ДЭЛХИЙН ТОЙМ: Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар АНУ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Ирак улс гаднын орнуудын цэргийг газар нутгаасаа гаргах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. “Исламын улс” хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн байна. Олон улсын цэргийн эвслийн тус улс дахь үйл ажиллагаа нь Иракийн цэргүүдэд зөвлөх, зэвсэг шилжүүлэх, сургалт явуулах зэргээр хязгаарлагдах бөгөөд эвслийн хүч Иракаас гарна. Энэ шийдвэрийг Багдадын нисэх онгоцны буудлын ойролцоо АНУ-ын агаарын цохилтын улмаас энэ сарын 3-нд шилжих шөнө Ираны генерал Касем Сулеймани амь үрэгдсэний дараа гаргажээ. Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн төлөөлөгч Абдель Керим Халф АНУ-ын тус улсын нутаг дэвсгэрт цохилт өгсөн нь тэнэглэл гэв.

Иракийн эрх баригчид гаднын цэргийг тус улсаас, тэр дундаа Америкийн цэргийг гаргахаар бэлтгэж байна. Энэ тухай Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн төлөөлөгч Абдель Керим Халф мэдэгдээд “Ирак дахь олон улсын эвслийн үйл ажиллагаа нь зөвхөн зөвлөлдөх, зэвсэг нийлүүлэх, цэргийн албан хаагчдыг сургах зэргээр хязгаарлагдах бөгөөд зэвсэгт хүчин нь Иракаас гарах болно. Сүүлийн үеийн Америкийн цохилтууд бол чимээгүй өнгөрүүлж боломгүй тэнэглэл юм” гэжээ. Тэрбээр Иракийн Засгийн газар олон улсын цэргийн эвслийн хүчний газрын болон агаарын хөдөлгөөнийг хязгаарлаж, хаашаа ч хөдлөхийг зөвшөөрөхгүй байгааг нэмж хэлэв. Түүний хэлснээр АНУ үйл ажиллагааныхаа талаар Иракийн цэргийн хүчний дээд командлалд мэдээлэл өгөөгүй байна.

Ойрх Дорнодын Бүгд Найрамдах Улсын парламент өмнө нь яаралтай хуралдаж, тус улсад байгаа гадаадын цэргүүд агаарын орон зайг нь цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох, “Исламын улс” бүлэглэлийн терроризмын эсрэг тэмцэх АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн хүчинтэй хамтын ажиллагаагаа зогсоох тухай санал хураалт явуулжээ. Уг шийдвэр энэ сарын 3-нд шилжих шөнө Багдадын нисэх онгоцны буудал руу хийсэн АНУ-ын агаарын цохилтын улмаас гарсан нь тодорхой.

Багдад агаарын баазын төлбөрийг төлөх хүртэл АНУ-ын цэргүүд гарахгүй

Иракийн Ерөнхий сайд Адель Абдель Махди АНУ Иракийн Засгийн газарт Сулейманид цохилт өгөхөөсөө хэдхэн минутын өмнө мэдэгдсэн гэж мэдэгдсэн боловч Багдад ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй аж. Тус улсын Гадаад хэргийн яам мөн Багдадад суугаа АНУ-ын элчин сайд Мэтью Теллерт эсэргүүцлийн нот бичиг явуулж, Америкийн цохилтыг Иракийн тусгаар тогтнол болон бүх олон улсын хэм хэмжээ, хууль тогтоомжийг зөрчиж байна гэж мэдэгджээ. Хариуд нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэргээ татах тухай парламентын шийдвэрийн хариуд Иракийн эсрэг том хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн гэнэ. Тэрбээр Америкийн цэргийг гаргах нь нөхөрсөг бус уур амьсгалд явагдах юм бол Багдад өмнө нь тулгарч байгаагүй санхүүгийн хязгаарлалттай учрах болно гэж нэмж хэлжээ. Үүнээс гадна Трамп Багдад Америкийн барьсан агаарын баазын төлбөрийг төлөх хүртэл АНУ-ын цэргүүд тус улсаас гарах бодолгүй байгааг мэдэгджээ.

Сануулахад, Пентагоны төлөөлөгч өмнө нь Касем Сулейманид халдсан нь Доналд Трампын тушаалаар хийгдсэн үйлдэл гэж мэдэгдсэн. Яагаад гэвэл Вашингтон генералыг 2019 оны арван хоёрдугаар сарын 31-нд Багдад дахь Америкийн Элчин сайдын яам руу хийх дайралтыг зохион байгуулж, түүнчлэн Ирак дахь Америкийн цэргийн болон дипломат ажилтнууд руу хийсэн халдлагыг зохион байгуулахад оролцсон гэж үзэж буй. Хариуд нь Ираны эрх баригчид АНУ-ын агаарын цохилтуудад хатуу хариу өгөхөө амлажээ. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф “Твиттер” хуудсандаа генерал Сулейманитай салах ёслол хийх ажиллагаанд оролцож буй маш олон хүний зургийг оруулсан бөгөөд энэ нь АНУ-ын баруун Азид үзүүлэх муу нөлөө дуусахын эхлэл гэсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд “Доналд Трамп, та амьдралдаа ийм олон хүн далайг харсан уу? Та дахиад л манай бүс нутгийн талаар зөвлөгөө өгдөг алиалагчдыг сонсохыг хүсэж байна уу? Одоо ч гэсэн манай агуу эх орон, ард түмний хүслийг хугалж чадна гэж бодож байна уу” гэж бичжээ.

