ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сард болно

2020 оны 10 сарын 02

ШУА-ийн тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2020.10.01/ хуралдлаа. Тус  хурлаар Их чуулганы тов тогтоож, түүгээр хэлэлцэх асуудлыг мөн ШУА-ийн бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоог тогтоох, Шинжлэх ухааны академийн логоны загварыг сэргээн шинэчлэн батлах асуудлыг тус тус  хэлэлцлээ.

Тодруулбал, Тэргүүлэгч гишүүд  ШУА-ийн ээлжит их хурлыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр байхаар товлож, энэ их хурлаар ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар шийдвэрлэлээ.

ШУА-ийн ерөнхийлөгч 4 жилийн хугацаатай сонгогддог. Энэ уламжлалаараа өнөө  жил ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 2016 онд ШУА-ийн их чуулганаар сонгогдож мөн оны 10 сарын 27-нд Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар  баталж байжээ.

 ШУА-ийн бэлгэдэл “Эрдэм” логог анх 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монголч эрдэмтдийн хоёрдугаар хурлыг зохион байгуулах хорооны хурлаас баталсан байна. Лого нь бөмбөрцөг хэлбэртэй дугуй хавтгайн төвд Нар, сар, гал гурвыг дараалуулан байрлуулаад наран дээр алтан үсгээр монгол гэдэг үгийг товойлгож түүнийг хоёр талаар нь ороосон бадамлянхуа цэцгийн голд эрдэм гэдэг үгтэй бүтээгдсэн байна.

Харин хэрэглээний явцад энэхүү сүлд, тэмдгийн хэлбэр дүрс анхны хувилбараасаа өөрчлөгдөж утга санаа нь тодорхойгүй болсон байна. Иймээс уг бэлгэдэл (лого)-ийн лавлагааг Архивын Ерөнхий газраас авч, дүрслэлийн утга санааг тодруулан зураач, калиграфийн мастер, үсэгзүй судлаач Т.Жамъяансүрэнгээр эхийг сэргээлгэн  Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүллээ.

Тус  хурлаар ШУА-ийн бэлгэдэл (лого)-ийг анх батлагдсанаар нь  хэрэглэх, тус , бэлгэдэл (лого)-ийг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд хэрэглэж хэвшүүлэх, бэлгэдэл (лого)-ийг хэрэглэх талаар журам боловсруулан батлахаар боллоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(64.119.21.235) 2024 оны 12 сарын 18

Хуучин хувилбар нь илүү зохистой харагдаж байна. Бас хуучин хувилбарт монгол гэдэг эвхмэл бичээс нь нийт монгол хэл гэдэг үзэл баримтлал, уламжлалаа хадгалсан байдал харагдаж байна. Шинэ хувилбар нь эдүгээчилсэн, халхын аялгууг бусад монгол туургатанд түлган хүлээлгэсэн шинж харагдаж байна.

1  |  0
Top