Б.Дамдинсүрэн: Төрийн бодлого зөв явбал Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бадарчийн Дамдинсүрэн малчин ардын бор ухаанаар малд ойр өссөн. Социализмын үед бүх мал улсын өмч хөрөнгө хэмээн нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан.  Ардчиллын дуу хоолой болж явсан тэрбээр малыг хувьчлах санал санаачилгыг анх гаргаж байжээ. Б.Дамдинсүрэн хот айлын фермерийн аж ахуйн анхны шанг татаж хөдөө аж ахуйн эрдэмтэн докторын туршлагыг малчдад хүргэж байсны хувьд өнөөгийн малчдын амьдрал, хөдөө аж ахуйн салбарын бодлогын талаар бодол сэтгэгдлээ хуваалцсан юм.


-Таныг анх мал хувьчлах санал санаачилгыг холбогдох салбарын дарга нартай уулзаж хэлж шийдүүлж байсан гэдэг?

-Тухайн үед “Нэгдэл гэдэг айл нийгэмш” гэдэг нэвтрүүлэгт олон удаа орж үзэл бодлоо илэрхийлж явсан. 1989 онд Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн Г.Баасанжав даргатай уулзахаар 1000 гаруй км замыг туулаад ирлээ. Малчдын эрх ашгийг хамгаалах, фермерийн аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай саналыг тавьсан. Нэгдлийн бүх гишүүдийн хурлаар шийднэ гээд халгаагаагүй боловч татгалзах зүйлгүй гэсэн шийдвэр гаргасан. 1990 оны дөрөвдүгээр сард Увс аймагт фермерийн аж ахуй шангаа тавьж 10 гаруй жил энэ салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн дээ. Малчдад гадаад, дотоодын эрдэмтэд,  ХААИС-ын доктор Нямаа тэргүүтэй багш нараар фермерийн аж ахуйн тухай лекц семинар заалгаж, онол практикийг хослуулж байлаа.

-Тэр үед нийгмийн байдал ямархуу байв. Малчдад малыг хувьчилснаар оносон нь юу юм бэ, алдсан нь юу юм бэ?

-Улс орон маань төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжиж байсан тэр үед ард түмэнд ямар ч өмчгүй болсон байсан. Намын төв хороо огцорч Ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн болохоор иргэн бүр өөрийнхөө эрх чөлөөг эдэлж, хүссэнээ хийж эхэллээ. Үе тэнгийн залуустай нийлж шинэ нийгмийг цогцлооход гар бие оролцож явлаа. 30 жилийн дараа эргээд харахад анх сэдэж санаж байсан үзэл санаа нь хэвээрээ боловч улстөрчдийн явж байгаа зам нь нэг л өөр болсон байна. Эрх мэдэл, өндөр албан тушаалд илүү шунаж хувьдаа хэн нэг нь хэт их баяжиж баян, ядуугийн ялгаа их болж байна уу даа гэж харамсдаг. Уг нь бол өмч хувьчлал, мал хувьчлал гэдэг бол нийтээрээ ижил хэмжээнд тэгш хүртээмжтэй амьдрах гэсэн үзэл санаа байлаа. Одоо бол сүүний ганц ямаагүй айл байхад сүрэг сүргээр нь малтай айл байх юм. Нөгөө талаар өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр мал сүргээ өсгөж, малынхаа буяныг хүртэж яваа нь сайхан л юм.

-Манай орны хөгжлийн хөдөлгөгч хүч нь хөдөө аж ахуйн салбар. Энэ салбарыг хөдөлгөгч хүч нь малчид байдаг. Тэднийхээ дуу хоолойг нэгтгэх тал дээр ямар ажлууд хийж байв даа?

-1994 онд “Малчин заяа” сонин гаргаж, “Малчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг байгуулсан. Малчдад тулгамдаж буй асуудал, ололт дэвшил, малын ашиг шимт үүлдэр угсааг сайжруулах, малыг төрөлжүүлж маллах гээд олон ажлыг хийж байв. Тухайн үед шүүх, цагдаа, төрийн байгууллагын дарга нарыг хурал хуй дээр хурцаар шүүмжилчихдэг дориун эр байлаа. Малыг малчдад хуваарилснаар бие даасан өөрийн хөрөнгөөр фермерийн аж ахуй байгуулж хамтаараа хөдөлмөрлөх нөхцөл бүрдсэн. Нэгдэл задарснаар мал эмнэлэг хөгжиж, малын тоо толгой өсөх, айл өрхийн амьдрал сайжрах олон талын ач холбогдлоо өгсөн. Сонин сэтгүүлээс ирж сурвалжилга хийж, ярилцлага их л авдаг байлаа. Фермерийн аж ахуй 40 сая төгрөгийн ашиг олж татварын байгууллагаас баяр хүргэж байлаа.  Оюун ухаан, шинжлэх ухааны академиас 2009 оны үед хот айлын фермерийн аж ахуйн давуу талаар судалгаа бичиж “Хүндэт доктор” өргөмжлөлийг гардаж байсан. Тэрхүү судалгаагаа “Малчин заяа” сонинд тогтмол оруулж малчдадаа гарын авлага болгож байв.

