Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны тайланг тус газар болон Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас хариуцан танилцуулж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэв.
Хурлаар иргэд, хэрэглэгчдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар зарим ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, худалдаа, үйлчилгээний салбарт тусгай зөвшөөрөл олголт, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.
Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулна. Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар шийдвэрлэх бэлтгэл ажлыг хангах, орон нутагт эдгээр хуулийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутагт тус агентлагийн орон тооны улсын байцаагч, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж байсан юм.
Ингээд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны үйл ажиллагааны талаархи тайлан, мэдээлэлтэй холбогдуулан дараахь ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөгдсөн байна. Үүнд:
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг бэхжүүлэх, хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг орон нутагт улсын байцаагчтай болгох, хяналт шалгалтын автомашинтай болгох, компьютер, техник хэрэгслийг шинэчлэх зэрэг ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт махны үнийн өсөлтийг зохицуулах, дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх зэрэг аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдээс Улсын Их Хурлын байнгын хороонд хандан ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх талаар тодорхой ажил зохион байгуулж танилцуулахыг тус тус үүрэг болгосон байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )