Хууль ёсны, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд Монгол Улс бичил уурхайн салбарт зайлшгүй анхаарал хандуулах ёстойг эхэнд тэмдэглэе.
ТВ8 телевизийн “Экологийн цаг” хэлэлцүүлэг Бичил уурхайтай холбоотой асуудлыг хөндөн, ярилцлаа. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаярын хөтлөн явуулсан уг хэлэлцүүлэгт бодлогын зочноор “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг оролцлоо. Мөн тус холбооны Сургалт, судалгаа, хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл, Дархан-Уул аймгийн “Нөхөрсөг бичил уурхайчдын холбоо”-ны тэргүүн О.Цэцэгмаа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, “Экологийн цаг” төслийн удирдагч, сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар оролцсон юм.
Нинжа, бичил уурхайчин гэсэн хоёр нэршил хоршоо үг болон байнга хамт яригдаж байдаг. Тиймээс хэлэлцүүлгийг нинжа, бичил уурхайчин хоёрын хооронд ямар зааг, ялгаа байгааг тайлбарлахаас эхлэх нь зөв байх гэж үзэж буйгаа хөтлөгч хэлсэн.
“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг хэлэхдээ Улаанбаатарт, төв суурин газарт амьдарч буй иргэд аймаг, суманд амьдарч байгаа иргэдийг бүгд л малчин гэж ойлгоод, мал л маллаад явах ёстой юм шиг хандаад байдаг. Гэтэл бодит байдал дээр орон нутагт, аймаг, сумдад ажлын байр байхгүй учраас иргэд аргагүйн эрхэнд бичил уурхайн салбар руу хөл тавьж байгаа хэмээсэн юм. Тэрбээр Төв аймгийн Борнуур сумаар жишээ татсан. 5050 хүнтэй тус суманд 1010 хүн мал маллаж амьдарч байгаа бол 370 хүн хувийн хэвшил болон төрд ямар нэг байдлаар ажил эрхэлж байгаа. Цаана нь хөдөлмөрийн насны 1500 хүн ажилгүй байна гэсэн мэдээллийг орон нутгийн эрх бүхий хүнээс өглөөхөн авснаа хэлж байлаа. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын 3715 хүнээс хөдөлмөрийн насны 983 хүн ажилгүй байгааг хэлсэн. Эдгээр тоог дурдахын учир нь хөдөлмөр эрхлэх боломжтой хэчнээн олон хүн орон нутагт ажлын байргүй байгаа вэ гэдгийг харуулж байна гэж байлаа. Түүнчлэн хүн амьжиргаагаа залгуулахын тулд орлоготой байх ёстой. Орлого олох ажлын байр байхгүй учраас л өнөөдөр бидний янз бүрээр нэрлээд байгаа иргэд алт олборлох гэдэг үзэгдэл бий болсон. Энэ үзэгдэл урт хугацаанд үргэлжилж байгаа. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн тал нь хуулийн хүрээнд явъя аа гээд ажиллаж байгаа нь авууштай зүйл. Нөгөө талдаа хууль бусаар явж байгаа ч хэсэг байна. Тэднийг өмөөрөөд, хаацайлаад, зөвтгөөд байх юм байхгүй. Эрх ашгийг нь хамгаалах ёстой гэж хэлээд байгаа бичил уурхайчин хүмүүс бол хууль зөрчихгүй байя гэдэг замаа сонгосон хүмүүс юм. АМГТГ-аас гаргасан дүгнэлттэй, өмнө нь уурхай ашиглаж байгаад хаягдсан газар дээр хуулийн хүрээнд, тодорхой цэгийн дотор үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлтийг буцаагаад хийж өгдөг, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилладаг. Татвар, даатгалд хамаарагддаг. 2016 оны судалгаагаар албажсан бичил уурхайд ажилладаг 9652 хүний 96.6 хувь нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг гэсэн судалгаа байна. Ийм түвшинд албажсан үйл ажиллагааг бид бичил уурхай гэж нэрлэж байгаа гэсэн юм.
Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн “Бичил уурхайчдын анхны нэршил яалт ч үгүй нинжа гэж нэрлэгдсэн, овоглогдсон хүмүүс бол Монголын төрийн халамж, хараанаас хол хаягдсан, гээгдсэн хэсэг монголчууд юм. Нэг бичил уурхайчны ард 3-5 хүний амьдрал, идэх хоол давхар явж байдаг. Арван бичил уурхайчны ард дор хаяж 200-300 хүний амьдрал явж байдаг. Байгаль эхээс ашгийг нь хүртчихээд сэтгэлгүй ханддаг үзэгдэл бичил уурхайд ч, компаниудад ч харагдаж байдаг. Хэдий тийм ч бичил уурхайн салбарт ямар асуудал байгааг нийгэмд зөв талаас нь харуулахад, ойлгуулахад дөрөв дэх засаглал, хэвлэл мэдээллийн үүрэг маш чухал” гэв.
Бичил уурхайн салбарт хууль ёсны дагуу олборлолт явуулахад нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг Дархан-Уул аймгийн “Нөхөрсөг бичил уурхайчдын холбоо”-ны тэргүүн О.Цэцэгмаагаас тодруулахад дараах хариултыг өглөө.
“Хөдөө орон нутагт бичил уурхайн дүгнэлт гарсан талбай дээр үйл ажиллагаа явуулдаг. Бичил уурхайн зориулалтаар аймгийн ИТХ-ын тогтоол гараад, АМГТГ-руу албан тоотоо явуулаад, тус газраас бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж болно гэсэн дүгнэлт гарсны дараа тухайн сумын засаг дарга тухайн Нөхөрлөлтэй гэрээ байгуулж байгаа. Тухайн бичил уурхай эрхлэгч хууль ёсны дагуу ажиллаж байгаа эсэхийг харахын тулд хамгийн түрүүнд аймгийн ИТХ-ын тогтоол, АМГТГ-аас ирсэн дүгнэлт, дээр нь Засаг даргатай хийсэн гэрээг харах ёстой. Хуулийн хүрээнд ажиллаж буй бичил уурхайчид, хууль бусаар ажиллаж байгаа нинжа хоёроо төр засгийнхан маш сайн ялгаж байгаа. Үүний ялгааг ард иргэдэд үнэн бодитоор хүргэх сонирхолгүй. Үнэхээр төр үүргээ гүйцэтгээд иргэдээ ажлын байртай болгочих юм бол бид ухмааргүй байна. Олон хүнийг тэр эрсдэлтэй юм руу оруулмааргүй л байна шүү дээ. Гэтэл үнэхээр хөдөө орон нутагт ажлын байр байхгүй. Энэ байдлаас болоод бичил уурхайн салбар зогсож болохгүй байгаа юм. Нөгөө талаас уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаагаа явуулаад нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон талбайг бичил уурхайтай холбодог. Дээр нь төрийн албан хаагч хууль бусаар гэрээ хийчихсэн байхад төрийн албан хаагчийн буруу биш нөгөө муу хэдэн бичил уурхайчны буруу болдог. Бүх хууль бус юмаа хуулийн хүрээнд явж байгаа бичил уурхайчидтай холбож тайлбарладаг. Ер нь бол зохион байгуулалтад ороод, хууль журмаа дагаад ажиллаж байсан манай бичил уурхайчид 2019 оноос хойшх их хүлээлтийн ард турж үхэлтэй нь биш, аргагүйн эрхэнд бөөгнөрсөн газар очиж амьжиргаагаа залгуулна шүү гэдгийг хэлчихье” гэсэн юм.
Мөн хэлэлцүүлгээр бичил уурхайчид, нөхөрлөл гэсэн малгайн дор хөрөнгө мөнгөтэй компаниуд олон зуун саяын үнэтэй техник ашиглан уул уурхай эрхэлж байгааг хөндсөн юм. Хэлэлцүүлгийн зочин Г.Мөнхцэцэг “Бичил уурхайчид гэдэг бол амьжиргаагаа залгуулах гэж л яваа иргэд. Гэтэл тэр техникүүд 100-600 сая төгрөгийн үнэтэй. Хоногийн түрээс нь 10-20-иод сая төгрөг. Манай ядарсан иргэд тийм өндөр үнэтэй техник түрээслээд ухах гээд явж байх юм гэнэ. Тийм юм байхгүй” гэж байлаа.