-Сүүлийн үед мянгат малчид их болжээ. Малын даац хэтэрлээ, малчид бэлчээрээ булаацалдлаа гэх юм. Тооноосоо илүү чанар нь чухал баймаар?

-Тухайн үед нэг малаас ашиг шимийг нь ахиулахын тулд таваарлаг чанартай мал өсгөх бодлого баримталж байсан. Жишээ нь Увс аймагт адуу илүү үржил шимтэй, хурд сайтай, бие томтой. Зүүнговь сум нь илүү нугаламтай баяд хониороо алдартай. Төв аймгийн Баянцагаан сумын хонь, Дорнод аймгийн үхрийн мах, сүүний гарц таваарлаг чанартай. Өмнөговь аймгийн тэмээний ноос, ингэний хоормог брэнд шүү дээ. Говийн аймгийн өвс ургамал, таана хөмүүл нь тэр чигтээ эмийн чанартай, аагтай, шимтэй учраас бүх төрлийн малын мах нь амт чанартай. Малчид маань ашиг шимтэй таваарлаг малаа өсгөх, аймаг орон нутаг давуу талаа хөгжүүлэх , малаа төрөлжүүлж өсгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь мал аж ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж талхлагдаж  байна. Монгол Улсын хэмжээнд малын тоо толгойг хяналтгүй өсгөх нь байгальд хор хөнөөлтэй, бэлчээрийн  нутаг нөхөн сэргэх боломжгүй, элсний нүүдэл, цөлжилт  ихсэж байна. Бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, хувьчлах нь нүүдэлчин уламжлал мөхөх  эмгэнэлт зам руу шууд орох болно. Манай, танай газар гэж газар нутаг уул усаа булаацалдах, маргалдах, нэг нэгнийхээ аминд хүрэх гээд асуудал эхнээсээ гарч л байна.

-Малаас хаях зүйл байхгүй шүү дээ. Фермерийн аж ахуй эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгж олон болжээ. Химийн бордоогүй цэвэр байгалийн өвс ургамал, ус ундаагаар тэжээгдсэн малын сүү, мах дэлхийн зах зээл дээр хамгийн эрэлттэй. Манай орон махны экспортоороо тэргүүлэх боломжтой юу?

-Төрийн бодлого зөв явбал боломжтой. Гадаад руу хэдэн мянган тонноор нь экспортолдог хэр нь дотооддоо ард түмэн нь тэнгэрт хадсан үнэтэй мах идэхээр тэгш бус зах зээл үйлчилж байна гэсэн үг. Үүнийг зөв чиглүүлээд явах хэрэгтэй. Мөн манай орон ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой. Дэлхийн зах зээлд Монгол ямааны ноолуур чанараар тэргүүлж байна. Манай улс 2018 онд 9.5 тонн ноолуур бэлтгэсэн бөгөөд дэлхийн түүхий ноолуурын 48 хувийг хангаж байсан. Энэхүү чанартай ноолуурыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, экспортод гаргаж буй компаниудыг бодлогоор дэмжих нь чухал. Мал гэдэг тийм л буянтай, үс ноосоо өгнө, үр төлөө өгнө. Нэг мал гэдэг нэг жижиг үйлдвэрлэл гэж боддог. Бэлчээрийг сайн судалж аль нутагт ямар төрлийн мал нь таваарлаг байна гэдгийг нарийн гаргаад төрөлжүүлж өсгөхөд мах бүү хэл сүү, сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлөөр тэргүүлэх боломжтой.

-Малчдын уламжлалт ёс заншил жаахан алдагдаад байна уу даа гэж харагддаг. Малаа машин мотоциклоор туугаад байхаар идээшиж бэлчээрлэсэн болох уу?

-Шинэ үеийн малчид цайны сүүгүй, цагаан идээгүй, хонины морьгүй болох тал руугаа л хазайгаад байх шиг.  Энэ нь бэлэнчлэх, амарчлах сэтгэлгээтэй их холбоотой. Их залхуу болсных. Хүн ороод ирэхэд хар ч байсан аяганы амсар зуулгачихдаг ёс заншлаа л бүү гээгээсэй. Цагаан идээгээ боловсруулаад үүцлэхээ байчихаар хомс юмны чинь үнэ нь өсөөд ирдэг. Уг нь бол цагаан идээ гэдэг эмнэлэгт эмчлүүлэх, эм уухаас илүү эм шүү дээ. Мотоциклоор малаа маллах нь нэг тал дээр авто осол их гарч амь нас эрсдэх аюул тулгарах гээд сөрөг талтай. Малаа малаар нь хариулах шиг сайхан зүйл хаа байх вэ.  Монголын төрийн бодлого алдагдсан учраас малчид ч гэлтгүй залуус маань залхуу хойрго, агуулгаас илүү хэлбэр хөөсөн, эх орноо гэсэн сэтгэлгүй болж төлөвшиж байна уу даа. Алийн болгон шүүмжлэх вэ бидний хойч үед  уламжлалт мал аж ахуй улам л боловсронгуй болж байгаа нь сайхан.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top