Л.Болд: Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой огт байхгүй хуулийг баталсан

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод болон дэд хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гараагүйтэй холбоотой долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хурал болсонгүй. Харин УИХ дахь ШИНЭ намын зөвлөл уламжлал ёсоор хуралдаж хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал болон Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-Айрагт Цианид натри алдагдсан тухай, монгол хүүхдүүд дээр хууль бус эмийн туршилт явуулсан асуудал зэргийг хэлэлцсэн байна.

Хэлэлцсэн асуудлын талаар ШИНЭ намын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ хэвийн ажиллах ёстой. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалал гараагүй учраас бид хүлээлтийн байдалтай байна. Өнгөрөгч долоо хоногийн тав дахь өдөр УИХ сонгуулийн хуулийг баталсан. Сонгуулийн тухай хууль ихээхэн зөрчилтэй, асуудал дагуулсан хууль батлагдсан. Улс төрийн 23 нам нэгдэж, сонгуулийг ямар нэгэн будилаангүй болгохын төлөө сонгуулийн хуулийн төсөл дээр ажилласан. Үүний үр дүнд Монголын улс төрд улс төрийн хүчнүүд эвлэлдэн нэгдэж, эвсэж ажиллах боломжийг анх удаагаа бүрдүүлж чадсанаараа сонгуулийн хуулийн түүхэн амжилт боллоо. Өмнө нь эрх баригч нам шинэ намуудыг эвсүүлэхгүй байх, ардчилсан хувьсгалд оролцсон гол байгууллагуудыг сонгуулийн гадна үлдээх бодлогыг 30 жилийн турш барьж ирсэн. Дээр нь хотод цөөхөн мандалт, хөдөөд олон мандаттай байх зохион байгуулалтын арга хэмжээгээр сонгуулийг өөрсдийнхөө талд шийдвэрлэх бүхий л захиргаадалтын аргыг хэрэглэж ирсэн түүхтэй. Шинэ намууд зохион байгуулалттай, хүчтэй болсон цаг үед тэд эвсэн нэгдэх нөхцөл бололцоог байнга хааж, бий болсон эвслийг задлах бодлого баримталдаг байсан. Олон нам нэгдэхэд аль нэг нам нь татгалзахад тэр эвслийн бүх шийдвэр цуцлагддаг байх, аль нэг нам нь гаргахад тэр эвсэл тардаг байх дэлхийд байхгүй тогтолцоог монголд нутагшуулаад байсан. Харин ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн хүчнүүдийн тэмцлийн үр дүнд энэ хуульд улс төрийн намууд намчирхаж, талын нэг тарсан улс төрийн намуудыг сонгуулийн үед нэгтгэх ахицтай шийдвэр гаргасан. Мэдээж өөр сайн зүйл ч бий, дутуу зүйл ч бий. Үндсэн хууль ирэх оны тавдугаар сард хүчин төгөлдөр болоход дахиж ингэж сонгуулийн өмнө өөрчлөгддөггүй байнгын сонгуулийн хуультай болох боломж бий гэж үзэж байна. Сонгуулийн хууль бол ШИНЭ нам өөрийнхөө зүгээс оруулсан гол саналаа дэмжүүлж чадсанаараа Монголын ус төрийн хүчний түүхэнд ШИНЭ намын оруулсан бодитой хувь нэмэр байх болно.

Ер нь Хууль зүйн байнгын хороо хуралдаж чадахгүй байгаа. Ялангуяа Эрүүгийн хууль, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ирц бүрдэхгүй байх зэргээр МАНАН дэглэмийнхэн зохион байгуулалттай арга хэмжээ авч байгаа. Энэ бүхний шалтгаан нь МАНАН-гийн олон хэрэг хуулийн байгууллагад боогдоод шийдвэр гаргахад ойртоод байгаа. Энэ бүгдээ хууль бус хөөн хэлэлцэх хугацааныхаа хуулиар нэг хэсэгтээ аргалах бодлого явж байгаа. Үүнийг ШИНЭ нам эрс эсэргүүцэж байна. УИХ яаралтай хуралдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар яаралтай шийдвэр гаргах ёстой. Бид хоёр жил гаруйн өмнөөс хөөн хэлэлцэх хугацааны хулгайн хуулийг илжилж ирсэн. Ерөөсөө УИХ-д өргөн баригдаагүй, ажлын хэсэг дээр яригдаагүй буюу огт байхгүй хуулийг МАНАН-гийнхан чуулган дээр шууд алх цохиж баталчхаад хууль байгаа мэт үзээд байгаа тогтолцоо нь буруу. Ийм хууль ерөөсөө байхгүй. Байхгүй хуулийг УИХ дээр баталсан байна гэдэг дэлхийд байхгүй үндэслэлээр Монголын ард түмний баялгийг идэж, хувьдаа завшсан улсууд ял завших нөхцөл байдал үүсээд байна. ШИНЭ нам цаашид эрс шийдэмгийгээр тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СОНГОГЧ(122.201.21.191) 2019 оны 12 сарын 26

ДҮЛЗЭН БОЛД НАР ЗАЙЛАХ ЦАГ ОЙРТСООР Л

1  |  0
Top