Номын санд уншигчдын халууныг хэмжиж, регистрийг бүртгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хаагдаад байсан номын сан, музейн үйл ажиллагааг нээгээд долоо хонож байна. Тиймээс Монголын Үндэсний номын сан хэрхэн үйлчилж байгааг Уншлага, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Баярлахаас тодрууллаа


-Номын сан нээгдээд долоо хонож байна. Өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна вэ?

-Таван сарын хугацаанд номын сангийн ажилтнууд дэглэмээ баримталж, маскаа зүүж, ажлын байрны халдваргүйжүүлэлт, ариутгал тогтмол хийгээд явж байсан. Гэнэт гарсан шийдвэр учраас бэлтгэл ажлыг маш түргэн хугацаанд хийлээ. Нийтийн уншлагын танхим 100 хүний суудалтай байхад зай барих үүднээс 40 хүртэлх хүнд үйлчлэхээр ширээ, сандлаа зохицуулж байрлуулсан. Эрдэм шинжилгээний танхимд 20 хүний суудалтай бол 10-аас илүү хүн суулгахгүй гэх мэт зохион байгуулалт, өөрчлөлтүүдийг хийсэн. Эхний өдөр 42 хүн үйлчлүүлсэн нь уншигчдад хүлээлт их байсныг харуулж байсан. Өдөрт дунджаар 50-60 хүнд үйлчлүүлж байна. Уншигчдын халууныг үзээд, регистр, уншигчийн үнэмлэхийн бүртгэлийг бичиж аваад дэглэмийн дагуу үйлчилж байна.

-Уншигчид ямар төрлийн ном их уншиж байна вэ?

-Эрдмийн зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа судлаачид их номын санд суудаг. Тэд судалгааны хүрээлэнгүүдээс гаргасан судалгааны бүтээлүүд, дэлхийн олон улсын байгууллагуудын судалгааны бүтээлүүдийг илүү их сонирхож ирдэг. Оюутан, залуусын хувьд орчин үеийн хамгийн эрэлттэй байгаа болон гадаад хэл, эдийн засгийн чиглэлээрх номыг түлхүү сонирхдог.

-Одоогоор өдөрт 50-60 уншигч үйлчлүүлж байна гэлээ. Өмнө нь үйл ажиллагаа яаж явагдаж байсан бэ?

-Хөл хорионы өмнө өдөрт 200-250 уншигч тогтмол үйлчлүүлдэг байсан. Манай номын сан гэрээр ном олгодоггүй. Таван төрлийн уншлагын танхимаар үйлчилж, зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлдэг. Ерөнхийдөө алслагдсан дүүрэг, номын санд биеэр ирж үйлчлүүлж чадахгүй хүмүүст очиж үйлчлэх нийтийн номын сангийн үйлчилгээ бий. Энэ үйлчилгээгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрийн бус байгууллагатай хамтрах, хорих ангиудад очиж үйлчлэх, тэнд байдаг ном, уншлага хариуцдаг хүмүүстэй гэрээ байгуулаад сан хөмрөгийн ном уншуулах ажил хийдэг. Монголын Үндэсний номын сангаар 18-аас дээш насны бүх хүн үйлчлүүлэх боломжтой.

-Номын фонд шинэчлэл яаж явагддаг вэ?

-Монголын Үндэсний номын сангийн ном авах жилийн төсөв 40 сая төгрөг байдаг. Гэтэл номны үнэ жилээс жилд өсч байна. Бид нар төсөвтөө тааруулаад жилд 3600 орчим ном бүрдүүлж авдаг. Түүнээс гадна “Номын сангийн тухай хууль”-иар заавал авах буюу улсын төсвөөр хэвлэсэн номыг архивтаа авдаг. Зохиогчид маань өөрсдөө номоо хандивлаж өгдөг. Ерөнхийдөө архивын фонд маань Монгол Улсад хэвлэгдэн гарсан ном хэвлэлийн нэг хувийг хадгалах үүрэгтэй. Аль болохоор хэвлэгдэн гарсан ном бүрийг бүрдүүлэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд төлөвлөгөөнөөс давсан ном бүрдүүлж чадсан.

-Таван сарын турш хөл хорио үргэлжилж, номын сан гэх мэт олон хүн цугладаг газруудыг хаасан. Энэ хугацаанд хэрхэн ажиллаж байв?

-Хөл хорионы үед номын тооллого, цэгцлэлт, сан хөмрөгт байгаа номнуудаа электрон каталогит оруулах гэх мэт дотоод ажлууд ихтэй байлаа. Фондынхоо 800 гаруй номыг цэгцэлж, ЮНЕСКО-гийн сан хөмрөгийн 9000 орчим номыг “КОХА” програмд бүртгэж, электрон каталогит оруулсан. Бүх номоо электрон каталогит оруулснаар уншигчид онлайнаар хэрэгтэй мэдээллээ хайх боломжийг олгож байна. Мөн захиалга, уншлага, үйлчилгээнд маань цахим үйлчилгээ нэвтэрч байгаа гэсэн үг. Дэлхийн номын өдөр, үндэсний бичиг үсгийн баяр гэх мэт арга хэмжээнүүдийг цахимаар зохион байгуулж ирлээ. 2021 онд болох Үндэсний номын сан байгуулагдсаны 100 жилийн ойд зориулаад 100 ном, 100 номын лайв гээд өдөр бүр 10:00 цагт номын танилцуулга хийж байгааг дуулгая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top