“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулга авсан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдох юм. Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм байна. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай.
Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Компани 10 жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК сайн, муугаар яригдаж, анхаарлын төвд байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл хувьцаа нь амь ороогүй байсан. Харин өнөөдрөөс “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа амь орлоо. Хуулиараа тухайн хүн болон байгууллага ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийсэн бол ашигтай ажиллахыг шаарддаг. Мэдээж бизнесийн байгууллага ашигтай ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ 2016 оноос хойш биелүүлж ирсэн. 2018 он хүртэлх хугацаанд хураагдсан өр төлбөрөө барагдуулсан. Ингээд ногдол ашиг өгөх боломж бүрдсэн. 2019 онд манай уурхайчид өндөр үр ашигтай ажиллаж, 1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн анхны төрийн байгууллага боллоо. Манай компанийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэг. 2020 онд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хүртээх болсноороо бид хөрөнгийн зах зээл дэх үүргээ биелүүлж байгаа хэрэг юм” хэмээн тайлбар хийлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )