А.Ууганбаяр: Дундговь аймаг дуу хуурын өлгий гэгддэг ч драмын төрлөөрөө даацтай нутаг

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” олон улсын театрын наадам энэ сарын 30-нд болно. Наадамд хүүхдийн жүжгийн төрөлд өрсөлдөхөөр олмоо чангалж буй Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрынхан сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. Монгол Улсын хэмжээнд байдаг хүүхдийн хэмжээний тавхан театрын нэг болох тус театрын захирал А.Ууганбаяртай уран бүтээлийн талаар ярилцлаа.


-“Тэнгэрийн тэмдэг” театр үүсгэн байгуулагдаад 10 жилтэй золгож байна. Уран бүтээлийн олз омог ихтэй юу. Театрынхаа талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Манай теарт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэр­гэд “Хүүхэлдэйн театр” нэр­тэй­гээр байгуулагдсан. 2014 онд төрийн төсөвт байгууллага болж "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр үүсгэн байгуулагдсанаар урлаг соёлын бүхий л төрлөөр хүүхдүүдийг сур­гаж хөгжүүлж байна даа. Хүүхэл­дэйн жүжиг, драмын жүжиг, язгуур урлаг, үндэсний хөгжим, уртын дуу, уран нугаралт, хөөмий, цирк, аман хуур, шатар гээд 10 гаруй төрлөөр сургалт явуулдаг. Манай театрт 20-30 морин хуур, 10-аад ёочин, үлээвэр хөгжим, цахилгаан хөгжим байна. Энэ бол “Дэлхийн зөн”-ийн тогтвортой амь­жиргааны төслийн буян шүү дээ. Энэ жил 10 жилийнхээ ойд зориулаад жүжиг, концерт, циркийн тоглолт, баримтат кино бүтээсэн. Энэ ойтой даширдуулаад “Гэгээн муза” наадам болж байгаад бэлгэшээж байна. Манай төвд язгуур урлагийн багшаар МУГЖ Х.Цэрэн­чимэд, уртын дууны багшаар МУГЖ А.Дүнж­маа гээд олон сайхан чад­вар­­лаг багш нар хичээл зааж шав­­­хаг­дашгүй ундаргатай авьяас билгээ залгамж хойчдоо өвлүүлж байна.

-“Гэгээн муза” наадмын тэргүүн шагналыг “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр 2010 онд хүртэж байсан. Тэр түүхээ эргэн хуваалцаач?

-Төрийн шагналт зохиолч Д.Төр­батын зохиол, Төрийн соёрхолт Ц.Нацагдоржийн хөгжим, МУУГЗ С.Сугирын найруулгаар “Тэнгэрийн тэмдэг” жүжгээрээ оролцож тэргүүн шагналыг хүртэж байлаа. Чингис хааны бага насны тухай өгүүлсэн эв нэгдэлтэй байхыг уриалсан энэхүү жүжгийн зураачаар О.Баярмагнай ажиллаж байлаа. Жүжиг гэдэг тайз засалт, хувцас, дүр хувиргагч, хөгжим, гэрэл, зохиол, найруулагч гээд нүсэр том багийн ажил байдаг. Уран бүтээлийн онгод, амжилтын уухайг авчирсан энэхүү жүжгээрээ хүүхдийн театраа нэрлэж, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждавгын нэрэмжит театр болгосон. Цаашид өргөжүүлээд Хүүхэд, залуучуудын театр болгож технологи, гар урлал, урлагийн боловсрол олгох чиглэлээр хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна даа.

-Аливаа уран бүтээл төрөн гарахад санхүүгийн хөшүүрэг гэж байдаг.  Уран бүтээл хийхэд учирдаг бэрхшээл юу байна вэ?

