Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаан чулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Тус дүүргийн таван хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамж болон нийлүүлэлт хэвийн явагдаж байжээ.

Харин хяналт, шалгалтын явцад хүүхдэд зориулсан чихэр, амттан зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрснийг газар дээр нь арилгуулж, хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах шаардлагыг тавьсан байна.

Иймээс иргэд та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацааг заавал шалгаж аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top