ЗИНДАА 2020.01.31 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

#1 МОНГОЛ УЛС ГУРАВДУГААР САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ ХИЛЭЭ ХААЛАА
 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргалаа.  Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаах нь зөв гэж үзсэн байна.  Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэлх хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 11 САР ТАСРАЛТГҮЙ ХУРАЛДСАН НАМРЫН ЧУУЛГАН ХААЛТАА ХИЙЛЭЭ
 


 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.31/ үдээс хойших хуралдаанаар шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас цаг үеийн зарим зүйлсийг тодруулж байлаа. Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголчуудын өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа томоохон сорилт бол титэмт вирус. Энэ сорилтыг эв саналаа нэгтгэж байж давна. Тиймээс Засгийн газраас онцгой анхаарч байгаа. Юуны өмнө нэг тогтмол утсыг ажиллуулж, мэдээллээр хангах хэрэгтэй байна. Бид өндөр зохион байгуулалттай байж эрсдэлийг даван туулна. ДЭМБ-аас дөрөв, тавдугаар сар хүртэл халдварын оргил үе үргэлжилнэ гэж байгаа. Тиймээс эрсдэл урд байгаа шүү” хэмээлээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ЦУВРАЛ II: “РИО ТИНТО”-ТОЙ АРБИТРЫН ҮҮДЭНД УУЛЗАХЫН ӨМНӨ ЗАСАГТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ 
 


Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан цуврал энэ удаад ТАТВАР-тай холбоотой сэдвийг хөндөж байна.

Төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто”-той хэлэлцээ хийх Ажлын хэсэг анхны хуралдаанаараа хэлэлцэх асуудлуудын эрэмбэ дарааллыг ярилцсан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Түүний ахалсан Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд,  Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах үүрэг хүлээж буйг сануулъя.

УИХ-аас  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ын дагуу Засгийн газарт өгсөн даалгавруудыг өмнө нь мэдээлсэн. Засгаас байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаанаар 34 хувийн асуудлаас гадна  төслийн эрчим хүчний эх үүсвэр, Дубайн гэрээ, Татварын маргаан гэхчлэн анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцсэн байгаа юм. Тухайлбал, Ажлын хэсэг татварын маргааныг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарч байгаа. Шаардлагатай гэж үзвэл Арбитрын шүүхэд хандаж болзошгүй гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ДЭМБ КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР ДОЛООН ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
 


​​​​​​​Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын шуурхай хурал Женевт болж, Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас “Олон улсын онц байдал” зарлалаа. "Онц байдал зарласнаар дэлхий дахин энэхүү өвчинд илүү анхаарал хандуулж чадна" гэж ДЭМБ-иас үзэж байна. Мөн коронавирусийг онц аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “Бид энэ вирус эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тархахдаа ямар хохирол учруулахыг мэдэхгүй байна. Бид энэ орнуудад туслах ёстой. Ийм шалтгаанаар манай байгууллага Олон улсын онц байдал зарлаж байна” гэлээ. 

ДЭМБ-ын зүгээс БНХАУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэл, хүчин чармайлтыг өндөр үнэлжээ. Тедрос Аданом Гебрейесус мөн "Одоогийн байдлаар дэлхийн 18 оронд халдвар илрээд байна. Хятадаас гадна дөрвөн оронд буюу Вьетнам, Герман АНУ, Японд хүнээс хүнд халдсан тохиолдол гарсан. Хятадын Засгийн газрын шуурхай ажиллаж байгаа" гэж хэлсэн байна. Онц байдал зарласан нь Хятадад итгэхгүй байгаа хэрэг биш гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 КОРОНАВИРУСИЙГ ЯЛСАН ЭМЭГТЭЙ ДЭЛХИЙД ИТГЭЛ НАЙДВАР ӨГЧ БАЙНА

“Сүүлийн хэдэн жил Уханьд ажиллаж байна. Шинэ жил тэмдэглэхээр төрөлх Чунчин хот руу нэгдүгээр сарын 15-нд гарсан" гэж шинэ төрлийн коронавирусээр халдварласан ч бүрэн эдгэсэн Зян овогт 44 настай эмэгтэй Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүнийг Чунчин хотын галт тэрэгний буудалд угтсан нөхөр нь эхнэрийнх нь бие муу байгааг анзааран, нутгийн ардын эмнэлэгт аваачсан байна. Тэнд хэд хоног эмчлүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан тул энэ сарын 21-нд Чунчин хотын төв “Санься” эмнэлэгт шилжүүлжээ. Эмнэлэгт түүнд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа туссан байна гэсэн онош тавьж, тусгаарласан аж.

Зян “Би Чунчинд энэ вирусээр халдварласан анхны өвчтөн болсон” гээд эмч, эмнэлгийн ажилтнууд түүнд онцгой анхаарал хандуулан, эмчилж байсанд талархжээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top