Зарим шинжээчийн өгүүлж байгаагаар АНУ-ын дайралт нь олон улсын бүх хэм хэмжээний эсрэг байгаа аж. Вашингтон олон улсын тавцанд зөвхөн Иракт ч биш бусад улсад ийм алхам хийж магадгүй гэв. “Энэ бол АНУ-ын алсыг хараагүй, бодоогүй, юугаар ч тайлбарлашгүй үйлдэл. Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг улс тогтворгүй болгоход хүргэсэн” гэж “RT” агентлагийн олон улсын асуудлаарх шинжээч өгүүлжээ. Нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд зөвхөн мөргөлдөөнд оролцогч талуудын хоорондын яриа хэлэлцээгээр хурцадмал байдлыг намжаахад тусална гэсэн байр суурийг шинжээчид илэрхийлж байна. Мөн Ойрх Дорнод дахь АНУ-ын цаашдын алхмыг урьдчилан таамаглахад хэцүү хэвээр байгаа бөгөөд зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар Вашингтоны үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой аж.

Кибер халдлага

Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпусын “Кудс” тусгай албаны тэргүүн, генерал Касем Сулеймани Иракийн Багдад хотын нисэх онгоцны буудалд хийсэн АНУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтын үеэр амиа алдсан юм. Түүнчлэн цохилтын үеэр Иракийн шиитүүдийн зэвсэгт бүлэглэлийн гишүүд амиа алдаж, 12 цэрэг шархадсан. АНУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс генерал Касем Сулейманигийн эсрэг тусгай ажиллагааг Доналд Трампын тушаалаар гүйцэтгэснийг баталсан билээ. Жагсагчид Багдад хот дахь АНУ-ын Элчин сайдын яам руу дайрснаар нөхцөл байдал хурцадсан юм. Тэгвэл АНУ дээрх үйлдлээ Ираны дайралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан гэжээ. Мөн АНУ-ын болон “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх олон улсын цэргийн эвслийн цэргүүд амиа алдсаны хариуцлагыг генерал Касем Сулеймани үүрэх ёстой гэж АНУ үзэж байгаа юм.

Генерал Сулеймани амь насаа алдсан хэрэг нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаад санаа зовниж буйгаа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси илэрхийлээд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас нөхцөл байдлын тухай Конгресст мэдээлэл хийхийг шаарджээ. Тэрбээр Трампын засаг захиргаа агаарын цохилтыг Конгрессын зөвшөөрөлгүй хийсэн гэсэн байна.

Ираны эрх баригчид АНУ-аас генерал Касем Сулейманигийн амийг хөнөөсөн хэргийн хариуг авна гэж мэдэгдсэн юм. Тухайлбал, уржигдар Ираны зүгээс АНУ-ын Засгийн газрын Холбооны мэдээллийн сангийн веб сайтад кибер халдлага хийжээ. “New York Times”-ийн мэдээлснээр хакерууд мэдээллийн сайтад нэвтэрч “Бурхны өмнөөс... Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас энэхүү мессежийг илгээж байна... Генерал Касем Сулейманигийн үйл хэрэг, замнал ингээд зогсохгүй. Түүний амийг хөнөөсний хариуд хатуу шийтгэл ногдуулах болно” гэсэн агуулгатай мессежийг байршуулсан байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цустай зургийг байршуулжээ. АНУ энэхүү кибер халдлагын эсрэг арга хэмжээ авна гэсэн байна. Тэгвэл Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн цэргийн зөвлөх Хосейн Дехган “Иран АНУ-ын цэргийн объектуудад хариу цохилт өгнө” гэжээ. Нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг шуурхай хурал зарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп америкчуудын эсрэг халдлага гарсан тохиолдолд Ираны 52 байршилд цохилт өгнө гэж мэдэгдсэн юм. Энэ нь олон жилийн өмнө Иран АНУ-ын 52 иргэнийг барьцаалж байсантай холбоотой тоо гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(141.226.162.254) 2020 оны 01 сарын 08

Dain boloh ndee zolig gj trump guaig yayii daa baiz kk

0  |  0
Top