ТОЙМ 2019: Улс төрийн ОНЦЛОХ ЗУРГААН сэдэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Мэдээллийн ZINDAA.MN сайтын Улс төрийн албанаас 2019 онд Монголын улс төрийн тавцанд өрнөсөн онцлох ЗУРГААН үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


-ТҮҮХЭН ӨДӨР БА ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА-

Энэ жил Монгол Улс "эцэг" хуульдаа гар хүрсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдал болсон. Энэ ч утгаараа энэхүү үйл явдлыг улиран одож буй 2019 оны ОНЦЛОХ сэдвийн эхэнд нэрлэж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өнгөрсөн 20 гаруй жил хөндсөн байдаг. Харин сүүлийн гурван парламент дамжиж идэвхтэй ярьсан гэхэд болно. Тэгвэл өнөөгийн парламент Үндсэн хуульд гар хүрч, түүхэн үйл явдлын гэрч болцгоолоо.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг таван сар гаруйн хугацаанд буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэв. Үүний үр дүнд буюу өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ны өдөр хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар 100 хувийн саналаар баталж, тэрхүү үйл явдлаа түүхэнд тэмдэглэж үлдээлээ.

Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүний 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Ингэхдээ байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг хийж өгсөн нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн амин чухал зүйл нь байлаа. Тэгвэл ирэх оны тавдугаар сараас дагаж мөрдөх Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн голлох өөрчлөлтийг уншигчдадаа дахин сануулж байна.  

 

  1. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
     
  2. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д анх оруулснаас хойш 45 хоногийн дотор,  эсвэл 43.1-д “Ерөнхий сайдыг огцруулснаас” эсвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор шинэ сонгууль зарлана. Шинэ сонгууль явагдаж дуустал УИХ бүрэн эрхээ эдэлнэ.
     
  3. Шүүхийн сахилгын хороо ажиллана.
     
  4. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
     
  5. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
     
  6. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, баялаг ой, усны нөөц, ан амьтан төрийн, нийтийн өмч мөн. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж шударга хүртээхэд чиглэнэ.
     
  7. УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
     
  8. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 2/3-оор шийдвэрлэнэ.
     
  9. Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
     
  10. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
     
  11. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
     
  12. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
     
  13. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
     
  14. Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
     
  15. УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ гурван дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.
     


-СОНГУУЛИЙН ӨМНӨХ СОНГУУЛИЙН ХУУЛЬ-



Монгол Улс сонгуулийн бүрийнхээ өмнө хуулиа өөрчилдөг жишиг ч энэ жил давтагдлаа. Бид ирэх жил найм дахь удаагаа ардчилсан сонгууль явуулах гэж байгаа. Тиймээс сонгуулийн өмнөх жил найм дахь удаагийн Сонгуулийн тухай хуулиа батлах хэрэгтэй болсон юм. Энэ дагуу УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 13:45 минутад бүхэлд нь баталлаа. Санал хураалтад УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр уг хууль батлагдлаа.  

Сонгуулийн шинэ хууль нь 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан хувилбараар буюу 76 гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгох мажоритар тогтолцоотой байхаар тохирсон. дүүрэг, аймаг бүр тойрог болж, тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.

Сонгуулийн тухай хуульд орсон зарим онцлох заалтуудаас дурдвал "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй" байх заалт багтсан.

Энэ заалтын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд олон хүн нэр дэвших эрхгүй болсон юм. Өмнөх хуулиар сонгуулийн санал хураалтын өмнө 30 хоногоос доошгүй хугацаанд шилжилт хөдөлгөөнийг түр хориглодог байсан бол энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоохоор хуульчиллаа. Мөн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж тусгасан нь "Цагаан сонголт" хийх боломжийг хязгаарласан заалт байлаа. 



-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ АНХ УДАА ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАВ-
 



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн болсон цагаасаа хойш УИХ-аар баталж байгаа олон хууль тогтоомжид хориг тавьсан ч УИХ-ын босго давсан нь үгүй. Хэдийгээр Ерөнхийлөгчийн тавьсан хориг босго давдаггүй ч цаад агуулга санаа нь үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, зөвхөн хувь улстөрчийн байр сууринаас ханддаг хэмээн шүүмжлүүлдэг байв.

Харин 2019 онд түүний хоригийг УИХ хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл 2019.05.30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсныг УИХ 2019.06.07-ны нэгдсэн хуралдаанаараа хүлээж авах шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Ерөнхийлөгч 2019.12.03-нд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ мөн хэсэгчлэн хүлээж авсан. Төсвийн багц хуулиас нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх тухай хуулийг Ерөнхийлөгч төдийгүй олон нийтийн зүгээс ч хүчтэй эсэргүүцэж байсныг УИХ мөн хүлээн зөвшөөрсөн юм.

