Б.Энхтунгалаг: Хууль зүйн туслалцааны төв 17 мянган эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн Захирал Б.Энхтунгалагтай ярилцлаа.


-Юуны өмнө байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

-Хууль зүйн туслалцааны төв нь гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллага. Улсын Их Хурлаас Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийг 2013 онд баталж, уг хуулийн дагуу Хууль зүйн туслалцааны төв 2014 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байгуулагдсан. Бүр анх 2004-2006 онд “Нээлттэй нийгэм форум”-ын санхүүжилтээр Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт “Эрх зүйн туслалцааны төв”-ийг туршилтын журмаар ажиллуулж эхэлсэн байдаг.

Ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2007 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, есөн дүүрэгт төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төвүүд байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Хууль зүйн туслалцааны төв одоо нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг болон хүн амын нягтаршил ихтэй хоёр суманд, нийт 31 салбартай, 72 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь улсын өмгөөлөгч нар ажилладаг.

-Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд яг ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?

-Бид төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна амаар болон бичгээр хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны эхний улирлын байдлаар 1272 холбогдогчтой, 1190 эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр хүлээн авсан бөгөөд 2690 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөөд байна. Төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн туслалцаа хүссэн иргэдийн тоо жил бүр өсөж байна. Энэ хэрээр улсын өмгөөлөгчдийн ажлын ачаалал улам нэмэгдэж байна. Манайд нийт 52 өмгөөлөгч ажилладаг. Нэг өмгөөлөгч сардаа 40-50 хэрэг дээр ажиллагаа хийж, 6-8 хэрэг шинээр хүлээн авч байна. Төвд ажиллаж байгаа улсын өмгөөлөгч нар манай улсын шүүхэд төлөөлөх эрхтэй нийт өмгөөлөгчдийн 3 хүрэхгүй хувийг эзэлж байгаа боловч шүүхээр шийдвэрлүүлсэн эрүүгийн хэргийн 30 орчим хувьд өмгөөлөл хийсэн байна.

Эндээс манай өмгөөлөгч нар хэр их ачаалалтай ажиллаж байгаа нь харагдаж байгаа бөгөөд иргэдийн хэрэгцээ шаардлага ч мөн өндөр байгааг харж болно. Тус төв 2014 оноос өнөөдрийг хүртэл 18 500 гаруй холбогдогчтой 16 800 орчим эрүүгийн хэргийг хүлээн авч ажиллагаа хийсэн байна. Энэ хугацаанд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авсан иргэдийн тоо бараг 60 мянга шахаж байна.

-Төлбөрийн чадваргүй бүх иргэдэд үйлчилгээ үзүүлэх үү?

-Төвөөс ямар хүмүүс хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд зааж өгсөн байдаг. Хуульд зааснаар төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд хууль зүйн туслалцаа авах эрх бүхий хүнд хамаардаг.

-Тэгэхээр төлбөрийн чадваргүй хүн бүр танайд хандаж болно гэсэн үг үү?

-Үгүй, дээр дурдсан хуулийн дагуу манайд зөвхөн гэмт хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч, ялтан хамаарна. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрүүгийн хэргийн холбогдогч гэсэн үг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хуулиар хангахаар зааж, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны, төлбөрийн чадваргүй улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт тавьсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, хууль дээдлэх ёс, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмыг удирдлага болгон төрөөс хэрэгжүүлж байгаа нэг үйлчилгээ гэж хэлж болох юм.

-Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэхээр өнчин өрөөсөн хүүхэд гэсэн үг үү?

-Тийм. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлж байгаа юм.   

Харин иргэдийн хувьд төлбөрийн чадваргүй байх гэсэн үндсэн шаардлага байдаг. Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүнийг төлбөрийн чадваргүй гэж үзэж үйлчилгээ үзүүлдэг.

-Тэгэхээр танайхаас хуулийн туслалцаа авахыг хүссэн хүн заавал өрхийн мэдээллийн сангаас тодорхойлолт авч ирэх хэрэгтэй байх нь?

