Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 11-12-нд шинэ төрлийн 2019-nCoV коронавирусийг судлах асуудлаар дэлхийн чуулга уулзалт зохион байгуулахаар боллоо.
Уулзалтын зорилго нь энэ вирусийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эмчилгээний арга, вакцин гаргаж авахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг зохицуулахад оршиж байна гэж ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.
“Бидэнд өвчтөнүүдийг эмчлэх эм хэрэгсэл, вакцин, эмчилгээний арга байхгүй байна. Тиймээс энэ уулзалтаар дэлхийн дахины, ялангуяа Хятад улсын шилдэг эрдэмтэд оношлуур, вакцин, эм хэрэгслийг боловсруулах үйл явцыг түргэтгэх асуудлыг хэлэлцэх юм” гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, вирусийн гарал үүсэл зэрэг мэдэхгүй зүйл олон байна. Донорууд энэ вирустэй тэмцэхэд зориулж тусламж үзүүлэхэд бэлэн байна. Гэхдээ тусламжийг үр ашигтай зарцуулах үүднээс тэргүүлэх чиглэлийг тодорхойлох шаардлагатай байна гэв.
ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан сүүлийн хоногт шинээр халдвар авсан хүмүүсийн тоо анх удаа буурсныг онцлоод, гэхдээ нөхцөл байдал хэрхэн эргэхийг хэлэхэд эрт байна гэжээ. Түүний мэдээлснээр, хэдийгээр Хубэй мужид халдварын тоо нэмэгдэж буй ч Хубэй мужийн нутаг дэвсгэрээс гадна бүртгэгдэж буй шинэ тохиолдлын тоо буурчээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, халдвар авсан хүний тоо 31452 хүрч, 638 өвчтөн нас баржээ. Нийт 1540 хүн эмнэлгээс гарч, 4821 өвчтөний биеийн байдал хүнд байна. Үүнээс гадна, 26.4 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдтэй нэгдүгээр зэргийн хавьталтай байсан 186 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
Сэтгэгдэл ( 0 )