Б.Болор-Эрдэнэ: Монголд үүсэж бэхэжсэн "ЗАСАГЛАЛЫН ЗАНГА"-ыг зоригтой тас татах хэрэгтэй

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой асуудлуудад бодитой дүн шинжилгээ хийе гэсэн байр суурин дээр улс төрийн намууд нэгдэн, хамтарсан судалгаа хийжээ. Уг судалгааны ажлын хэсгийг Олон Улсын Судалгаа Хөгжлийн Төвийн захирал, судлаач, эдийн засагч Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ ахалж ажилласан юм. Судалгааны үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.


-Сонгуулийн луйвар, булхай гаарч, иргэдийн сонголтыг хүч түрэн өөрчилдөг боллоо гэсэн яриа их гарах болж. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар бүрэн судалгаа хийсэн хүний хувьд та ямар хариулт өгөх вэ? 

-Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа иргэд болон улс төрийн намууд “Сонгууль луйврын шинжтэй боллоо. Сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдол нэлээд гарлаа” гэж сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байр сууриа илэрхийлсэн. Энэ эргэлзээ одоо ч тайлагдаагүй байна. Бид дээрх зөрчлүүдтэй холбоотой асуудалд дүн шинжилгээ хийх зорилгоор мэргэжлийн баг бүрдүүлэн, улс төрийн намууд, штабын бүрэлдэхүүнд ажилласан хүмүүс, ухуулагчид болон иргэдээс авсан мэдээллүүдээ нэгтгэн дүгнэсэн. Уг судалгаагаар хэсгийн хороо, санал авах байр, сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд нэлээд илэрсэн.

-Зөрчлийн дийлэнх хувийг ямар төрлийн зөрчил эзэлж байна вэ?

-Иргэдийг эдийн засгийн чадамжаар нь барьцаалан бие даан шийдвэр гаргаж, чөлөөт сонголт хийх эрхийг нь зөрчсөн тохиолдол нэлээд байна. Тодруулбал, хэсгийн хороод болон санал авах байрууд дээр өрсөлдөгч намын ажиглагчдын хуулийн хүрээнд ажиглалт хийх эрхэнд халдсан, эрхийг нь хязгаарласан, тэгш боломж олгоогүй гэх мэт нөхцөл үүссэн. Мөн сонгогч саналаа өгөхөөр ирэхэд ямарваа нэгэн байдлаар нөлөөлөх гэсэн оролдлогууд ч гарсан байна. Иргэд саналын хуудсаа дугтуйнд хийлгүй задгай өгсөн, санал өгөх ширээ бүхээггүй байсан, хэсгийн хорооны дарга, даамал зэрэг хүмүүс нууцаар санал өгөх үед сонгогчийн хажууд зогсох, дэргэдүүр нь холхих гэх мэтчилэн олон зөрчил илэрч, иргэдийг бухимдуулжээ. Тухайлбал, Багахангай дүүргийн иргэд маш бухимдалтай байна лээ. Учир юу гэвээс шууд ажлын байртай чинь, ахуй амьдралтай чинь ярина шүү гэсэн дарамт төрийн албан хаагчдад их ирсэн байна.

