХ-ын сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Ерөнхийлөгчийн дотоод сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Намын даргын сонгууль болсон ч өрсөлдөнө, унана. Энэ бүгдийн цаана асар их мөнгө урсаж байгаа. АН-ын даргад өрсөлдөх эрх авахад л 250 сая төгрөг, Ерөнхийлөгчийн дотоод сонгуульд өрсөлдөхөд 250 сая, УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандат хэдэн зуун сая гээд их мөнгө гаргаж байгааг бид гадарлана. Тэр тусмаа сонгуулийн зардал өдгөө тэрбумаар хэмжигдэх болжээ. Үүний оронд компанидаа хөрөнгө оруулалт хийхэд яана. Ажилчдынхаа цалинг таван хувиар ч болтугай нэмэхэд яана гэж бодогдохоор.

Тэгээд ч Б.Жаргалсайхан шиг хүн улс төрд ямар ч хэрэггүй гэдгийг сонгогчид удаа дараа батлаад өглөө шүү дээ. Тэр бизнестээ хэрэг болж байвал их юм. Тэгэхдээ сонгогчдын сэтгэлгээ, санаа бодол өөр болсныг Б.Жаргалсайханыг олон удаа нэрээ дэвшүүлж байхад сонгохгүй байгаагаас харж болно. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсролд ахиц дэвшил гарч байна гэсэн үг.

Үүнээс гадна 2012 оны сонгууль нь 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн. Энэ нь намд өгсөн саналын рейтинг харгалзан, жагсаалтад эрэмбэлэгдсэн нөхөд УИХ-д орж ирнэ гэсэн үг. Энэ өөрчлөлтөөр МАХН УИХ-д 10 орчим суудал авч, гуравдагчдын орон зайд заларч байв. Засгийн газарт хүртэл хамтарч, Хорооны Засаг дарга сайдын суудалд заларч байсан түүх бий. Энэ бол Н.Энхбаяр гэдэг нөхөр өөрийнхөө хязгааргүй хүсэл дор олон хүнийг улс төрд донтуулжээ. Түүний дагаж улс төрд орж ирсэн О.Баасанхүү бол УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, одоо тэр улс төрөөс гарах нь өнгөрсөн.З.Баянсэлэнгэ УИХ-д сууж, сайд хүртэл болсон, тэр ч бас улс төрөөс гарч чадахгүй. Үнэн хэрэгтээ их улс төрд тийм ч хэрэгтэй улс биш байх. Энэ мэтчилэн Н.Энхбаярын хорлож орхисон олон нөхөр бий. Б.Тулга, Э.Эрдэнэжамъян гээд ид хийж бүтээн насны залуус өдгөө дарга сайдын сэнтий зүүдлэхээс өөр зүйлгүй болсон. Энэ бол өнөөх л хуулийн алдаа. Тиймээс энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлт бол тэдэнд ихээхэн халгаатай хууль болж байгаа нь сайн хэрэг.  МҮАН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон нам, БНН, АТОЗ гээд хэнд ч хэрэггүй, хүний амьдрал үрсэн улс төрийн бүлэглэл хэрэг байхгүй.  Өнөөдрийн байдлаар улс төрд донтогсдын  бүлэглэл болох 23 улс төрийн нам нэгдээд таван саналыг Сонгуулийн тухай хуульд оруулахаар ажлын хэсэгт хүргүүлсэн байсан. Энэ саналыг хүлээн авах хэрэг байна уу үгүй юу. Сонгох сонгогдох нь Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө хэдий ч нөхцөл байдал арай дэндэж байгаа юм. Ерөөсөө ажил амьдралаа үрсэн санаархагчдыг шахаж байх нь улс орны амьдралд хэрэгтэй байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top