Европын парламент Их Британийг Европын Холбооноос гаргах тухай хэлэлцээрийг олонхийн саналаар дэмжлээ.
Санал хураалтын дараа Европарламентын гишүүд Шотландын “Auld Lang Syne” үдэлтийн дууг дуулж, Их Британийг үдэн гаргав. Энэ дууг англи хэлтэй орнуудад шинэ жилийн битүүний өдөр, төгсөлтийн баяр, аливаа арга хэмжээний төгсгөлд дуулдаг уламжлалтай.
Их Британи Европын Холбооноос энэ баасан гарагт /2020.01.31/ Гринвичийн цагаар 23.00 цагт албан ёсоор гарах юм.
Европын парламентын дарга Дэвид Сассоли Их Британийг төлөөлсөн гишүүдэд хандан “Та бүгд ЕХ-ноос гарч буй ч үргэлж Европын нэгэн хэсэг байх болно. Баяртай гэж хэлэхэд хүнд байна” гэжээ. Европарламентын Брекситийн асуудал хариуцсан төлөөлөгч Гай Ферхофштадт “Европын чөлөөлөхөд хоёр удаа цусаа өргөсөн улс биднийг орхиж буйг харахад гунигтай байна” хэмээн ярьжээ.
Еврокомиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейэн хэлэхдээ, Брекситийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах нь ЕХ, Их Британийн шинэ түншлэлийн анхны алхам юм. Бельгийг төлөөлсөн гишүүн Филипп Ламбертс ЕХ Их Британийн ЕХ-ноос гарах тухай шийдвэрээс сургамж авах ёстой гэжээ.
Их Британи Европын холбооноос гарсны дараа 11 сар үргэлжлэх шилжилтийн үе эхэлнэ. Энэ хугацаанд талууд хоёр талын эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцэх юм. Худалдааны хэлэлцээрийг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Их Британийн тал энэхүү хэлэлцээрийг 2020 арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дуусгах сонирхолтой байна. Учир нь энэ өдөр шилжилтийн үе төгсөж, Их Британи ЕХ-ны дүрмийг дахин мөрдөхгүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
БИТҮҮНИЙ ӨДӨР ГЭЖ ТЭР ТУСМАА АНГЛИД БАЙХГҮЙ Л ДЭЭ!!!!