-Манай театр 15 хүний бүрэл­дэхүүнтэй ажиллаж байна. Энэ мөнгөөр уран бүтээл босгоно гэдэг хэцүү. Нутгийн ард түмэн, компанийн дэмжлэгтэйгээр бусад аймгийн театрынхан сайхан жүжиг бүтээж чадаж байна шүү дээ.  Театр маань улам өргөжөөд цирктэй боллоо. Жилд 2000-аад хүүхэд манай театрт ирж суралцдаг. Нэг багшид 100 хүүхэд оногддог. Нэг өрөөнд хэд хэдэн ээлжээр хичээллэж сөөлжүүлж суралцуулдаг. Багшийн орон тоогоо нэмэх шаард­­­лагатай байдаг. Мөн эдгээр хүүхдүүд маань төгсөөд хаачих вэ гэдэг асуудал гардаг. Тиймээс барилга байшингаа томруулж, өөрийн гэсэн Хүүхэд, залууст зориулсан хөгжлийн ордонтой болохыг зорьж байгаа. Барилгын төсөл зураг бэлэн, газар нь бэлэн, төсөвт дэмжигдээд явж байгаа. Үүнд 4-5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Манай театрт бусад аймгуудаас, Өвөрмонголоос хүүхдүүд ирж харилцан туршлага судалж байна. Урлаг соёлын салбарт цойлж, гялалзаж яваа сайхан, сайхан уран бүтээлчид манай театраар дамжсан байдаг. Тиймээс авьяастай хүмүүсээ аймаг орон нутагтаа шингээх цогц бодлого хэрэгтэй байна.

-Энэ жилийн “Гэгээн муза” наадмаар ямар бүтээл сойж байна даа?

-“Тэнгэрийн тэмдэг” жүж­гээ шинэ найруулга, шинэ бүрэл­дэхүүнээр дахин тоглосон. 10 жилийн дараа дахин тоглосон болохоор хувцас хэрэглэл, тайз бүх юм шинэчлэгдсэн. Тайзны зураг, дизайн, засал чимэглэлийг О.Баярмагнай гүйцэтгэж, ерөн­хий найруулагчаар МУСТА С.Ариун­бямба ажилласан. Энэ бүхнийг С.Сугар багшдаа барьж буй бэлэг гэж бодож байна. Манай аймаг урлаг соёл талдаа төрмөл авьяастнууд ихтэй, маш мөлжүүртэй нутаг. Тиймээс аливаа уран бүтээл хийхдээ нутгийнхаа хүмүүстэй хамтарч ажиллах өгөөжтэй байдаг.

-Цар тахалтай холбоотойгоор “Гэгээн муза” наадам цахимаар зохион байгуулагдана. Та бүхэн бичлэгээ аль хэдийн өгчихсөн байгаа шүү дээ. Жүжгийнхээ илэрхийлэх гээд байгаа санааг цухасхан дурдвал?

-Мэдээж догдлолгүй яах вэ. Цар тахал гарахаас өмнө “Хүүхэд театр-Ирээдүй” хүүхдийн театрын чуулга уулзалт нийслэлд болох байсан боловч хөл хорио тогтоогдсон учир хойшлогдсон. Тэр үеэр “Тэнгэрийн тэмдэг” жүжгээ Драмын театрт тоглох байсан юм. Уран бүтээлчид гэдэг тайзан дээрээ л аз жаргалтай байдаг. Хөл хорионы улмаас олон сар тайзан дээрээ тоглоогүй ч бид өдөр бүр бэлтгэлээ хийж, өөрсдийгөө бэлдэж байсан. Жүжигчин С.Ариунбямба бол маш дотортой найруулагч. Жүжгийн хэлэх гээд буй санаа, дүрийн илэрхийлэмж, дотоод зөрчил, үзэгчдийг тайзандаа уусгах , ахуй орчинг бүрдүүлэх нарийн чимхлүүр ажлуудыг маш сайн хийсэн. Чингис хааны бага насаар дамжуулж, залууст эх оронч, баатарлаг цөсийг нь сэрээх, үндсэрхэг үзлийг нь төрүүлэх, эвлэл­дэн нэгдвэл бид юуг ч чадна гэдэг санааг агуулсан. Энэ жүжиг найруулга болоод хувцас хэрэглэл, дүр хувиргалт, тайз засалтаараа дэлхийн хаана ч нүүр бардам тоглогдохоор жүжиг гэж хэлж болно.

