Трамп СОНГУУЛЬД ЯЛВАЛ багаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

-Шүүмжлэлийг багасгах арга гэв–

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал кабинетаа бүхэлд нь огцруулж, багаа шинээр сонгоно гэлээ. Цагаан ордны тэргүүний ярьж байгаагаар тэрбээр багийнхандаа бүгдэд нь сэтгэл хангалуун биш гэнэ. Засгийн газраа сайн гэсэн ч цөөн хүмүүсийг сайнгүй гэжээ. Шинжээчдийн дүгнэж байгаагаар ийм мэдэгдлийн зорилго нь хэд хэдэн салбарт үр нөлөөгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн нэг бус удаагийн шүүмжлэлээс ангид байх явдал аж.

Дахин сонгогдвол кабинетаа огцруулж, шаардлагад нь нийцсэн хүмүүсийг сонгож авна гэсэн Трамп “Энэ нь учир утгатай гэж би бодож байна. Маш сайн кабинеттай баймаар байна” гэжээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Пентагоны тэргүүн Марк Эсперийг огцруулна гэсэн талаар хэвлэлүүдэд гарсан мэдээллийг Трамп үгүйсгэжээ. “Үгүй ээ, би түүнтэй сайн ойлголцдог. Бүх зүйл хэвийн байгаа” гэсэн байна. Эсперийг халж магадгүй гэсэн яриа Пентагоны тэргүүн армийг босогчдын эсрэг ашиглах Ерөнхийлөгчийнхөө санааг эсэргүүцсэний дараа гарсан байна. Батлан хамгаалахын сайд Трампын бослогын тал дээр авч буй арга хэмжээг дэмжихгүй гэж мэдэгдсэн юм.

Боловсон хүчиний сэлгээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын багийнхан нэг бус удаа хатуу шүүмжлэлийн бай болсон. Ялангуяа Ардчилсан намынхны зүгээс шүүмжлэлтэй тулгарсан юм. Сенатын олон улсын асуудал хариуцсан хорооны Ардчилсан намын гишүүд өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Төрийн департаментын үйл ажиллагаа Майк Помпео болон Доналд Трампын муу удирдлагаас болж доголдсон гэж шүүмжилжээ. Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд бүтцийг өөрчлөх, шинэчлэлийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг бууруулах санаачилгууд, орон тоо сунгах зэргээс болж асуудал үүссэн гэсэн байна. Тухайлбал, Трампын засаг захиргаа жил орчим Гадаад харилцааны сайдын орлогчид хүн нэр дэвшүүлээгүй, зургаан сарыг Маршалл Биллингслигийн оронд тавих хүн хайж үрсэн гэжээ. Мөн Доналд Трампын засаг захиргаа Төрийн департаментын ажилд хангалтгүй мэргэшсэн хүмүүсийг санал болгодог аж.

Трамп өөрөө ч багийнхаа ажилд сэтгэл хангалуун бус байдаг. Тэрбээр зөвлөхүүд болон бусад хүмүүсээ нэг бус удаа сольсон. Үүнтэй холбоотой дуулиантай түүхүүдийн нэг нь үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг сольсон явдал юм. Болтон, Трамп нар олон улсын харилцааны асуудлаар санал нэгдээгүй бөгөөд Америкийн Ерөнхийлөгч экс зөвлөхөө маш том алдаанууд гаргасан гэжээ. Болтоныг халснаас хэдэн сарын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний шинэ номын хэсгээс гаргаж эхэлсэн. Тэрбээр номдоо Ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашигласан гэжээ. АНУ-ын Хуульзүйн яам Ерөнхийлөгчийн зөвлөх асныг нууц мэдээллийг дэлгэсэн гэж буруутгаж, шүүхэд өгсөн юм. Гэхдээ Жон Болтоны Трампын засаг захиргаанд ажиллаж байсан үеийнхээ талаар дурссан ном хэвлэгджээ. Цагаан ордон уг номыг гаргах нь урвалт гэж үзсэн билээ. Трамп Болтоны хөдөлмөрийг худал, зохиомол түүхүүд гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь 2018 оны гуравдугаар сард Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж, уг албан тушаалд Майк Помпеог томилсон билээ. Цагаан ордон дахь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ нь Хойд Солонгостой хийсэн гэрээ хэлэлцээтэй холбоотой аж. Трамп өмнө нь Тиллерсоны бодлогыг шүүмжлээд “Тэр Ким Жон Унтай цагаа хий дэмий үрж байна” гэжээ. Майк Помпео томилогдсоноосоо хэдэн сарын дараа АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн бодлоготой санал нийлэхгүй байгаа түшмэдэд албан тушаалаа хүлээлгэж өгөхийг зөвлөсөн гэдэг. Тэрбээр үүнийгээ Трамп Америкийн яамдуудтай хамтран ажиллахыг хүсэж байгаа гэдэгтэй холбон тайлбарлажээ.

