Б.Жонсон: Европын холбоотой худалдааны гэрээ байгуулах боломж бий

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Их Британи, Европын Холбоонд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл худалдааны гэрээ байгуулах хугацаа бий. Талууд энэхүү баримт бичгийн байгуулж чадахгүй аваас хоёр талын худалдааны харилцаа хатуу нөхцөлөөр явах болно гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдэлд онцолжээ.

Тэрбээр өнөөдөр /2020.09.07/ Британийн нийслэл Лондон хотноо эхэлж буй хоёр талын худалдааны хэлэлцээний төгсгөлийн үе шат эхлэхээс өмнө мэдэгдэл хийсэн байна.

Лондон 2021 онд хоёр талын чөлөөт худалдааг эхлүүлэхийн тулд ирэх аравдугаар сарын 15-нд болох Европын зөвлөлийн хуралдаанаас өмнө амжиж Брюссельтэй холбогдох хэлэлцээрт хүрэх шаардлагатай байна гэж Жонсон онцолжээ. Талууд гэрээ байгуулаагүй тохиолдолд Их Британи, ЕХ-ны худалдааны харилцаа 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ЕХ, Австралийн хооронд үйлчилдэг хэлэлцээрийн хэлбэрээр үргэлжлэх болно.

Түүний хэлснээр, Нэгдсэн Вант Улсын Засгийн газар хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа ч ЕХ-той хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхээс татгалзахгүй. Нислэг, ачаа тээвэр, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг ЕХ-той хэлэлцэхэд бэлэн гэж Жонсон онцлоод Британийн эрх баригчид тусгаар улсыг тодорхойлдог үндсэн зарчмын тал дээр буулт хийхгүй гэж мэдэгдсэн байна.

Худалдааны хэлэлцээний өмнөх үе шатны үеэр талууд загас агнуурын салбартай холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй. Талууд загас агнуурын бүсийн хилийн асуудал дээр санал нэгдэж чадахгүй байгаа юм.

Их Британи энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Европын Холбооноос гарсан билээ. Энэ оныг дуустал шилжилтийн үе үргэлжлэх бөгөөд энэ үеэр талууд ирээдүйн харилцааны загварыг тодорхойлох учиртай. Энэ хугацаанд Их Британид ЕХ-ны дүрэм үйлчилсэн хэвээр ч тус улс ЕХ-ны шийдвэр гаргах явцад оролцохгүй байгаа ба ЕХ-ны төсөвт өөрийн хувиа оруулсан хэвээр байгаа юм. Хэрэв талууд энэ оныг дуустал тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёр талын харилцаа хатуу нөхцөлөөр үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top