-“Тэнгэрийн тэмдэг” жүжиг­тэй дүйцэхүйц даацтайхан ямар жүжиг дээр ажиллаж байна вэ. Ер нь хүүхдийн жүжгийн төрөлд дутагдаад байгаа санаа, зохиол юу байдаг вэ?

-Дундговь аймгийг дуу хуурын орон гэдэг боловч нарийн яривал драмын төрлөөрөө даацтай нутаг шүү. С.Сугар багшийн өгөөж маш их. Тэрбээр 2000, 2014 онд хоёр ч курс төгсгөж уран бүтээлийн чадал чансааг харуулж байсан. "Харц хатан" жүжгээрээ Улаанбаатарт уригдан ирж оролцож байсан олон алдартай жүжигчид байдаг.  Үүний залгамж халаа болгож хийж бүтээх зүйл их байна. Би “Сүхийн саарал морь” гэдэг домог хуучаас сэдэвлэсэн жүжгийг тоглохоор төсөв зураг хийгээд явж байна. Энэ жүжгийн домог нь морин хуур үүссэн домгоос сэдэвлэсэн. Энэ домгоос сэдэвлээд Япон улсад 1967 онд сургалтын хөтөлбөрт нь орсон байдаг. Мөн маш олон анима хүүхэлдэйн кино хийчихсэн байдаг юм билээ. Өвөрмонголын Чи булаг, Төрийн соёрёхолт Б.Шарав гуай нар энэ домгоор хөгжмийн бүтээл хийсэн. Энэ домгийг сонсоод япончууд сонсоод уйлдаг байхгүй юу. Манайханд домог хуучаараа хийж болох маш олон баялаг санаа байдаг. Түүгээрээ дамжуулж үр хүүхдээ хүмүүжүүлвэл лав л муу хүн болохгүй дээ. Аймгуудын таван теарт таван сэдвээр жүжгийн зохиол санаа боловсруулж байгаа. Манай аймаг түүхэн сэдвийг авч, хүүхдүүдээ Монголын нууц товчоог нэвт шувт мэддэг, үүх түүхээ мэддэг, үлгэрлэн дуурайх баатруудтай сайн иргэн болгохоор бэлтгэж байна. Жишээ нь, Баянхонгор, Эрдэнэт аймгийн театрынхан нийг­мийн асуудлыг түлхүү хөн­дөж байгаа. Дараа нь, байгаль экологийн чиглэлийн сэдвийг нь авч аймгийнхаа хэм­жээнд уул уурхай хөгжсөнөөр ямар сүйрэлд хүрч болох вэ гэдэг сэдвээр хүүх­дүү­дийн дунд жүжгийн зохиолын уралдаан зарлаж, өөрсдөөр нь тоглуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь хүүхдийг байгальдаа хайр­тай хүн болгон төлөвшүүлнэ шүү дээ. Төв үзэлтэй, онц сурлагатай хүмүүс биш задгай сэтгэлгээтэй, задарсан авьяастай хүмүүс л нийгмийг түүчээлж явдаг. Урлаг соёл хүүхдийг тал, талаас нь хөгжүүлдэг байхгүй юу. Улс орон хөгжье гэвэл хүүхэд рүүгээ бодлого хандуулах хэрэгтэй.  24 жилийн дараа бие даасан Соёлын яамтай болсонд бид бүхэн үнэхээр баяртай байна. Урлагаар явахаар хүүхдийн сурлага мууддаг гэхийг сонссон. Үгүй ээ, урлагийн боловсрол гэдэг багийн ажиллагаа учраас хүүхэд хамтач, бүтээлч болж төлөвшдөг юм. Нийгэм дээр гараад ирэхээр заавал урлагийн хүн болох албагүй, олныгоо манлайлсан, олныхоо төлөө явсан, олонтой хүн болдог юм аа. Манайхаас төгссөн хүүхдүүдээс прокурор ч байна, эмч ч байна, хуульч ч байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naran(202.5.206.69) 2020 оны 08 сарын 30

Mundag hedelmerch, huuhdiin telee gesen setgel haragdaj bna. Amjilt husie

3  |  0
Top