Ирак гаднын цэргүүдийг газар нутгаасаа гаргана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Иракийн парламент гаднын цэргийг газар нутгаасаа гаргах шийдвэр гаргаж, Засгийн газартаа энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, тус улсын агаарын зайг цэргийн зорилгоор ашиглахыг хориглох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Түүнчлэн, “Исламын улс” алан хядагчдын бүлэглэлийн эсрэг тэмцэх олон улсын эвсэлтэй хамтын ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Үүнээс өмнө Иракийн гадаад хэргийн яам АНУ-ын тус улсын газар нутагт хийсэн цохилтыг Ирак улсын тусгаар тогтнол, олон улсын эрх зүй, хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэмээн үзэж, Багдад дахь АНУ-ын элчин сайд Мэтью Теллерт эсэргүүцлийн ноот гардуулсан байна. Хэдийгээр АНУ Иракийн Засгийн газарт Ираны генерал Касем Сулейманийн эсрэг халдлага үйлдэх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч Иракийн тал зөвшөөрөл олгоогүй гэнэ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани генералын амь насыг хөнөөсний төлөө хатуу хариу барихаа мэдэгдсэн бол Хаменеийн цэргийн зөвлөх Хосейн Дехган CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Иран АНУ-ын цэргийн объектуудад хариу цохилт өгнө гэж мэдэгджээ.

Дэлхийн нийгэмлэгийн зүгээс Тегеран, Вашингтонд нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан байна.

Генерал Сулейманийн үхэлтэй холбоотой Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж буйтай холбогдуулан НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг шуурхай хурал зарлажээ.

Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал алан хядагчидтай хийж буй тэмцлийг сулруулна хэмээн шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top