Ерөнхийлөгчийн бусад хоригуудын хувьд УИХ хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.05.14-нд Татварын багц хуульд бүхэлд нь, 2019.06.04-нд Татварын багц хуультай холбоотой УИХ-ын тогтоолд бүхэлд нь, 2019.09.20 Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд, 2019.12.3 Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2019 онд АНУ, ОХУ, Киргиз гэдэг хэд хэдэн оронд төрийн айлчлал хийсэн бөгөөд АНУ дахь айлчлалыг онцлох нь зүйтэй. Тэрбээр 2019.08.01-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, Монгол, Америкийн хоорондын харилцаа Стратегийн түншлэлд хүрснийг зарласан явдал нь Ерөнхийлөгчийн гол ажлуудын нэг байв.



-МАНАН-ГИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ БУЮУ "60 ТЭРБУМ"-ЫН ЦЭВЭРЛЭГЭЭ-
 

Өнгөрсөн жилийн өдийд илүү хүчээ авсан МАНАН-гийн эсрэг тэмцэл өнгөрсөн хавар үр дүнгээ өгсөн гэхэд болно. Улс төрд шургалсан МАНАН бүлэглэлийн гол эздийн нэг гэгддэг М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж, түүний оронд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон нь оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй байлаа. 

Тэгвэл МАНАН-гийн эсрэг тэмцлийг улс төрийн хүрээнд "их цэвэрлэгээ" ч гэж ярьдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд улс төрийн хүрээнд "их цэвэрлэгээ" явагдсан гэж ойлгож болох юм.

Үүний нэг нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон нийтийг дэндүү их бухимдуулж, ярианы гол сэдэв байж ирсэн "60 тэрбум"-ын гэх тодотголтой хэргийн холбогдогч нарт ял оноосон явдал байлаа.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс "Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан" гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт хоёр жилийн ял оноов. Харин ялтан Ц.Сандуй, А.Ганбаатар нар давж заалдахаа мэдэгдээд байгаа билээ. 



-ЕРӨНХИЙ САЙДЫН ЗОРИГТОЙ ШИЙДВЭРҮҮД-
 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хоёрхон зорилтыг гол шугамаа болгож иржээ. Нэгдүгээрт, сахилга бат, дэг журмыг бүх шатанд бэхжүүлэх, хариуцлагатай байх. Хоёрдугаарт, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангах юм.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хоёр зорилтынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл мэнд, амьдралд нааштай олон шийдвэрийг гаргасан байна.  

Жишээ нь, улаанбаатарчуудын "мөнхийн зовлон" болсон агаарын бохирдол, утааг шийдсэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн том үзүүлэлт байж таарна. Тэрбээр түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргаж, тэрхүү шийдвэрээ өнөө жил хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлшийг галлагаанд нэвтрүүлсэнээр хотын агаарын бохирдол, утааг тодорхой хэмжээнд бууруулж чадсан юм. 

Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын 14-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авах шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн батлав. Энэхүү хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Энэ Ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах үүрэгтэй.

Ажлын хэсгээс саяхан Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын нэг жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргуулсан билээ. Нөгөө талаараа төр, засгийнхан хариуцлагагүй уул уурхайтайтай хатуу тэмцэж эхэлсэн гэхэд болно. Энэ бол Тост, Тосон бумбын төлөөх жишиг тэмцэл, түүний хүрээнд "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийг 21 аймагт өрнүүлсэнтэй холбоотой юм.    

Харин энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хойш хөрш болох ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нартай ганцаарчилсан уулзалтыг хийж, хоёр орны хамтын ажиллагаа хийгээд эдийн засгийн харилцааг нэг шат ахиуллаа. Айлчлалын хүрээнд Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.  



-СӨРӨГ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ-
 



Улиран одож байгаа 2019 онд УИХ сөрөг хүчингүй ажилласан гэж болно. Улс төрд өрнөсөн гол шийдвэрүүд болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН-ын гол заалтуудыг тусгаагүйгээс улбаалан санал хураалтыг АН-ын гишүүд орхин гарсан. Мөн Сонгуулийн тухай хуульд ч сөрөг хүчин болох АН-ын саналыг сонсоогүй гэхэд хилсдэхгүй. Үүнд нь АН парламентад бүлэггүй болсон нь нөлөөлсөн нь дамжиггүй.

Хэдийгээр эрх баригчдын зүгээс АН болон парламентад суудалгүй намуудын саналыг шийдвэр бүртээ харгалзан үзэж байгаагаа илэрхийлсэн ч Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг МАХН зэрэг парламентын гаднах намууд эсэргүүцсээр байгаа юм.