Мөн ажилтнуудаа унаа машинаар бөөнд нь зөөж, цаасан дээрээс нэрийн жагсаалтыг харж бөөгнөрүүлж байгаад оруулах явдал хавтгайрсан. Энэ бол 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуульд заагдсан монгол хүний язгуур эрхэнд шууд халдаж буй хэрэг. Мөн сонгуулийн холбогдох хууль тогтоомжууд, төрийн албаны ажилтнуудын ёс зүйн дүрэм тангаргийг ч зөрчиж байна. Төр ариун байх ёстой. Гэтэл ажилтнаа дарамталдаг, сонголтонд нь шууд болон шууд бус замаар нөлөөлдөг, нэр заасан хүнд саналаа өгөхгүй бол халамж тэтгэврээс чинь хасна, хүнсний талоныг чинь олгохгүй, тусламж бараа бүтээгдэхүүн өгөхгүй, ажлын байраар хангахгүй хэмээн дарамталдаг байж болохгүй. Үүнийг олон улсад “Засаглалын занга” гэж нэрлэдэг.  Ийм "Засаглалын занга"-нд хүлэгдсэн хүмүүс Монголд олон байна. Ийм байдал сумдад ч, дүүргүүдэд ч байна. Ийнхүү иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж чадахгүй төр, төрийн байгууллага оршиж байгаа бол өнөөдөр Монголд ардчилал байгаа эсэх нь эргэлзээтэй. Иргэдээ хүн гэж тоодоггүй, хонь шиг хашаалж байгаад санал өгүүлдэг, саналыг нь худалдаж авдаг энэ байдлыг таслан зогсоохгүйгээр ядуурал, ажилгүйдлийг бид ялан дийлж чадахгүй ээ. Өчүүхэн эрх ашгийнх нь төлөө, хоногийн хоолны мөнгийг нь өгөөд дөрвөн жил түүнээс цааших боломж, үр хүүхдийнх нь ирээдүйг худалдаад авчихаж байна шүү дээ. Төрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж сонгогчдын язгуур эрхэнд халдаж, бие даан, хараат бусаар саналаа өгөх боломжийг нь боомилж байгаа ийм үйлдлийг иргэд бид хүлээн зөвшөөрч болохгүй.

-Төрийн нэр барьсан хүмүүс ингэж дан­хайж, иргэдийн эрхэнд шууд болон шууд бус замаар халдаж байгаа тохиолдолд сөрөг хүчний дуу хоолой арай л сул байгаа юм биш үү?

-Би ардчилсан нийгэм, олон ургалч үзэл, олон намын тогтолцоог сонгосон. Олон нам сөрөг хүчин байгаа тохиолдолд үзэл бодлоо илүү хүчтэй илэрхийлж чаддаг. Эрх баригчдын дан ганцаар бодож боловсруулаад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр нь буруу ташаа, ард түмний эрх ашигт нийцэхгүй хэлбэрээр хэрэгжих юм бол сөрөг хүчин иргэдийнхээ өмнөөс дуугарч буруу булхайд нь ташуур болж, зөв зүйтэйд нь урам зориг нэмж явах ёстой. Төрийн эрх мэдлийг засаглаж байгаа улс төрийн нам нь ч сөрөг хүчиндээ орон зай үлдээдэг байх учиртай. Энэ бол ардчиллын зарчим. Нөгөөтэйгүүр, бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлдөөд ялах ялагдахаа шийддэг байх ёстой. Явцуу хүрээнд засаглалын занга үүсгэж байгаа бол энэ нь өөрөө Монгол Улсыг засаглалын хямралд хүргэнэ. Засаглалын хямрал нь өөрөө иргэдээс хол, дүлий төрийг бий болгодог. Тэгэхээр хэрэв өнөөдөр засаглалын зангыг үүсгэсэн байгаа дүүрэг, сумд маш ухаантай хандаж бодлогын өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэдээ хүндэлж, эрхийг нь хангаж, иргэдээ номхон дөлгөөн хонь мэтээр сэтгэдэг бодлоо таяг­дан хаяж, иргэдээ чөлөөт сонголт хийж, оюун санаагаараа шийдвэр гаргах эрх чөлөөгөөр нь  хангах хэрэгтэй байна. Эс бөгөөс иргэний нийгмийн байгууллагууд ч, иргэд ч энэ асуудал дээр дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэхэд бэлэн болоод байна. Би ч бас иргэн хүний хувьд энэ асуудал дээр дуугарсаар байх болно. Төрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж сонгогчдын язгуур эрхэнд халдаж, бие даан, хараат бусаар саналаа өгөх боломжийг нь боомилж байгаа үйлдлийг иргэд бид хүлээн зөвшөөрч болохгүй.

-Сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэхийн тулд 2012 оноос автомат машиныг нэвтрүүлсэн. Энэ нь сонгуультай холбоотой луйвар булхайг хална гэж үзсэн, итгэсэн. Гэвч бодит байдал дээр үр дүнгээ өгч чадав уу гэдэг нь бас л эргэлзээтэй.

-Нийт зөрчлийг ангилж үзвэл сонгуулийн ерөнхий хороо, хэсгийн хороо, санал авах байрны процесс үйл ажиллагаатай холбоотой зөрчил 35,3 хувь, улсын бүртгэлтэй холбоотой буюу царцаа нүүлгэлт зэрэг зөрчил 19 хувь, нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн хууль зөрчсөн тохиолдол 20 хувь, хар машин, программ хангамж технологитой холбоотой зөрчил 16,2 хувийг эзэлж байна. Үүнээс дийлэнх  буюу 35,3 хувь нь процессийн алдаа буюу хүний үйл ажиллагаатай холбоотой зөрчил. Тэгэхээр хүний үйл ажиллагаатай холбоотой асуудалд илүү анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэгт 80 санал тоолох төхөөрөмж байснаас найм дээр нь ямар нэгэн байдлаар доголдол илэрсэн. Өөрөөр хэлбэл, санал тоолох нийт төхөөрөмжийн 10 хувьд нь техникийн доголдол үүсчээ. Энэ бол техникийн хувьд найдвартай хэвийн ажиллагаагаа бүрэн хангаж чадаагүй  байна гэсэн үг. Мөн шууд дамжуулалтын үеэр программын алдаа их гарсан. Цэг таслалын алдаа, эрэмбэ дараалал нь гэнэт огцом өөрчлөгдсөн, саналын тоо нэмэгдэхээ больсон,  нэг нэр дэвшигч дээр огцом нэмэгдсэн, нэр дэвшигчийн нэр листэн дээрээс гэнэт алга болсон гэх мэтчилэн маш олон алдаа гарсан. Сонгинохайрхан дүүрэг дээр л гэхэд 61 мянган санал гэнэт 51 мянган санал болж буурч байсан. Эдгээрээс харахад энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад техник болон программ хангамж нь бэлэн бус байжээ. Бэлэн бус программ болон техникээр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан нь өөрөө сонгуулийн үр дүнг нягтлан шалгах эргэл­зээг бий болгох үндэслэл болсон байна.

-Сонгуулийн дүн шударга гардаггүй гэдэг эргэлзээ. Энэ бол иргэдийг санал өгөхөөс, сонгуульд оролцохоос, үүргээ биелүүлэхээс хойш татдаг хамгийн том шалтгаан. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд “сонгогчдын ирц хамаарахгүй” гэсэн нь дахиад л дээрх эргэлзээг бататгаж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилан ярьж тохирсон, гинжилж бэлтгэсэн сонсогчид саналаа өгч, зохион байгуулалтын гадна үлдсэн иргэд саналаа өгч амжилгүй санал авах хугацаа дуусах нь ээ гэсэн хар төрөөд байгаа юм.

-Хар төрөхөөс өөр аргагүй. Тухайлбал, Багахангай дүүргийн хувьд гучин жилийн хугацаанд нэг нам бүх шатанд дангаараа засаглажээ. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын албан тушаалд ч дандаа даргын зүгийн хүмүүс дэмжигдэн томилогдсон байдаг гэж иргэд ярьж байна. Мөн иргэдийн ярьж байгаагаар нийгмийн хангамжийг нь шийдэж өгөх замаар санал өгөхөд нь нөлөөлөх явдал газар авчээ. Тодорхой хугацаа өнгөрсний дараа төрийн албан хаагч ч өөрөө иргэдийн сонголтонд шууд нөлөөлж байгаад иргэд таагүй хандаж байгаа юм. Ийм сонголт хийснийхээ төлөө бид есөн дүүргээс өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, хоцрогдсон, хожигдсоноороо дуудуулж байна. Гэвч одоо иргэд энэ ужгирсан байдалд бодит дүн шинжилгээ хийгээд ямар ч дарамт шахалтгүйгээр саналаа өгөхийг хүсэж байгаа. Энэ хүсэл эрмэлзлийнхээ нөлөөгөөр энэ удаагийн сонгуульд төрийн байгууллагаас хамааралгүйгээр идэвхтэй оролцож, чөлөөт сонголтоо хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингэж л бид дүүргийнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө хувь нэмрээ оруулж чадна. Багахангай дүүрэг хөгжлийн хувьд аж үйлдвэрийн парк байх ёстой, ложистик зангилаа байх ёстой, зах зээл, хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор их, дээд сургуулиудыг энд нүүлгэж авч ирэх ёстой гэж гучин жилийн турш олон улс төрч ярьлаа. Ажил хэрэг болсон нь үгүй. Харин ч арга буюу амьдралаа бодож дүүргээ орхих иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч, нийслэлийг зоригсдын н тоо л нэмэгдэж байна. Тиймээс одоо бүрдэх Нийслэлийн ИТХ, тухайн хурлыг төлөөлж байгаа дүүргээс сонгогдсон төлөөлөгч болон дүүргийн төлөөлөгчид зоримог шийдвэр гаргаж энд үүсэж бэхжээд байгаа Засаглалын зангыг зоригтой тас татах цаг иржээ.

-Бидний луйвар булхай гэж нэрлээд байгаа зүйл маань техникийн бүрэн бус байдал, зохион байгуулалтын алдаа юм байна гэж та сая хэллээ. Энэ зөрчлүүд давтагдсаар байвал бид яах ёстой вэ?

-Иргэд бол энэ улсын эзэн нь. Иргэд эрхээ мэддэг, эрх чөлөөгөө эдэлдэг, буруу булхай үйлдэл дээр шаардлага тавьдаг, хамтдаа тэмцдэг байх учиртай.

-Гэхдээ тэмцэл гэдэг өөрөө шийдэл мөн үү?

-Эрх баригчид ялгаатай, явцуу эрх ашигт үйлчлэх замаар сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь өөрөө иргэний язгуур эрхэнд халдаж байгаа үйлдэл.  Ирэх дөрвөн жилийн бодлогыг тодорхойлох хүмүүсээ сонгох алтан боломжоо бид сонгуулиар л гартаа атгадаг. Энэ боломжоо ашиглаж зөв сонголт хийснээр бодлогын нөлөөллийг бууруулж, энэ нийгэмд өөрчлөлт оруулах боломжтой. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцдог байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг байх хэрэгтэй. Мөн төрийн албан хаагчид сонгогчдын чөлөөт сонголт хийх эрхэнд халдах, Монголын төрийг хүндэтгэхгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол даруй арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалтуудыг чангаруулан, эдгээр увайгүй үйлдлүүдийг таслан зогсоох ёстой.Сонгуулийн үйл ажиллагаагаар эргэлзээ тээнэгэлзээ гарч байгаа бол сонгууль эрхэлсэн байгууллага эргэлзээ тайлах зорилгоор бүх хүнд нээлттэй мэдээлдэг, асуудлыг тайлбарладаг, иргэдийн санал гомдлыг нээлттэй хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэдэг, иргэнээ сонсдог байгууллага болж хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн иргэний болон хөндлөнгийн аудитын хяналтыг хүлээн зөвшөөрч оролцуулах нь зүйтэй. Сонгуулийн үйл явцад ийм хянал­туудыг нээлттэй дэмждэг байх хэрэгтэй. Энэ бүхэн хангагдаж байвал, иргэний эрхээ эдлэх боломжийг хүчээр, хуулиар хааж боогдуулахгүй бол тэмцэл гэдэг яриа гарч ирэхгүй шүү дээ.

-Иргэд хууль биднийг хамгаална, эрхийг маань хангана гэж ойлгодог, итгэдэг байлаа. Одоо бол хуулийн хэрэгжилтэнд дийлэнх нь эргэлздэг болчихож. Ингэхэд сонгуультай холбоотой хууль тогтоомжууд хэр хэрэгждэг юм бол оо?

-Сонгуулийн хууль сонгуулийн өмнө өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа намын эрх ашигт нийцүүлсэн байд­лаар өөрчилдөг. Энэ бол Монгол Улсын засаглал өөрөө явцуу ашиг сонирхолд үйлчилсэн хэлбэртэй  байгаагийн илрэл. Ийм үед хуулийн процесс иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлууд тулгарч байгаа юм. Нөгөө талдаа эрх баригчид дүрмээ өөрсдөө тогтоож байна. Үүнийг хэрхэн засах вэ. Иргэнийхээ язгуур эрх ашгийг дээдэлдэг, шинэ үеийн улстөрчид Монгол Улсад шинэ соёл авч ирнэ. Бүх нам, эвсэлд ийм бодолтой, хандлагатай зөв залуус бий. Эдгээр залуус л шинэ Монголын улс төрийг тодорхойлж, ард иргэдээ Засаглалын занганаас чөлөөлж чадна. Нэр, мөр цэвэр, боловсролтой, эерэг хандлагатай, төрийн янз бүрийн булхай, тендер, эрх мэдлийн ямар нэгэн барьцаанд ороогүй, хэн нэгэн улстөрчийн гар хөл болоогүй, олон залуус ийм л эрмэлзлээр  улс төрд давалгаалан орж ирж байна. Монголын улс төрд шинэ салхи сэвэлзээд эхэлчихсэн байна шүү.

-Энэ залуус Монгол Улсын төлөө юу хийх вэ гэдгийг ярихаа түр азная. Харин тэд иргэн бидний төлөө юу хийж чадах вэ гэдэг асуултад залуу улстөрч, судлаачийн тань хувиар хариулт авахыг хүсэж байна.

-Улс төрд шинэ соёл авч ирж, иргэдээ үзэл бодлоор нь алагчилдаггүй, аливаа зүйлийг явцуу ашиг сонирхолд нийцүүлж улс төрждөггүй, иргэдийнхээ хөгжил, амьдралын чанарыг сайжруулах эрмэлзэлтэй залуусын давалгаа хүч түрэн орж ирж байгаад би таатай ханддаг. Иргэд ч шинэ залуу улс төрчдөд дэмжлэг үзүүлэх хандлагатай болж байна. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж байгаа нэг асуудал бол ажилгүйдэл. Тэр дундаа нийслэлээс алслагдсан дүүргүүдэд ажил эрхлэлтийн асуудал их хөндөгдөж байна. Ажил эрхлэлтийг дагаад өрхийн орлого буурч байна. Энэ байдлаас болж нийгмийн стресс үүсч, архинд орж байгаа хүмүүс их байгаа нь харамсалтай. Өрх гэрийн ноён нуруу болсон аавууд, хөвгүүдээ бид архинд алдаж байгаа нь гунигтай байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй, нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Тиймээс иргэдийн эдийн засгийн хэрэгцээг хангах нь №1 асуудал болчихоод байгаа юм. Тэгэхээр орон нутагт ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр улс төрчид, мэргэжлийн эрдэмтэн судлаачид, иргэдийн оролцоотойгоор нэн тэргүүнд толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Нэг удаа гудамж талбайн хог цэвэрлүүлээд, арав, хорин мянган төгрөг өгч байгаагаа иргэдийн эдийн засгийн хэрэгцээг хангаж байна гэж үзэж хэрхэвч болохгүй. Түүний оронд тараагаад байгаа мөнгөөрөө урт хугацаанд баталгаатай, тогтвортой ажил эрхлэх боломжтой ажлын байр бий болгох нь илүү үр дүн авч ирнэ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн халамж, нэг удаагийн гэдэс цатгалан байдлаас илүү урт хугацааны амьдралын баталгаа, урт хугацаанд гэдэс цатгалан байх бодлого тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. “Загас барьж өгвөл нэг өдрийн хүнс, загас барих аргыг нь зааж өгвөл нэг насны хүнс” гэсэн эртний үг байдаг даа. Бид өмнө нь сонгосноо дахин сонговол энэ хэвээрээ л үлдэнэ. Өөр боломж байна. Тэр боломжуудыг шинэ үеийн залуус олоод харчихсан байна. Тэр боломжоо бусадтай хуваалцаж түгээхээр эрмэлзэж байна.

-Тэдний нэг нь та. Ингэхэд улс төрд хүч сорих шийдвэр гаргахад хүсэл зориг, санхүү хоёрын аль нь илүү нөлөөлдөг вэ?

-Аль нь ч биш.  Хүн өөрийнхөө л төлөө амьдардаг нь маргашгүй үнэн. Би ч гэсэн өөрийнхөө төлөө амьдардаг. Тэгвэл өөрийгөө ямар үед аз жаргалтайгаар мэдэрдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Миний хувьд өрөөлийн аз жаргалтай байдлаас өөрийн аз жаргалтай мэдрэмжүүдээ олж авдаг. Өнөөдөр Монгол Улсад шийдэх хэрэгтэй олон асуудал байна. Харамсалтай зүйлс Монголд маш олон байна. Үүнийг хэн нэгэн шийдээсэй гэж хараад хүлээгээд суугаад байж чадахгүй нь. Учир нь, энэ бол хүн бүрийн оролцоо хамтын ажиллагаагаар шийдэгдэх асуудлууд. Би асуудлыг гаднаас хараад суух юм уу, шүүмжлээд байхыг хүсээгүй, шийдлийг нь боддог, шийдэхийн тулд оролцдог, өөрөө манлайлдаг байхыг хүссэн. Энэ нь ч миний амьдралын утга учир болдог. Тиймээс шийдвэр гаргаж, улс төрд хөл тавьсан. Энэ шийдвэрт хүсэл, сэтгэл л нөлөөлсөн дөө. Санхүү бол хүсэл зорилго, тэмүүллийнхээ төлөө зориод явахад сайхан сэтгэлтэй, ижил зорилготой, нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө санаа тавьдаг хүмүүсийн тусламжаар босдог л зүйл.

-Та бол олон хүмүүсийн ярьдагчлан алслагдсан, хөгжлөөрөө хоцрогдсон гэгддэг дүүргийн төлөөлөл. Алслагдсан дүүргүүдийн асуудлыг мэддэг, болом­жуудыг олж хардаг байх гэж бодож байна.

-Хөгжлөөс хоцрогдсон, нийслэлээс алслагдсан, хөгжлийн болон эдийн засгийн боломжоор сул, зах зээл хумигдмал гэх зэрэг зүйлсийг би харин ч олон зүйлийг хийж, бүтээх, хөгжүүлэх “боломж” гэж хардаг. Тулгамдсан бэрхшээл байна аа гэдэг бол нэг талдаа асар том боломж. Учир нь, тэнд эрүүл цэвэр агаар байна. Хөгжлийн төлөвлөлт хийх боломжтой газар нутаг байна. Улаанбаатар хот шиг автомашины түгжрэлд орчихсон, хотын төлөвлөлт дампуурсан, мухар гудамж олонтой, үер усанд автчихсан, агаарын бохирдолдоо дийлдсэн, тоосжилт, хөрсний бохирдол, хүлэмжийн хийгээрээ хэтийдсэн газар биш шүү дээ. Улаанбаатар хотын алдааг давтахгүй байх, алдаанаас нь харж суралцах, сайхан бүхнийг цогцлоох боломж алслагдсан дүүргүүдэд байна. Тулгамдаж буй асуудлууд дээрээ төвлөрч, шийдлээ олж харах л хэрэгтэй. Би өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн нэгэн том айл, Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллахдаа дүүрэгтээ олон хөрөнгө оруулалт татсан. Тухайлбал, Солонгосын Сөүл хотын нэгэн дүүрэгтэй ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоон, олон төрлийн том жижиг төслийг Баянголд амжилттай хэрэгжүүллээ. Мөн Баянгол дүүргийн төрийн албан хаагчид Солонгос улсад цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдах, туршлага судлах зэрэг боломж ч бүрдсэн. Түүнчлэн эмнэл­гийн тоног төхөөрөмж, боловсролын байгуул­лагуудад ном, сурах бичиг, хөгж­мийн зэмсэг хандивлах, хүүхдүүдэд хөгж­мийн боловсрол олгох, спортын хам­­тын ажиллагаа тогтоох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ туршлагадаа тулгуурлан алслагдсан дүүргүүдэд ч мөн гадаад хамтын ажиллагааны боломжууд байгааг онцолмоор байна. Дэлхий боломжоор дүүрэн болсон. Бид цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй гээд зөвхөн Монголоороо, зөвхөн Багахангайгаараа, Багануураараа сэтгэж, өөрсдийгөө боломжоос тусгаарлаж ерөөсөө болохгүй. Илүү өргөн хүрээнд, гадагшаа тэлж харах хэрэгтэй. Эс бөгөөс манай Багахангай дүүрэг шиг өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, хүмүүс нь арга буюу амьдралаа бодож, төрөлх дүүргээ орхин одсоор байгаа дүр зураг үргэлжлэх болно.

-Жишээ нь, ямар боломж байна?

-Харьцангуй цөөн хүн амтай дүүрэг, аймаг, сумдын хувьд иргэдийн хамтын ажиллагааг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр дэлхийн улс орон, тосгон, таун, суурин газрууд амжилттай ажилласан туршлага олон бий. Жишээ нь, Солонгосын “Нэг тосгон” хөдөлгөөн бол хуучирсан хот, тосгоны хэв маягийг өөрчилж, орчин үеийн загварыг бий болгож, иргэдийн ажил эрхлэлт, амьдралын чанарыг сайжруулж, кластрын системд оруулан, төрийн менежмент, иргэдийн оролцооны зохистой байдлыг бий болгосон хувьсгал байсан. Мөн Америкийн том компаниуд, тухайлбал “Амазон” компанийн төв оффисыг хаана байрлуулах вэ гэдэг дээр хотуудын дунд тендер зарласан байдаг юм. Газар нутаг, хүний нөөц, зам талбай, татварын таатай бодлогоороо гэх мэтчилэн дэмжлэг үзүүлж чадах боломжуудаараа хотууд өрсөлддөг. Тендэрт шалгарсан хотод “Амазон” удирдах төв байгууллагаа байгуулсан байдаг. Түүнийг дагаад технологи, хүний нөөц, зах зээл гэх мэт маш олон үр өгөөжтэй зүйлс тухайн хотод бий болдог. Хүмүүсийг нь ажлын байраар хангадаг, хөл хөдөлгөөн, зах зээл нэмдэг, ажилчдын татвараар тодорхой төсвийн орлого бүрддэг гэх мэт давуу талууд үүсдэг учир бизнесийн хувьд ямар ч татваргүйгээр тухайн хотод байрлуулдаг тохиолдол ч бий. Тулгамдсан асуудлуудаа ингэж маш сонирхолтой аргаар шийддэг туршлага дэлхийгээр дүүрэн байна. Гэхдээ зөвхөн нэг ухаантай хүн гарч ирээд тас хийтэл шийдчихдэг юм биш. Сонгогдсон тэр хүн нь иргэдийн харилцааг шийдэж, оролцоог нь л хангадаг. Түүнээс биш ухаантай царайлсан дарга нар орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх нэрээр их хэмжээний төсөв мөнгийг өөрсдөдөө хуваарилж аваад, үр ашиггүй зарлагадаад, чөтгөрийн тойрогтоо эргэлдээд, өдөр тутмын ажлаа аргацааж даргалсан арга барилаар ажиллах нь үр өгөөж авч ирэхгүй. Асуудлаа шийдэхийн тулд зөвхөн улс төрчдийн нөлөөг ашигладаггүй, иргэдийн өөрсдийнх нь оролцоо, гадаад дотоод хамтын ажиллагааг шийдээд явах боломжийг олж харсан ийм тактик жишээ олон бий. Бид одоо тэдгээр боломжийг олж харах, зоримог, зорилготой үйлдэл хийх л хэрэгтэй байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top