Хятад, Монголын хилийн боомтуудыг нээлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

БНХАУ-ын Сар шинийн баяртай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтуудыг энэ сарын 25-27-ны өдрүүдэд хаасан бөгөөд өнөөдрөөс /2020.01.28/ хилийн боомтуудыг нээлээ.

Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хоёр улсын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргаад байна. Тодруулбал, хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэх, Эрдэс баялагийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

Мөн Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй байх, Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлэх юм.

Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаад байна.

Монгол, Хятадын хилийн боомтуудыг нээсэнтэй холбоотойгоор хилээр орж ирэх иргэдэд тандалт, судалгаа хийх ажлыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн зохион байгуулж, шуурхай ажиллах талаар Засгийн газраас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг чиглэл өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top