 

Сөрөг хүчингүй мэт ажилласан энэ орон зайд 2019 онд ШИНЭ /Шударга иргэдийн нэгдсэн эвсэл/ нам гарч ирсэн юм. АН-аас өрх тусгаарласан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 2019.06.06-нд ШИНЭ намыг үүсгэн байгуулах анхдугаар их хурлаа хийж, намын даргаар Ж.Батзанданг, УЗ-ийн даргаар Л.Болдыг сонгосон юм. Ийнхүү парламентад хоёр ч суудалтай нам үйл ажиллагаа идэвхжүүлж, гол хуулийн төслүүдийн ажлын хэсэгт багтан саналаа шингээж ажиллах болов. ШИНЭ-ийнхэн зөвхөн өөрийн намын бодлого гэхээсээ илүүтэй улс төрийн бусад намуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийн тулд идэвхтэй ажиллаж, сөрөг хүчний орон зайд цойлон гарч ирснийг онцолж байна.



-УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД ӨРНӨСӨН ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОВЧХОНООР ЭРГЭН САНАЦГААЯ
 

2019.01.04: УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа.

2019.01.10: МАНАН дэглэмийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн тэмцэл хүчээ авлаа.

2019.01.11: Г.Солтан гишүүний бүрэн эрхийг 76.9 хувийн саналаар “хамгаалав”.

2019.01.18: УИХ-ыг тарахыг шаардаж 14 гишүүн гарын үсгээ зураад байв.

2019.01.21: УИХ-ын даргыг огцрохыг шаардаж 30 мянган иргэн гарын үсэг зуржээ.

2019.01.29: УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

2019.02.01: Г.Занданшатар УИХ-ын дарга болов.

2019.02.01: Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг чөлөөллөө.

2019.02.03: Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайдаар, Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томиллоо.

2019.02.07: Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа.

2019.03.05: ЖДҮ-тэй нэр холбогдсон 23 гишүүний тавыг нь ЯЛЛАГДАГЧААР татлаа.

2019.03.06: Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо.

2019.03.13: АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцари Улсад ажиллаж байна.

2019.03.14: Ерөнхий сайд У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ.

2019.03.29: Төв аймгийн хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 476 хоног эрүүдэн шүүжээ.

2019.04.03: Машинтай жагсагчид зээлийн хүү бууруулахыг шаардав.

2019.04.04: Ерөнхий сайд Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо.

2019.04.05: Ө.Энхтүвшин: 40 сая ам.доллараар “Эрдэнэт”-ийн өрийг хаалаа.

2019.04.05: АН-аас УИХ-ыг тарахыг шаардаж жагсаал зохион байгууллаа.

2019.04.08: Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа хүлээн авлаа.

2019.04.09: УИХ дахь АН-ын бүлэг тарж байгаагаа мэдэгдлээ.

2019.04.25: Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

2019.04.29: МАН-ын Бага хурал: Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.

2019.05.02: С.Жавхлан гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын намд элслээ.

2019.05.23: Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа.

2019.05.20: Төрийн ордонд Г.Батхүү агсны амиа алдсан энэ газар хүндэтгэл үзүүлж байна.

2019.05.24: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ.

2019.05.30: Өнөөдөр АН-аас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” зохион байгуулна.

2019.06.06: Г.Баясгаланг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо.

2019.06.06: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.

2019.06.06: ШИНЭ намын даргаар Ж.Батзанданг сонголоо.

2019.06.12: Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.

2019.06.12: О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй нэгдлээ.

2019.06.14: Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

2019.06.19: Үндсэн хууль өөрчлөх төсөл гараанаас хөдөллөө.

2019.06.19: ЗГ: Алтанбулаг-Замын-Үүдийн автозамын зэрэг 11 концессийн гэрээг цуцаллаа.

2019.06.24: Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад айлчилж байна.

2019.06.26: Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

2019.06.27: НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан хотын даргыг огцруулах санал гаргав.

2019.06.28: ЗАСГИЙН ГАЗАР: "Чингис" хааны музейг байгуулахыг даалгалаа.

2019.06.28: ЗАСГИЙН ГАЗАР: Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татахаар боллоо.

2019.07.30: Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. 

2019.07.31: ЗАСГИЙН ГАЗАР: Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно

2019.07.31: Туркийн Үндэсний их хурлын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 

2019.08.09: Элчин сайд Ёорн Розенберг итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

2019.09.04: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрт 150 саяын НУУЦ ГЭРЭЭ хийгдсэн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандлаа. 

2019.09.08: Засгийн газар "Жаст"-ын Ш.Батхүүгээр хохирлоо төлүүлэх шийдвэрийг гаргав. 

2019.10.22: Г.Доржзодов НЭР ТӨРД ХАЛДСАН үндэслэлээр А.Ганбаатарыг шүүхэд өглөө.

2019.10.23: Б.Батзориг нарын 13 хүнд холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ.

2019.10.24: АТГ-аас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаж дууслаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.219.209) 2019 оны 12 сарын 31

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Zochin(98.247.88.7) 2019 оны 12 сарын 25

Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg

0  |  0
Zochin (98.247.88.7) 2019 оны 12 сарын 25

Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg

0  |  0
Top