Үнэт цаасны компаниуд ИРГЭДИЙН ХӨЛД ДАРАГДСАН ӨДРҮҮД үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-өөс 2019 оны ногдол ашиг тараах шийдвэрийг 2020 оны хоёрдугаар сард гаргаж, мөн оныхоо хавраас ногдол ашгийг тараана хэмээн мэдэгдсэн. Мэдэгдлийн дараагаас ногдол ашгаа авахын тулд үнэт цаасны компаниудад данс нээлгэхээр зорих иргэд хэсэгтээ л тасраагүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хувьцааны мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Монгол Улсын хэмжээнд 51 үнэт цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн нэг “Бумбат Алтай” үнэт цаасны компанид гэхэд энэ сарын 3-ны өдрөөс ачаалал хэд дахин нэмэгдэж, нэг өдөрт 500 хүнд үйлчилж байгаа аж. Үйлчлүүлж байгаа иргэдийн олонх нь өөрийнх нь үнэт цаасны данс баталгаажсан эсэхийг мэдэхийн тулд эсвэл одоо ашиглаж байгаа арилжааны банкны дансаа холбуулахын тулд тэдгээр компанийг зорин ирж байна. Үнэт цаасны компанийн дотор гаднагүй дараалал үүсжээ. Үдийн 12:00-14:00 цагийн хооронд тогтмол 30-50 хүн дараалалд зогсох нь буурсангүй. Ихэвчлэн асуудлаа асууж тодруулах гэсэн иргэд брокер дилертэй уулзаад удалгүй гарч ирнэ.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Наранчимэг “Бумбат Алтай” компанид дөрөвдүгээр сард гэр бүлээрээ үнэт цаасны данс нээлгэжээ. Гэр бүлийн бусад гишүүдийн хувьцааны мөнгө орчихсон. Түүнийх ороогүй учир юу болсныг тодруулахаар ирсэн байна. Түүнд брокер дилерийн зүгээс “Таны данс баталгаажсан байна. Удахгүй хувьцааны мөнгө орох болно” гэсэн хариултыг өглөө. Мөн өөр үнэт цаасны компанид данс нээлгэтэл тус компани дампуурсан учраас дахин бүртгэлтэй компани дээр ирж гэрээгээ шинэчилж байгаа иргэд ч мэр сэр тааралдлаа.

Ямар асуудалтай иргэд ирж байгаа талаар “Бумбат Алтай” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Ш.Энхмэндээс тодрууллаа.

-Ихэвчлэн ямар асуудалтай иргэд үнэт цаасны компанид хандаж байна вэ?

-Энэ сарын 3-ны өдрөөс үнэт цаасны компаниудын ачаалал эрс нэмэгдлээ. Үнэт цаасны дансаа нээлгэсэн. Гэхдээ Доржийн хувьцааны мөнгө орсон байхад миний мөнгө ороогүй байна гэсэн асуудлаар маш их хандаж байна. Тиймээс та нэгэнт үнэт цаасны данс нээлгэж, арилжааны данс тань баталгаажсан л бол хувьцааны мөнгө орох ёстой. Цаг хугацааны асуудал гэдгийг хэлье. Үнэт цаасны компаниуд 2011 оноос эхлээд “Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцааны дансыг нээж байгаа. Мөн иргэд “Миний хувьцааны тоо ширхэг зөрсөн. Орох ёстой мөнгөний 10 хувь ороогүй байна” гэсэн асуудлууд тавьж байна. Ногдол ашгийн албан татварт 10 хувийг нь авсан. Нэгж хувьцаанд 90 төгрөг өгөх ёстойгоос есөн төгрөгийг нь улсаас татварт аваад нэгж хувьцаанд 81 төгрөг ногдож байгаа.