-Үгүй. Бид Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах гэрээний дагуу “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-ийн программд өөрсдөө шууд нэвтэрч мэдээллийг авч өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

Хууль зүйн туслалцаа авахыг хүссэн иргэн иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд л болно. Хорих ангид хоригдож байгаа ч юм уу, өөрөө ирэх боломжгүй хүний хувьд регистрийн дугаараар нь шүүгээд амьжиргааны түвшний тодорхойлолтыг шууд гаргаад авах боломжтой. Ингэснээр төвд хандсан иргэд төрийн үйлчилгээний олон шат дамжлагагүйгээр шуурхай үйлчилгээ авах боломжтой болсон.

-Манайд иргэдийн шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой ч юм уу, өрхийн мэдээллийн санд бүртгэгдээгүй иргэд нэлээд байдаг. Ийм хүмүүсийн хувьд боломжгүй гэсэн үг үү?

-Өрхийн мэдээллийн нэгдсэн санд ороогүй иргэдийн хувьд тухайн үед мөрдөгдөж байгаа ядуурлын шугамаас доогуур орлоготой гэдгээ өөрөө тодорхойлж төвд хандах боломжийг мөн хуулиар олгосон байгаа.  

-Танайд ажиллаж байгаа өмгөөлөгч нарын нийгмийн баталгаа ямар байдаг вэ. Албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байна?

-Төвд ажиллаж буй Улсын өмгөөлөгч нар маань хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд цалин, хөлс, урамшууллыг төрийн үйлчилгээний албан хаагчтай дүйцүүлэн олгодог. Төрийн үйлчилгээг үзүүлж төрөөс цалин, хөлс авч байгаа гэдэг утгаараа улсын өмгөөлөгч нар өмгөөллийн хөлс авч хувиараа өмгөөлөл хийх эрхгүй байдаг. Улсын өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн баталгааг хангах талаар анхаарах асуудлууд байгаа.  

Хууль зүйн туслалцааны төв нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага болохыг би дээр дурдсан. Хууль зүй, дотоод хэргийн яам бол албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бусад яам, төрийн байгууллагуудаас нэг алхам урд явдаг газар. Албан хаагчдыг орон сууцжуулах арга хэмжээ бүр 2004 оноос л эхэлсэн. Яг одоо  “Албан хаагч бүрт—Орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд албан хаагчдад үнэ төлбөргүй орон сууц олгох, зах зээлийн үнээс хямд үнээр орон сууц олгох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.

Төвийн албан хаагчид Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдын хувьд дээрх хөтөлбөрт хамрагдаж, сүүлийн 3 жилийн хугацаанд 14 албан хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц аваад байна. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ. Гэвч хэдийгээр зах зээлийн үнээс нэн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа боловч тэр бүр шууд мөнгөө тоолоод байр авчих өмгөөлөгч харьцангуй цөөн байна. Энэ бол төвийн болон яамны хэмжээнд бодох асуудлын нэг болоод байна.   

-Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар сонирхуулбал?

-Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг зохицуулсан хууль байдаг тухай би ярилцлагын эхэнд дурдсан. Тэхээр бидний цаашид хийж хэрэгжүүлэх ажил ч мөн энэ хуулийн орчинтой холбоотой. Одоо бид өмгөөллийн үйлчилгээг зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагчид үзүүлээд явж байгаа. Харин хууль зүйн зөвлөгөө мэдээллийн хувьд эрүүгийн хэргээр хязгаарлахгүйгээр зориод ирсэн хүн бүрт өгч байна.

Манай байгууллагаас цаашид зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагчаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн хохирогч, иргэний болон захиргааны зарим хэргийн зохигчдын өмгөөлөгчөөр оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх том амбиц байна. Үүний дагуу Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хуулийн төсөлд төлбөрийн чадваргүй яллагдагчаас гадна зарим төрлийн гэмт хэргийн хохирогч, түүнчлэн  иргэний болон захиргааны зарим хэрэг маргааны оролцогчид хууль зүйн туслалцаа үзүүлдэг байх хувилбарыг дэвшүүлсэн.

-Зарим төрлийн хэрэг гэдгийг тодруулахгүй юу?

-Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан төлбөрийн чадваргүй хүн, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн төлбөрийн чадваргүй иргэн, мөн ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг/эхэд иргэний болон захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой гэж үзсэн.  

-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top