ШУА-ийн дүрэмд өөрчлөлт орж, салбарын бага чуулганы нэрс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ШУА-ийн салбарын Бага чуулгануудыг шинээр зохион байгуулж байгаа юм байна. Ингэхдээ фраскатын ангиллыг баримталж бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэлийг тогтоосон юм байна. Энэ талаар ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авидаас тодрууллаа.
- Академийн бага чуулганы дүрэм шинэчлэгдсэнтэй холбогдуулан салбарын бага чуулгануудын чиглэл, нийт гишүүдийн тоог шинэчлэн баталсан. Бага чуулганыг хэдэн чиглэлээр хичнээн орон тоотой байхаар баталсан бэ?
- ШУА-ийн дүрэмд өөрчлөлт орж улмаар ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар бага чуулганы нэр, гишүүдийн орон тоог шинэчлэн баталсан тул Бид бага чуулгануудыг шинээр зохион байгуулахаар ажиллаж байна. Зургаан салбараар бага чуулганыг зохион байгуулна. Тухайлбал хуучин Физик, математик, химийн салбарын бага чуулган гэж байсан бол одоо Физик, математик, информатикийн; Хими, биологийн салбарын бага чуулган болгон өөрчилсөн байх жишээтэй. Эдгээр мэдээллийг манай цахим хуудаснаас авч болно. Сүүлийн үед тоон технологи, цахимжуулалт зэрэг асуудлууд ихээр яригдахын зэрэгцээ салбар бүрт энэ чиглэлийн мэргэжилтэн шаардлагатай болж байгаа зэргээс улбаалан эдгээр өөрчлөлтүүд орсон гэж ойлгож болно. Шинэчилсэн дүрмээр бүх бага чуулган 25 гишүүнтэй байна. Өмнө нь нийт гишүүдийн 30 хувьд нь өөрчлөлт оруулаад шинэчлээд явдаг байсан бол шинэ дүрмээр бага чуулганы гишүүдийг 4 жилээр сонгодог боллоо. Тухайн бага чуулганд харьяалагддаг ШУА-ийн гишүүд шууд бага чуулганы гишүүн болж, үлдсэн гишүүдийг шинээр сонгох замаар бүрдүүлнэ. Харин тухайн салбараар шинэ гишүүдийг сонгохдоо ямар ямар мэргэжлийн чиглэлийн эрдэмтдийг сонгох вэ гэдэг асуудал мэдээж байна.
Мэргэжлийн чиглэлийн хувьд улс, орон болгон бараг өөр өөрсдийн баримталдаг ангилалтай. Ерөнхийд нь байгаль, техник, нийгмийн ухаан, тэгээд цааш нь задлаад явдаг уламжлалт ангиллаас гадна Бекон, Пирс, Кедровын гээд өөр ангиллууд ч бий. Харин бид Фраскатын ангилал дээр үндэслэсэн мэргэжлийн чиглэлүүдээр Бага чуулгануудыг бүрдүүлэх нь зүйтэй гэж тогтсон.
- Фраскатын ангилал гэж чухам юу юм бэ. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?
- Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үндсэн зарчим, түүний ангилал, өгөгдөл цуглуулахад хэрэглэж буй дэлхий даяар хүлээн зөвшөөгдсөн баримт бичиг болох Фраскатын гарын авлагыг БСШУ-ны яамнаас орчуулан 2015 оноос хэрэглэж байна. Энэхүү гарын авлагад тусгагдсан шинжлэх ухаан, технологийн салбарын ангиллыг түшиглэн салбарын бага чуулганы гишүүдийн мэргэжлийн чиглэлийг тогтоосон. НҮБ-ын системийн 165 орон нэгдсэн энэхүү ангиллын дагуу статистик мэдээгээ ч манай улс гаргаж байгаа. Яаман дээрх төсөл сонгон шалгаруулалт ч энэ ангиллаар явж байна. Иймээс Фраскатын ангилал дээр үндэслэсэн мэргэжлийн чиглэлээр Бага чуулганыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
-Бага чуулганд дэвших сонирхолтой судлаач юу анхаарах ёстой вэ?
-Хамгийн гол нь миний мэргэжил аль салбарын Бага чуулганд зарлагдсан байна вэ гэдгийг тогтоох, улмаар Бага чуулганы дүрмийн дагуу материалаа бүрэн гүйцэд бүрдүүлэх шаардлагатай. Мэргэжлийн чиглэлийг сонгохдоо Фраскатын ангилалыг харах болж байгаа юм. Тухайлбал, барилгын инженер хүн Бага чуулганы гишүүнд нэр дэвшье гэж үзвэл, Фраскатын гарын авлагаас өөрийн мэргэжлийг хайх хэрэгтэй. Фраскатын гарын авлага дахь шинжлэх ухаан, технологийн салбарын ангиллын 2.1-д барилгын инженер гэсэн мэргэжлийн чиглэл бий бөгөөд энэ нь иргэний инженерчлэл гэсэн бүлэгт хамаарагдаж байгаа нь харагдана. Мөн эл мэргэжлээр 2 хүн сонгоно гээд зар гарчихсан байх жишээтэй.
-Шинэчилсэн дүрмээр судлаач шууд нэрээ дэвшүүлэх боломжтой болж байгаа гэж ойлгож байгаа. Зөв үү?
Тиймээ, дүрэмд өөрчлөлт орсоноор шинжлэх ухааны доктор (Sc.D) судлаач аливаа байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар орохгүйгээр шууд нэрээ дэвшүүлэх бололцоотой болсон. Гэхдээ ямар салбарын бага чуулганы ямар мэргэжлийн чиглэлд нэрээ дэвшүүлж байгаагаа тодорхой хэлж нэрээ дэвшүүлнэ гэсэн үг. Мөн нийгмийн бусад шинжлэх ухаан, хүмүүнлэгийн бусад ухаан гэж зарлагдсан байгаа. Тэгэхээр үүнд хүмүүнлэгийн болон нийгмийн ухаанаар зарлагдаагүй мэргэжлийн бусад чиглэлүүд орно гэж ойлгоно.
Эх сурвалж: ШУА
Сэтгэгдэл ( 2 )
ШУТСан гэж тэттгэврийн хөгшцүүлийг хоёр залуу ажиллтны сарын цалингаар угжиж суудаг санд хүний нөөцийн шалгалт оруулах хэрэгтэй Үнэхээр эрдэмтэй бол хувийн сургуульд баггшлах.хувийн ш/у үйлдвэрлэлийн байгууллагад ажиллах эрх нь нээлттэй шүү дээ
Өндөр настай болсон шинээр бүтээл гаргахгүй байгаа акадимчидаа тэтгэвэрт гаргаж хүндэт акадимч болгож чөлөөлж цалинжүүлдаггүй болж шинэ залуу чадварлаг бүтээлч эрдэмтэдээр акадимчидаа өргөжүүлэх хэрэгтэй. Ингэсэн цагт Монголын шинжлэх ухаан хөгжинө.