Их Британид парламентын ээлжит бус сонгууль энэ оны арванхоёрдугаар сарын 12-ний өдөр болохоор боллоо. Британийн парламентын Нийтийн танхим мягмар гарагийн орой Консерватив намаас санал болгосон хуулийн төслийн баталснаар энэ нь тодорхой болов. Хуулийн төслийг тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон санаачилсан юм. Тэрбээр дөрөв дэх оролдлогоороо Нийтийн танхимын бүрэлдэхүүнийг шинэчлэх замаар Их Британийн Европын холбооноос гарах нөхцөлтэй холбоотой үйл ойлголцлын улмаас бий болоод буй парламентын мухардмал байдалд цэг тавих зорилгодоо хүрлээ.
Байр сууриа бэхжүүлэх зорилго бүхий либерал ардчилагчид болон Шотландын үндэсний нам Ерөнхий сайдын талд орсны дараа Жонсоны танхимын саналыг лейбористууд дэмжихээс өөр аргагүй байдалд оров. Үүнээс өмнө тэд Жонсоны ээлжит бус сонгууль явуулах саналыг гурвантаа няцааж байсан билээ.
Энэ оны долоодугаар сард бүрдсэн Жонсоны танхим парламентад 12 удаагийн ялагдал хүлээсний эцэст анх удаа томоохон ялалт байгуулж байгаа нь энэ. Ээлжит бус сонгууль явуулснаар Нийтийн танхимд олонхын суудалгүй Ерөнхий сайд Борис Жонсоны нам Брекситтэй холбоотой нөхцөл байдлыг мухардмал байдлаас гаргахыг зорьж байгаа юм. Жонсон парламентын одоогийн бүрэлдэхүүн энэ сарын 17-нд Брюссельтэй тохиролцоод буй гэрээг батлахгүйгээр барахгүй Брекситийн хугацааг дахин дахин хойшлуулсаар байх болно гэж үзэж байгаа билээ.
Хэдийгээр Жонсоны рейтинг өндөр хэвээр байгаа ч олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл Консерватив нам Лейборист намыг ялах магадал өндөр боловч Жонсон ерөнхий сайд асан Тереза Мэйн хувь заяаг давтах эрсдэл бий. Тереза Мэй 20017 оны ээлжит бус сонгуулиар эрх баригч өөрийн намын байр суурийн бэхжүүлэх бус, эсрэгээр сулруулсан юм.
Удаан хүлээсэн ялалт
Мягмар гарагийн орой болсон санал хураалтаар ээлжит бус сонгууль явуулахыг 438 гишүүн дэмжиж, 20 гишүүн эсрэг санал өгсөн бол 181 гишүүн түдгэлзсэн байна. Ялалт байгуулахад Жонсонд 320 санал авахад хангалттай байсан. Учир нь түүний барьсан хуулийн төсөл ээлжит бус сонгууль явуулах сайд нарын танхимын өмнөх оролдлогууд бүтэлгүйтэх шалтгаан болсон өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хязгаарлалтыг тойрч гарах зорилготой байсан юм.
Британийн Засгийн газар мөн өөрт нь ашиггүй хуулийн нэмэлт өөрчлөлтөөс зайлсхийж чаджээ. Санал хураалтаас өмнө сонгуульд тус улсад оршин сууж буй ЕХ-ны бусад улс орны иргэдийг оруулах, сонгуулийн насыг бууруулахаас зайлсхийжээ. Түүнчлэн ээлжит бус сонгуулийн хугацааг арванхоёрдугаар сарын 12-нд бус 9-нд тогтоох тухай нэмэлт өөрчлөлтийг сөрөг хүчний дэмжлэгтэйгээр унагасан юм.
Ээлжит бус сонгуулийг тогтсон хугацаанд явуулахын тулд одоогийн парламент арваннэгдүгээр сарын 6-наас өмнө тарж, сонгуулийн кампанит ажлыг эхлэх ёстой. Ингэснээр хуулийн төслийг бусад шат дамжлагаар оруулж, батлуулахын тулд Жонсонд ажлын таван хоног үлдээд байна. Нийтийн танхимын баталсан төслийг өдгөө Лордуудын танхим хэлэлцэх учиртай. Дээд танхимын гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт тусгах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд доод танхимд дахин хэлэлцүүлэхээр буцаах болно. Хатан хаан II Елизабет гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болох юм.
Зарим улс төрийн тоймчид хуулийн төсөл Лордуудын танхим дээр бэрхшээлтэй тулгарч болзошгүй гэж болгоомжилж байгаа ч төслийг батлах явдал нь гол төлөв ёс төдий зүйл юм. Тиймээс төслийг хугацаанд нь батлах магадлал өндөр байгаа бөгөөд британчидууд сүүлийн дөрвөн жилд гурав дах удаагаа санал хураалтын байранд очиж, Нийтийн танхимын бүрэлдэхүүнийг өөрчлөх болж байна. 1923 оноос хойш анх удаа арванхоёрдугаар сард болох санал хураалтын дүн арванхоёрдугаар сарын 23-нд гарна.
Мухардалд орсон парламент
Жонсон Брюсселиэс ирсний дараа ээлжит бус сонгууль явуулах шаардлага гарч ирсэн. Тэнд Жонсон ЕХ-той хийх гэрээний нөхцөлийг зөвшилцөж чадсан юм. Британийн парламентад аль аль тал нь нүүх нүүдэлгүй болоод байгаа. Энэ сарын 17-нд тохиролцсон гэрээг хууль тогтоогчид бараг батлаад байсан ч Брекситийн тухай хуулийн төслийг гурван хоногийн дотор хэлэлцэх тухай Жонсоны саналыг хүлээж аваагүй юм. Ингэснээр энэ сарын 31-нээс өмнө Их Британи Европын холбооноос албан ёсоор салах боломжгүй болсон.