“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны Сургалт, судалгаа, хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл Монгол Улсын өнцөг булан бүрд хууль бус бөөгнөрөл үүсгэн, уул уурхай эрхэлж байгаа хүмүүс дээр хүрч очин мэдээлэл өгч, бэлтгэсэн ном, товхимлоо тараан, сургалт явуулдаг гэдгээ хэлж байсан. Бичил уурхайд зориулсан журам байдаг, түүнийг хэрэгжүүлэн ажиллах ёстой гэсэн мэдээллийг давхардсан тоогоор хувиараа ашигт малтмал олборлогч 20 мянган иргэнд өгч, сургалт явуулсан. Мэдээлэл өгсөн хүмүүсийн тодорхой хэсэг нь буюу 9652 хүн аажимдаа зохион байгуулалтад орж, бичил уурхайчин болсон гэдгийг хэлж байлаа. Мөн тэрбээр “Хуулиас гадуур яваад сурчихсан хүмүүс бас байна. Зохион байгуулалтад орсны давуу талыг сайн жишээнүүдийг иргэддээ таниулдаг. Сургалтад хамруулсны үр дүнд иргэд зохион байгуулалтад орж, дээрээс нь 1500 орчим бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжүүлсэн. Манай холбоо найман төрлийн 32 багц сургалттай. Хууль эрх зүйн орчны сургалт, бизнес сургалтууд байна. Бид бичил уурхайчдыг аажмаар бууруулах бодлого барьдаг. Сүүлд орон нутагт найман оёдлын цех ажиллуулж, бичил уурхайд ажиллаж байсан эмэгтэйчүүдийг гар урлалын салбар руу аажмаар шилжүүлсэн. Бичил уурхай хүний хүсээд байх зүйл биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс өөр ажлын байр, өөр боломжийг бий болгох үүднээс бизнес сургалт явуулдаг” гэв.
Хэлэлцүүлгийн зочин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал бичил уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулах Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан журам хэлбэрийн хувьд зөв ч сум орон нутгаас эрх мэдлийг нь булаасан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам ард иргэдийг аргацаах гэж гарсан. 151 дүгээр тогтоолоор баталсан журам зөв хэлбэртэй гарч ирсэн ч эрх мэдлийг нь булаагаад аваад явчихсан. Одоо Монгол Улсын 21 аймаг, 330 суманд сумын ИТХ нь газраа мэддэг болсон уу. Үгүй шүү дээ. Бүх тогтолцоогоо дээшээ аваад явчихсан. Үүнийг бид нэгдүгээрт хөндөж ярих ёстой. Бичил уурхайг дэмжих гэхээр ямар ч эрх мэдэл байдаггүй” хэмээж байлаа.
“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг ч мөн 151 дүгээр тогтоолоор батлагдсан 2017 оны журамд байгаа асуудал нь эрх мэдлийг суманд биш аймагт өгч, газар, түүнийг шийдвэрлэж буй эрхийг хол болгочихсонд байгаа гэсэн юм. Үүний улмаас завсарт нь тоглолтууд явж байгаа. Аймагт очсон эрх мэдлийг хуучин шиг суманд нь л өгчих ёстой. Дээр нь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог маш тодорхой хангаж, хяналт тавих эрхийг иргэнд албажуулж өгөх хэрэгтэй” гэж байлаа.
Тодотгоход, бичил уурхайн салбараас улсад төвлөрүүлсэн мөнгөний хэмжээ бага биш. Алт олборлогчид 24 тэрбум төгрөг, жонш олборлогч иргэд 10.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэсэн статистикийг хэлэлцүүлэг онцоллоо. 244 нөхөрлөл бичил уурхай эрхэлснээр 3200 ажлын байр шинээр бий болжээ. Тэгвэл 3200 ажлын байраар дамжуулан 9200 хүн амьжиргааны эх үүсвэртэйгээ залгасныг онцолж байв.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )