Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд болсон "Ковид-19" хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Ковид-19-ийн эсрэг вакцин боловсруулан гаргасан тухай урам зоригтой мэдээллүүдийг хүлээн авч, өвчлөлтэй тэмцэх шинэ арга хэрэгслүүдийг ойрын саруудад ашиглах болно хэмээх өөдрөг үзлийг хадгалсаар байгаа хэдий ч бидний хувьд одоо тайвшрах цаг биш юм. Одоогийн байдлаар, зарим улс орнуудад ажиглагдаж буй халдварын огцом өсөлт биднийг үнэхээр түгшүүлж байгаа. Эрүүл мэндийн ажилтнууд, эрүүлийг хамгаалах систем ялангуяа Европын орнууд болон Америкт хамаг хүч чадлаараа, чинээндээ тултал ажиллацгааж байна. ДЭМБ-ийн зүгээс эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн хангамжийг нэмэгдүүлэх, Ковид-19-өөр халдварлагсдын өвчлөлийг удирдаж буй байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр удирдамж, арга зүйн материалуудыг гаргасаар байна.
ДЭМБ-ын эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 150 баг бүрэлдэхүүн одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад халдварын эсрэг шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэн ажиллаж байна. ДЭМБ болон манай түншүүд халдварт цар тахлаар өвчилсөн эрүүлийг хамгаалахын ажилтнуудад туслах зорилгоор улс орнуудын засгийн газар, мөн эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай хамтран ажиллахыг эрхэмлэж байгаа. Мөн дараах чиглэлүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:
Цар тахлын халдварын тэргүүн эгнээнд, голомтын халуун цэг дээр ажиллаж буй эрүүлийг хамгаалахын ажилтнууд нэлээдгүй хэдэн сарыг ачаалалтай өнгөрөөн, хүч чадлаа бараг шавхаад дуусах нь. Иймд тэднийг хамгаалахын тулд ялангуяа вирус огцом идэвхжин, эмнэлгийн орнууд өвчтөнөөр дүүрээд буй энэ цаг үед бид өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлсийг хийх ёстой. Зарим улс орнуудад нийгмийн амьдралыг иж бүрэн хязгаарласан бүрэн хэмжээний хөл хорио тогтоогоод буй өнөө үед үндсэн системийг бэхжүүлэхэд зориулсан боломжийн цонх бас л хүрээ нь хумигдан багасахаар болчихлоо. Халдвараар өвчлөгсдийг тусгаарлах, тэдний хавьтлуудыг эрж хайх, халдварын голомтын кластеруудыг судлах, зохих шинжилгээнд хамруулан хариуг хурдан гаргах, хорио цээрийн дэглэмд буй зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэхэд нөөц бололцоогоо дайчлан ажилладаг улс орнууд харьцангуй бага хэмжээний хүндрэл бэрхшээлтэй тулгардаг нь бидэнд ажиглагдаж байгаа. Халдварын кластеруудыг мөрдөн шалгах, хавьтлуудыг олж тогтоох явдал нь хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хариу арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг юм. Эдгээр арга хэмжээ нь тухайлсан тохиолдол кластерт шилжих, кластераас хүн амын дундах халдварын эрчимтэй эргэлтэд шилжихээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Саяхан дэгдсэн Эбола вирусийн тархалтын үеэр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон ДЭМБ-ын зүгээс орон нутгийн удирдлага, нутгийн оршин суугчидтай нягт хамтран ажиллаж хавьтлуудыг илрүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг сургахад зориулж нэлээн хөрөнгө гаргасан юм. Тэд халдварлагсдыг идэвхтэй эрж хайн, тэдний хавьтлуудыг илрүүлж чадсанаар Эбола вирусын сүүлчийн дэгдэлтийг зогсоож чадна гэдэгт би найдаж байна.
Ковид-19-ийн хурдацтай тархалтыг хязгаарлахын тулд улс орнууд туйлын ихээр хичээж буй одоо үед вирусын цаашдын давалгаанаас урьдчилан сэргийлэх систем бий болгоход хөрөнгө нөөцөө зориулах цаг болжээ. Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах, хавьтлуудыг олж илрүүлэхэд чиглэсэн мэргэжилтнүүдийн хангалттай нөөцийг бүрдүүлэх, өвчтөнүүдийг ойр орчмын хүмүүсээс тусгаарлах, тэдэнтэй хавьталд орсон хүмүүсийг шинжилгээнд хамруулан зохих тусламжийг үзүүлэх зэрэгт хөрөнгө, хүч бололцоог зайлшгүй дайчлах шаардлагатай юм. Өвчлөл буурч эхлэх тохиолдолд ч бэлэн байдлыг хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Энэ бол хүний бие организмын бүхий л системийг хөнөөж чадах аюулт вирус юм. Энэхүү вирусын тархалтыг хяналтгүйгээр алдаж буй улс орнууд галаар тоглож байна гэсэн үг.
