Эрэнжидийн ХАРХҮҮ
Би өмнийн их говийнхоо Алтан уулын дэргэд зогсож байна. Тавиад жилийн өмнө юм сан. Энд хоёронтоо ирж билээ. Халимын сэрвээ шиг гүдгэр цэнхэр уулыг хараад баярлан сүрдсэн удаатай. Ёстой л домгийн цэнхэр уул. Хормойгоор нь шуудуулж ухаад овоолчихсон чулуу гэдэг тоймгүй ээ. Аль дээр үед хятадууд ухаж зөөж байсан гэдэг. Түүнээс хойш олон жил өнгөрсөн бололтой. Намайг очиход тэр л янзаараа, бараг онгон төрхөөрөө байж билээ. Гэтэл одоо бол харахад өр өмөрч, гол харламаар болжээ. Ухаж сэндийлж, усыг нь ширгээж, дуртай газраар хүнд даацын том машинууд тоос татуулан давхиад, олон айл өвөлжөөнөөсөө хөөгдөж, нөгөөх алдарт Торомхоны зос ч барагдаж, нүдний рашаан нь хусран ширгээд алга болжээ.
Тэр жил би очоод тэрхүү анагаах чадалтай Зосноос нь мөргөж гуйгаад таван бөөрөнхийг л авсан юм даг. Энэ их сүйтгэлийн эзэд нь хэн бэ. Харийнхантай гар, ганзага нийлдэг манай шуналтнууд ажээ. Алт, нүүрсний төлөө юу ч хийхээс буцдаггүй авлигачин, дээрэмчин, хулгайчдын сүрэг эх орноо тонож онгилж, утаа тортог, тоос шороонд хутгаж орхилоо. Аугаа их Д.Нацагдорж аль 1933 онд “Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд” дараахан нь эх оронч яруу найрагч Д.Сэнгээ “Хөрсөн дор нь эрдэнээр арвин” хэмээн бахархан дуулсан сан. Тэрнээс биш ухаад бай, уудлаад, уутлаад бай гэж хэлээгүй. “Алт хөтөлбөр” гэдэг гайтай юмыг анхны Ерөнхийлөгч П.Очирбат дэвшүүлэн гаргаснаас хойш харийн болоод өөрийн тонуулчид газар шороо руу минь шунан дайрсныг хотлоор мэднэ. “Оготны уршиг олондоо” гэж энэ.
Тост, тосон бумбын төлөөх жишиг тэмцлийн үр дүнд нэлээд лиценз цуцлагдлаа. Энэ сайн хэрэг. Бид чинь нутаг усныхаа эзэд билээ. Рашаанаар алт нүүрс угаадаг увайгүй эздийг хуйгаар нь хөөж гаргамаар санагдана. Дөчөөд жилийн өмнө өчүүхэн бичээч би “Алтан уулын домог” хэмээх дууль найраглал бичиж хэвлүүлсэн, түүнээсээ цөөн мөрийг энд шигтгэе.
Далай орон-Алтан уул минь
Дархан цуутай амин өлгий минь
Харийн гарыг хүргэж болохгүй
Хатуу чанга цаазтай байгаасай
Хил давуулан зөөж болохгүй
Хиртэшгүй бат хуультай байгаасай” хэмээх энэ цөөн мөрнөөс ихээ зүйл бодогдох биз ээ. Дээрх үгийг өдгөө би төр засагт, их шуналтнуудад сануулж байна. Хамар хатгах өвсгүй, ам цавлах усгүй болчих түгшүүрийн харанга дэлдье. Хайран ч газар нутаг, хайран ч уул ус минь.
Сэтгэгдэл ( 2 )
3 say shunaliin buzar bolson hulgaich deeremchid mongol ornii baigal delhiig ustgan sunuuh aimshigt dain hiiseer 20 garui jil bolloo. Ene bol baigal delhii ba uursdiiguu sunuuj baigaa ayultai gemt hereg bilee. 3 say hulgaichiig deeremchdiig zogsooh huch mongol orond alga.
Эх орноо сүйтгэлээ гэж тэднийг өөгшүүлэх хэрэггүй. Тэдэнд эх орон байхгүй тэд эх оронгүй хүмүүс монголын дайснууд. Тэдэнтэй тооцоо хийж ял хэлэлцэх цаг болсон.МАНАН г устга.