Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллээ даваа гараг бүр авах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Нийгмийн даатгалтай холбоотой олон асуултыг иргэд бие биенээсээ асууж, сураглаж, чих тавьдаг ч дийлэнх нь буруу ташаа мэдээлэл байх нь бий. Тиймээс энэхүү эрэлт хүсэлтийг харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд, даатгуулагчдадаа зориулан долоо хоног бүрийн  Даваа гарагийг нээлттэй өдөр болгон зарласан байна. 2018 оны дөрвөн сараас эхлүүлсэн энэхүү нээлттэй өдөрт ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөө албаны эх сурвалжаас авдаг бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авснаар таны цаг хугацааг хэмнэх давуу талтай юм. Иргэн, даатгуулагч танд нийгмийн даатгалтай холбоотой тулгараад буй асуудал байвал, та нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг бол, өндөр насны тэтгэврээ удахгүй тогтоолгох гэж буй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зориорой. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаарх мэдээлиийг “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Та өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулахаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоног бүрийн Даваа гарагт иргэдийг нээлттэй хүлээн авч хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь өгөхөөр ажиллаж байгааг дахин дуулгая. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top