Сайд дарга нар өнөөдөр цуглаж цагаан сарын барилдаан, сар шинийн баяр тэмдэглэх эсэхийг нухацтай хэлэлцэх мэдээ байна. Гадаадаас ирж буй шинэ төрлийн вирусийн тархалтын мэдээ, дотоодын таслан сэргийлэлтээс үүдэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг ирэх гуравдугаар сарын 2-ыг хүртэл хориглоод байгаа. Төрөөс нэгэнт ийм чиг өгсөн учраас XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сар шинийг угтсан бөхийн барилдаан цуцлагдах шинжтэй.
Өвчний хажуугаар тариатай болон таримал бөхчүүд нь барилдахаа байлаа гээд үгсчихэж. Сураг сонсох нь, тариа тариулан олны хүндлэлийг хүлээсэн бөх 40 орчимд хүрсэн гэнэ. Тэд нэгнийхээ эсрэг бус нийтээрээ тарианы эсрэг хөдөлгөөнийг уриалж байгаа нь ч өвчин зовлонтой давхцаж, цагаа олсон мэт. Харин гэр орондоо золгон мэндчилэхийг хориглох талаар бол ам гарахад эрт л баймаар юм, уг нь. Хориглолоо гээд ч яах билээ.
Монгол тооллоор шинэ сар гарч, урин орох нь л үнэн хойно. Тэгэхээр төрийнхөө шийдвэрийг дагах уу, төрүүлсэн эцэг эхийнхээ сургаалиар болгох уу гэдгийгээ ааваасаа л утас цохиж асууя даа. Аав нэг юм хэлж таарна. Түүнээс урьтаж буузаа ч болов чимхэе дээ. Энэ жил эрт дулаарах шинжтэй.
Сэтгэгдэл ( 0 )