Ерөнхийлөгчийн багийн халаа сэлгээ нь дүрмээс үл хамаарах хандлага гэж улс төр судлаачид үзэж байна. Трамп янз бүрийн бүтэц хариуцсан ажилтнуудыг тогтмол ажлаас нь халдаг. Өнгөрсөн зургаадугаар сард тэрбээр Сонгуулийн штабын даргыг, дөрөвдүгээр сард тагнуулын байгууллагын ерөнхий байцаагчийг импичментийн үйл явцыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэж үзэн халсан бол 2019 оны хоёрдугаар сард Пентагоны Тэргүүн Жеймс Мэттисийг, 2018 оны арваннэгдүгээр сард Ерөнхий прокурор Жефф Сешнсийг, арванхоёрдугаар сард Дотоод хэргийн сайд Райан Зинкег төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэрэгт буруутган огцруулжээ.

Асуудлууд хаашаа ч алга болоогүй

Шинжээчдийн дүгнэж байгаагаар бизнесээс улс төрд ирсэн, улс төрийн элитийн дунд итгэлтэй хүнгүй Трампын хувьд ажлын ийм нөхцөл байдалтай байгаа нь гайхах зүйл биш ажээ. Трамп мөн бүх зүйл дээр түүнийг дэмжих түшээдийн баг ч бүрдүүлж чадаагүй. Түүнд улс төрийн үүднээс найдаж болох дагалдагчид байдаггүй. Эндээс боловсон хүчний ээлж солилцоо үүсэн гарч байгаа аж.

Трамп бүхий л амьдралдаа удирдсан бизнесийн салбараас Цагаан ордонд иржээ. Тус салбарт тэрбээр хэн хүссэнийг нь хөлсөлж, тэрчлэн халж байсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалдаа ийм зарчмыг баримталж, төрийн албанд хийж байгаагүй ажил болох улс төрд орсноор багаа бүрдүүлэх тал дээрх асуудал нь эртнээс ажиглагдаж байв. Одоо түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа хэдий ч сул орон тоо дүүрээгүй байгаа аж. Үүнээс гадна тэрбээр өөрөө хүнээ нэр дэвшүүлж оруулсан салбарт ч нөхцөл байдал ийм байгаа. Энэ бүхний сөрөг нөлөөний нэг нь нууц мэдээлэл алдагдах, дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч ирэх явдал юм.

Трампын танхимд эхлээд түүнд итгэхгүй, шүүмжлэлтэй хандсан хүмүүсийн тоо хангалттай байв. Уг асуудлууд хаашаа ч алга болоогүй хэвээр байгаа гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна Трамп одоо хүрээллээ бүрэн өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж буй нь коронавирусний халдвартай хангалттай тэмцээгүй гэж шүүмжилсэнтэй холбоотой гэв. Тэрбээр хүрээллээ зайлшгүй солих шаардлага байсан гэж үзжээ. Тэрчлэн хариуцлагыг өөрөөсөө кабинетийн гишүүд рүүгээ холдуулахыг хүсэж байж мэднэ гэж шинжээчид дүгнэв.

Трампын сонгуулийн өмнөх стратеги нь сонгогчдын анхаарлыг өөрийн сайн тал руугаа хандуулж, дутагдлыг үйл ажиллагааны тодорхой чиглэл хариуцсан хүмүүст тохохыг хичээх аж. Боловсон хүчний халаа сэлгээ нь Цагаан ордны тэргүүнд мэргэжлийн ур чадвар бус үнэнч байдал хамгийн их хэрэгтэй байгааг илэрхийлж байж болох. Шүүмжлэлд байгаа түүнийг багийнхан нь хамгаалахгүй байгааг тэрбээр урвалт гэж хүлээж авч байгаа. Багаа огцруулах тухай яриа эндээс эхэлсэн байна.

Улс төр судлаачид Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол хоёр дахь удаагаа илүү үр нөлөөтэй баг бүрдүүлж болох юм гэж үзэж байна. Цагаан ордны тэргүүн одоо илүү туршлагатай, улс төрийн салбарт танилуудтай.

 

Top