Британийг ЕХ-ноос гарах хугацааг дахин хойшлуулахгүй гэж олонтоо мэдэгдэж байсан Жонсон энэ ялагдлын дараа сонгогчдодоо өгсөн гол амлалтаасаа ухарч, Европын зөвлөлийн тэргүүн Доналд Тускт Брекситийн хугацааг дахин хойшлуулах хүсэлт тавихаас өөр аргагүйд хүрсэн. Жонсон парламент түүний гарын хүлсэн тул өөрийн хүсэл зоригоор ийм алхам хийгээгүй гэж онцолж байв. Европын холбоо Лондоны энэхүү хүсэлтийг хүлээн авч, Брекистийн хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл гурван сараар дахин сунгаж өгсөн билээ.
Шаардлагатай тооны хууль тогтоогчдын дэмжлэг авч чадахгүй гэдгээ сайн ойлгосон Жонсон Брекситийн тухай хуулийн төслийг түр хугацаагаар татаж, оронд нь ээлжит бус сонгууль явуулж, “саажсан” танхимын бүрэлдэхүүнийг шинэчлэх шинэ зорилт тавив. Нийтийн танхимыг Британийн сангийн сайд Сажид Жавид нэгэнтээ “зомби парламент” гэж нэрлээд амжсан юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ээлжит бус сонгуулийн асуудлыг уйгагүй тавина гэж Жонсон амлаж байсандаа ийн хүрч байна.
Даваа гарагт Жонсоны засгийн газар ээлжит бус сонгууль явуулах асуудлыг тогтсон процедурын дагуу шийдэхэд шаардлагатай гуравны хоёр хувийн саналыг авч чадаагүй. Парламентын бүрэн эрхийн тогтсон хугацааны тухай 2011 оны хуульд энэхүү асуудлыг дийлэнх олонх буюу Нийтийн танхимын 650 гишүүний 434 нь дэмжих ёстой гэж заажээ. Ялагдал хүлээснийхээ тэр даруй Жонсон энэхүү хязгаарлалтыг тойрч гарах боломжтой хуулийн төслийг өргөн барина гэж мэдэгдэн, ээлжит бус сонгууль явуулах эрхийг энгийн олонхын саналаар олж авахаар зүтгэсэн. Ээлжит сонгууль одоо явуулах нь ашигтай байгаа либерал ардчилагчид, Шотландын үндэсний намын гэнэтийн дэмжлэг Борис Жонсонд санасандаа хүрэх боломж олгожээ.
Ээлжит бус сонгууль Брекситийн асуудлыг шийдэх үү
Лондонд төвтэй Financial Times сонин Консерватив намын “ташуур” гэгддэг байсан гол зохион байгуулагч асан Эндрю Митчелл ирэх сонгууль Брексит гэх сэдвээс үүдэлтэй нийгэмд үүсээд буй хагарлыг улам гүнзгийрүүлж болзошгүй гэд мэдэгдэж байсныг онцолжээ. Борис Жонсон маш үр дүнтэй сонгуулийн кампанит ажил явуулдаг тул сонгогчидтой нэг долгионд байна гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлсэн байдаг. Гэхдээ ээлжит бус сонгууль Британийн нийгэмд цочирдуулам их зөрчил, маргаан дэгдээнэ гэж Митчэлл онцолжээ.
Борис Жонсон сонгуулийн кампанит ажлаа эхэлсэн нь илт байгаа бөгөөд Митчеллийн таамаглаж байсанчлан сонгуулийн сурталчилгаа нь бүх консерваторуудыг нэгтгэх уриа дор болох боломжтой. Мягмар гарагт эрх баригч нам Ерөнхий сайдын гол санал хураалтын үеэр түүний эсрэг байр суурийг илэрхийлсний төлөө есдүгээр сард намаасаа хөөгдөж байсан арван гишүүнийг буцаан намдаа элсүүлсэн нь тодорхой болов. Намдаа буцаж орсон гишүүдийн дунд Уинстон Черчилллийн ач хүү Николас Соумс, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн сайд асан Грег Кларк нар багтжээ. Тэдгээрийн ихэнх нь ээлжит бус сонгуульд хүч үзэхээр зорьж буй.
Британийн Sky News суваг арванхоёрдугаар сарын сонгууль эцсийнх бус байхыг үгүйсгэсэнгүй. Хэрэв намууд засгийн газрыг бүрдүүлэхэд хангалттай санал авч чадахгүй бол хууль тогтоох байгууллагад одоогийнх шиг нөхцөл байдал дахин үүснэ. Үүнийг мөн л шинэ санал хураалтаар шийдэх хэрэг гарах юм.
Одоогоор олон нийтийн санал Борис Жонсоны талд буй. Observer сонины захиалгаар явуулсан санал асуулгаар өнөөдөр сонгууль болох бол консерваторууд 40 хувийн санал авах бол, лейбористууд 24 санал авахаар байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд явуулж байсан санал асуулга бодит байдлаас хол зөрдгийг харуулаад байгаа. 2017 онд Тереза Мэй ээлжит бус сонгуулийг зарлаж байхад санал асуулгын үр дүн түүнд ялалт авчрахыг амлаж байсан. Гэвч санал хураалтын үр дүнд консерваторууд эрх мэдлээ авч үлдсэн ч олонхын суудлаа алдаж, Нийтийн танхимыг мухардалд оруулаад байна. Энэ байдлаас гарахаар Жонсон Зул сарын баярын босгон дээр азаа турших юм.
Сэтгэгдэл ( 0 )