ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
Газрын ховор элементүүд (ГХЭ) нь бусад элементүүдээс хими, цахилгаан, соронзон, каталитик ба гэрэл цацруулах зэрэг олон шинж чанараараа онцгой давуу талтай учраас орчин үеийн техник, технологи, цахим хэрэгслүүдийн үндсэн, үнэт түүхий эд болдог. Стратегийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог энэхүү түүхий эдийн хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Монгол орон ГХЭ-ийн арвин нөөцтэй оронд тооцогддог. ГХЭ-ийн хүдрийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах нь улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах, экспортын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад чухал нэмэр оруулах олон талын ач холбогдолтой юм.
ШУА-ийн ХХТХүрээлэн дээр хэрэгжиж буй “Монголын хүнд баяжигдах ГХЭ-ийн хүдрийг баяжуулах технологийн судалгаа” төслийн хүрээнд ГХЭ-ийн хүдрийг иж бүрэн боловсруулах чиглэлээр бие даасан судалгааг Өмнөговь аймгийн Хотгор ордын ГХЭ агуулсан апатитын хүдэр дээр хийж гүйцэтгэлээ.
Тус ордын хүдэр нь хүнд баяжигддаг бөгөөд түүнийг хөвүүлэн баяжуулах аргаар баяжуулж, 10%-иас дээш ГХЭ агуулсан баяжмал гарган авах зохистой горимыг тогтоов. Ингэж гарган авсан баяжмалыг химийн аргаар боловсруулан 90%-иас дээш ГХЭ-ийн нийлбэр оксид агуулсан бүтээгдэхүүн гарган авах технологиудыг боловсруулаад байна. Энэхүү судалгааны хүрээнд энэ чиглэлээр судалгаа, туршилтын ажил гүйцэтгэх боловсон хүчний болон багаж тоног төхөөрөмжийн чадавхийг бий болгож, Халзан бүргэдэй, Мушгиа худаг, Лугийн гол гэх мэт бусад ордын судалгааг эх орондоо хийх боломжийг бүрдүүлсэн юм.
Эх сурвалж: ШУА
Сэтгэгдэл ( 1 )
4-р бүлгийн цустай хүн цөөн