-Хэзээ ч нээлгэсэн байсан үнэт цаасны данс устахгүй биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Жишээлбэл, 1990 онд хувьцаа авч байсан хүний үнэт цаасны данс одоо хүртэл байдаг. Тиймээс дахин данс нээлгэх шаардлагагүй. Арилжааны банкны дансны мэдээллээ шаардлагатай бол шинэчилнэ. Гэр бүлээрээ нэг арилжааны дансан дээр бүртгүүлсэн эсвэл хүүхдээ бүртгүүлэхдээ хүүхдийнхээ дансыг биш өөрийнхөө дансыг бүртгүүлсэн зэрэг байдлаас арилжааны банкны данс зөрсөн тохиолдлууд түгээмэл байна. 2011 оноос 1072 ширхэг хувьцааны бүртгэл хийгдэж байгаа учраас зарим үед банкны данс шаардлагагүй үе байсан. Компани ашигтай ажиллах эсэх тодорхойгүй үеүд байсан. Тиймээс зарим хүн банкны дансаа бүртгүүлээгүй тохиолдлууд байна. Тэдгээр хүмүүс одоо ирж дансаа бүртгүүлж байна. Нэгэнт үнэт цаасны данс нээлгэсэн учраас та дараа дараагийн жилд ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК ашигтай ажиллавал дахин ногдол ашгаа аваад явна гэдгийг мартаж болохгүй. Мөн тус компанийн хурал дээр суугаад саналаа өгч болно.

 

ЭХНИЙ ЭЭЛЖИД 859139 ИРГЭНИЙ ХУВЬЦААНЫ МӨНГИЙГ ШИЛЖҮҮЛСЭН

“Хүннү эмпайр” үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэд тасралтгүй орж ирж байв. Иргэний үнэмлэх, 7500 төгрөгөөр дансыг нээж байгаа аж. Тус үнэт цаасны компаниар үйлчлүүлж байсан Баянгол дүүргийн V хорооны иргэн Ч.Тунгалаг “Хүүхдийнхээ үнэт цаасны дансыг нээлгэж байна. Би өөрөө 10 гаруй жилийн өмнө үнэт цаасны данс нээлгэсэн. Тэр дансаараа хувьцааны ногдол ашгаа авч болно гэсэн. Одоо тэтгэврийн данстайгаа холбуулах гэж ирээд байна. Данс нээлгэхэд асуудал алга” гэлээ. Биечлэн ирж үнэт цаасны дансаа нээлгэх боломжгүй иргэд онлайнаар данс нээлгэх боломжтой. Хувьцааны мэдээллээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт болон 158989 дугаарын утсанд латин үсгээр регистрийн дугаараа бичиж шалгана. ТҮЦ машины хувьцаа цонхноос 1000 төгрөг тушаан хувьцаатай холбоотой бүхий л мэдээллээ авч болно. ТҮЦ машинаас 1991-1994 оны хувьчлалын үеийн хувьцааны мэдээллүүдийг ч авч болох аж. Эдгээр аргаар хувьцааны мэдээллээ шалгахаас гадна Чингэлтэй дүүргийн байрны ойролцоох Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэл авахаар иргэд олноор цугласан байлаа. Тус төвөөс хэдэн хувьцаатай, аль брокерийн компанид бүртгэлтэй байгаа мэдээллээ авахаар иргэд дараалалд зогсжээ. Чингэлтэй дүүргийн иргэн Х.Лувсандорж “2018 онд нэг үнэт цаасны компанид гэрээ байгуулж данс нээлгэсэн. Гэрээ нь энэ байна. Одоо хаана хэдэн хувьцаатайгаа мэдэх гэж оочерлож байна. Интернэтээр шалгадаг гэсэн. Тэрийг нь мэдэхгүй” хэмээлээ. Өнөөдөр Монгол Улсад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшдэг буюу хувьцааны данстай 1.8 сая гаруй иргэн байдаг аж. Харин хувьцааны ногдол ашгийг 2.5 сая гаруй иргэнд олгох юм. Одоогоор 1.175.000 иргэний үнэт цаасны баталгаажсан дансны мэдээлэл Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ирээд байгаа аж. Иргэдийн баталгаат дансны талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас тодруулахад “Үнэт цаасны данс нь баталгаажсан 1.175.000 иргэний дансыг шууд баталгаатай данс гэж үзэхгүй. Үнэт цаасны компаниудад өгсөн арилжааны данс нь тухайн банкиндаа байна уу гэдэгт тулган баталгаажуулалт хийж байж баталгаатай данс гэж үзнэ. Тиймээс Төрийн банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банктай мэдээлэл солилцох гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу үнэт цаасны компаниудаас ирсэн иргэдийн дансны мэдээллийг тэдгээр банк руу явуулж тулган баталгаажуулалт хийсэн. Тухайн иргэний дансны мэдээлэл үнэн байна гэж банкнаас мэдээлэл ирсэн 859139 иргэнийг Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данснаас багцын гүйлгээгээр шилжүүлсэн. Эхнээсээ гүйлгээ ороод эхэлснийг бүгдээрээ мэдэж байгаа” хэмээлээ.

