Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны өргөн барьсан Брексит буюу Британийг Европын Холбооноос гаргах тухай хуулийн төслийг тус улсын парламентын хоёр танхим хоёул дэмжлээ.
Хуульд хатан хаан II Элизабет гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хатан хаан энэ долоо хоногт багтаан хуулийг батламжилна гэсэн хүлээлт байна. Брекситийг хэрэгжүүлэхийн тулд Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах тухай хэлэлцээрийг Европын парламент соёрхон батлах ёстой.
Үүнээс өмнө Брекситийн тухай хуулийг батлахаас Уэльс, Шотланд, Умард Ирландын парламентууд татгалзаж байсан билээ. Гэхдээ энэ нь хатан хаанд хуульд гарын үсэг зурахад нь саад учруулахгүй юм. Хэдийгээр Шотландын үндэсний намын бүлэг зэрэг Брекситийг эсэргүүцэгчид хатан хаанд хандан хуулийг батламжлахгүй байх хүсэлт тавихаар зэхэж байгаа ч хатан хаан улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцсон тохиолдол Их Британийн шинэ түүхэнд гарч байгаагүй юм.
Хамгийн сүүлд Стюартын угсааны хатан хаан Анна 1707 онд парламентын баталсан хуулийг батламжлахаас татгалзаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )