УИД-т гарсан галыг унтраахаар ЗУРГААН АНГИЙН алба хаагчид ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

Улсын их дэлгүүр (УИД)-ын 6, 7 давхрыг хамарсан галыг унтраахаар Онцгой байдлын алба хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Нийслэлийн онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд УИД-т гал гарч байгаа тухай дуудлага иржээ. Галын дуудлага өгснөөс хойш нэг цаг орчим хугацаа өнгөрч байгаа ч галыг унтрааж амжаагүй байна. Зүүн хойд хэсгээр гал багассан ч зүүн урд болон урд талд галын нөхцөл байдал ширүүслээ. 

Анх гурван ангийн алба хаагчид ажиллаж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлт хүч авчирч, нийтдээ зургаан ангийн алба хаагчид нэгдлээ. Нийслэлийн Онцгой байдлын алба нийт 14 ангитай. Эдгээрийн зургаа нь одоогоор УИД-т гарсан галыг унтраахаар ийн ажиллаж байна. Мөн энэ хугацаанд Түргэн тусламжийн хоёр ч машин ирэв. 

Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 
 

Галын шалтгаан нөхцөл хүмүүсийн эрүүл мэнд хохирсон эсэх талаар нийслэлийн Онцгой байдлын албанаас удахгүй албан ёсны мэдээлэл өгнө гэлээ. 
 

Гэрэл зургийг А.Азжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top