 

НЭГЭЭС 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА ХҮРТЭЛ НИЙТ 156 ХУВЬЦААНЫ ХУВИЛБАРТАЙ ХҮМҮҮС БАЙНА

 

“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компаниас нэгж хувьцаанд 90 төгрөг олгоно гэж зарласан хэдий ч татварт 10 хувийг суутгаад 81 төгрөгийг нэгж хувьцаанд олгож байгааг иргэдэд сануулъя. Хоёрдугаарт, бүх иргэн 1072 ширхэг хувьцаатай байхгүй. Жишээлбэл, 2016 оны “Сайн” хувьцаа хөтөлбөрөөр хувьцаа эзэмшиж байсан иргэд төрд өөрсдийн хувьцаагаа худалдсан байдаг. Улмаар хувьцааны тоо ширхгээс хамаарч 100, 200, 300 мянган төгрөг авсан. 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 536 ширхэг хувьцаа буюу 500 мянган төгрөг хасагдсан. 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 498200 төгрөг буюу 527 ширхэг хувьцаа хасагдсан. Мөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаас 8040 төгрөг суутгуулсан иргэдийн хувьд есөн ширхэг хувьцаа хасагдсан. Энэ мэт хасалтуудаа бодохоор янз бүрийн хувьцаатай үлдсэн иргэд байгаа юм. Нэг ширхэг хувьцаанаас 1072 ширхэг хувьцаа хүртэл нийт 156 хувьцааны хувилбартай хүмүүс байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлж байна. Тус төвд хувьцааны мэдээллээ авахаас гадна хувьцаагаа арилжиж хэзээ, аль банкнаас хэдэн төгрөг авсан гэдгээ шалгуулахаар иргэд их ирж байгаа гэнэ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцааны мэдээллээ шалгуулсан иргэд үнэт цаасны компаниудыг зорьж байлаа. Ачаалал ихтэй үнэт цаасны компаниуд амралтын өдрүүдэд ч ажиллана. Ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана гэдгээ хэлж байсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт “Е-Barimt”-аар дамжуулж хувьцаа авах арилжааны дансаа баталгаажуулах тухай мэдээллийг иргэдэд хүргэж эхэлсэн билээ. Ийнхүү үе шаттай багц гүйлгээ явагдаж байгаа учраас нэг дор бүх иргэний дансанд хувьцааны мөнгө орох боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд хувьцааны бичилт хийгдсэн. Тэдгээр иргэд бүгд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.26.175) 2020 оны 09 сарын 07

САНАР ХХК ХААНА БАЙНАА

0  |  0
Иргэн (122.201.31.22) 2020 оны 09 сарын 07

БУМБАТ -АЛТАЙ д данс нээлгэсэн ,баталгаажуулсан, мөнгөө ч авсан. Баярлалаа. Элдэв чирэгдэлгүй, зан харьцаа сайтай сүрхий ажилчидтай юм билээ.

0  |  1
Top