Нэгдүгээрт, энэ нь өвчтөнүүдийг олноор нь үхүүлж, ар гэрийнхнийг зовлон шаналалд хатаана. Хоёрдугаарт, 14 хоногийн өмнөх хэвлэлийн хурал дээр бидний ярьсанчлан, эдгэрээд гарсан олон хүмүүс энэхүү вирусын уршигт үр дагавартай удаан хугацаанд тэмцэлдэхэд хүрч байна. Гуравдугаарт, олон орны эрүүл мэндийн ажилтнууд сэтгэлзүйн хэт их дарамтад өртөж, тэдний өвчлөл эрүүл мэндийн тогтолцоонд нь хүнд ачаа үүрүүлж байна. Эрүүл мэндийн ажилтнууд бусдын амь насыг аврахын төлөө анагаахыг сонгодог гэж бид ойлгодог. Гэвч хэн эмнэлгийн тусламж авах, хэн авч чадахгүй талаарх байж боломгүй сонголтыг тэднээр хийлгэхгүйн тулд тийм байдалд хүргэх нөхцөл байдлыг бид гаргах ёсгүй. Иймд эрүүлийг хамгаалахын ажилтнуудыг дэмжих, хүн амын дундах зорилтот бүлгүүдийг хамгаалах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эдийн засгийн хэвийн ажиллагааг хангахын тулд бид өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйлсийг хийх ёстой. Энэ үед идэвхгүй ажиллах нь уучилж болшгүй зүйл юм. Иймд хурдан, яг одоо, шийдэмгий ажилла хэмээн та бүхэнд уриалахыг би хүсэж байна. Энэ вируст хариуцлагагүй хандаж, зохих арга хэрэгслүүдийг ашиглахгүй байснаар хүмүүсийг үхэл, зовлон шаналалд хүргэж, иргэдийн материаллаг хангамж болон эдийн засагт ноцтой хор хохирол учруулна. Вирусыг устгах нь эдийн засгийн амьдралыг хэвийн болгох хамгийн хурдан арга юм.
Өнгөрөгч долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн ассамблей болон Парисын энхтайвны чуулган дээр дэлхийн удирдагчид уулзацгаасан. Тэд АСТ Санаачилга болон Ковид-19-ийн эсрэг вакцин, шинэ шуурхай тест, хэрэгцээт эм бэлдмэлүүдийн хангамжид онцгойлон анхаарал хандуулсан юм. Европын Комисс, Франц, Испани, БНСУ болон Билл & Мелинда Гейтс Сан нь вакцины талаарх ACT Санаачилгын бүрэлдэхүүн хэсэг болох COVAX-т 360 сая доллар нийлүүлэхээр болсны ачаар нийт зарласан хөрөнгийн хэмжээ 5,1 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь хэдийгээр том тоо боловч хүмүүсийн амь насыг аврах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг тогтворжуулах, даяаршсан сэргээн босголтыг өрнүүлэх зорилгоор шинэ бэлдмэл хэрэгслүүдийг дэлхийн улс орнуудад хурдан хугацаанд нэвтрүүлэхэд дахин 4,2 тэрбум доллар, харин 2021 онд мөн 23,9 тэрбум ам.доллар шаардагдаж байгаа. Ирэх амралтын өдрүүдэд G20-ийн удирдагчдын уулзалт болох бөгөөд АСТ Санаачлага болон COVAX-ыг дэмжин, цар тахлыг хамтын хүчээр даван туулах үйлсэд зохих хувь нэмэр оруулах боломж тэдэнд гарч ирэх юм. Эрүүл мэндийн асуудал нь цаг уурын өөрчлөлт, тэгш бус байдал, зөрчил мөргөлдөөний адилаар тарамдсан хүчин чармайлтаар шийдвэрлэгдэх боломжгүй учраас хамтын үйл ажиллагаагаа шинэ арга замаар явуулахыг биднээс шаардаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )