Арьс өнгөний үзлээс болж сүүлийн 20 жилд 16 их наяд ам.долларын алдагдал хүлээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

АНУ-ын эдийн засаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж сүүлийн 20 жил нийт 16 их наяд ам.долларын алдагдал хүлээсэн гэж “Citigroup” банкнаас мэдээлжээ.

Энэ нь АНУ-ын ДНБ-ний хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний алдагдал юм. 2019 онд тус улсын ДНБ нь 19.5 их наяд ам.доллар байв. Хар арьстнуудад банкны зээлийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байснаас болж асар их хэмжээний буюу 13 их наяд ам.долларын алдагдал хүлээжээ. Үүний сацуу зээлийн хүртээмж хангалтгүй байснаас үүдэн 6.1 сая орчим ажлын байр бий болоход саад учруулсан байна. Цагаан арьст болон хар арьст ажилтнуудын цалингийн хэмжээний ялгаатай байдал 2.7 их наяд ам.долларын санхүүгийн алдагдалд хүргэсэн гэж тэс банкны шинжээчид тооцоолжээ. Түүнчлэн, хар арьст хүн амд ипотекийн зээлийн хүртээмж хязгаартай байснаас болж 218 тэрбум ам.доллар алдсан бол хар арьст хүн амын боловсролын хүртээмж хангалтгүй байснаас үүдэн тус улсын эдийн засаг 90-120 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

“Citigroup” банкны шинжээчид нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг санал болгосон байна. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажил хайгчаас өмнөх ажлын байранд авч байсан цалингийн хэмжээг асуухыг хориглох, хар арьст хүн амын оршин суудаг дүүргүүдэд орон сууц барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгох зэрэг санал дэвшүүлсэн байна. Ингэснээр ирэх таван жилд АНУ-ын ДНБ-ийг таван их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна.

“Citigroup” банк арьс өнгөний тэгш бус байдалтай тэмцэхэд зориулж нэг их наяд ам.доллар гаргаад байна. Үүнээс 550 сая ам.долларыг хар арьстнуудад зориулж орон сууц барих, ипотекийн зээл олгоход зориулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top