Хүн өөрийн амьдралыг бүтээж, хувь тавилангаа өөрөө зурдаг санагддаг. Өдгөө Дорноговь аймгийн нэрийг дэлхийн түвшинд өргөж яваа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Д.Цэрэндэжид бол сонгогдсон хувь тавилантай нэгэн юм. Түүнийг Дундговь аймагт ажиллаж байхад нь манай аймгийн удирдлагууд урьж авч ирсэн юм билээ. “Тэр л цагаас хойш би Ноён хутагтынхаа авшигт багтаж, сайхан дуунуудыг нь дуулах хувьтай болсон доо” хэмээн бахархан ярьж суух энэ эрхэмтэй уншигч таныг уулзуулъя.
-Хоёулаа яриагаа төрсөн нутаг, ижий аавын тань тухай эхэлье?
-Би Дундговь аймгийн Өлзийт сумын хүн. Гэхдээ Гурвансайхан сумын Хармагтайн булаг гэдэг газар 1960 оны хөх хулгана жилийн зуны эхэн сард төрсөн гэдэг юм. Багадаа бол юу ч хийдэггүй л, гэртээ л байдаг их эрх хүүхэд байлаа. Хааяа нэг ах, аав ээжийгээ дагаж хонь хурганд явчихаад гэрт л, хаяагаа сөхөөд хоймортоо л хэвтэж байдаг хүүхэд байлаа. Ер нь тэгээд гэрийнхэн дотроо муу нэртэй, ажил хийдэггүй ямбалж байдаг л хүүхэд байж дээ. За тэгээд нэг наадам болж, би зургаан настайдаа хурдан морь унаж хол тасархай түрүүлж ирээд наадмын одтой гэж магтагдаж, овоо сайн нэр зүүж байсан юм. Тэр үед аав маань надад “Хэрлэнгийн баръяа” гээд боржигон уртын дууг зааж өгсөн санагдана. Би эхлээд гайгүй сурч байснаа сүүлдээ хөгшин хүн л уртын дуу дуулдаг гэж бодоод төдийлөн дуулдаггүй байлаа. Нэлээн хожуу уртын дуу сонирхох болж, дуулж эхэлсэн дээ. Бага нас маань тэр үеийн хүүхдүүдийн л адил ах эгч нарыг дагаж хонь хурганд явдаг, сааль сүү, ноос ноолуурын ажилд оролцдог, амралт дуусахаар сургуульдаа явдаг тэр л жишгээр өнгөрсөн дөө.
-Цагаан зээр, эмэгтэй хүн хоёр нутаггүй гэдэг. Гэхдээ үүнийг харь нутгийн бэр болж хадмын хаяа түших тухай ойлгодог шүү дээ. Харин таны хувьд урлагийн зам дагаж Дорноговь нутагт маань ирсэн. Энэ тухай яриач?
-1982 оны хавар даа. Тэр хавар надад гурван урилга ирж байсан. Дорнод болон Дорноговь аймгийн Хөгжимт драмын театраас хавар нь, Улаанбаатар хотын Хязгаарын Цэргийн дуу бүжгийн чуулгаас намар нь урилга ирж байлаа. Ээж маань Дорноговь аймгийн Мандах сумын хүн, өвөө маань Өлгий хийдийн унзад лам байсан гэдэг. Тэгээд л баруун тийш нүүдэллэж Өлзийт сумын Тоодог Товруут хайрхны хавьд очсон юм билээ. Ах маань мөн тэр үед Төмөр замын сургууль төгсөж ирээд, Сайншандын депод боловсон хүчнээр орсон. Тэгээд л ээж маань нутгаа зүтгэж “Охиноо Дорноговьд аваачна” гээд л “Саран хөхөө” театртай холбогдоод байсан байх шүү. Манай дүү нар ч оюутан байсан, оюутан хүүхдүүдэд галт тэргээр явж байх нь ойрхон гээд л Дорноговьдоо ирсэн дээ. Тэр үед чинь тийм сайхан унаа тэрэг их хэцүү шүү дээ. Манайх 1982 оны 12 дугаар сард, өвлийн хүйтнээр ЗИЛ-130 машинаар нүүж ирж байлаа. Одоо бодоход их л хүйтэн байсан санагддаг. Энэ үеэр Дорноговь, Дундговь аймгийн удирдлагуудын хооронд их яриа болж байгаа шүү дээ. Гэр бүлээр нь авна, оронд нь тийм айл аваачна гэх мэт. Тэгж л удирдлагуудын шийдвэрийн дагуу ирж байсан. Би тэр үед сумынхаа Нийтийн ахуйн үйлчилгээнд ажилладаг байлаа. Уг нь бол ХАА-н техникумыг малын бага эмчээр төгсчихсөн байсан. Гэхдээ яг мэргэжлээрээ ажиллая гэвэл нэг газар аваачаад л хөдөө хадчихдаг үе. Тэгээд дипломоо бас нуух маягтай, сургуулиа төгсөөгүй гэчихээд сумынхаа НААҮ-нд ажиллаж байсан юм. Тухайн үед суманд их гоё баригдсан НААҮ хэмээх хоёр давхар байшинд залуучууд ажилд орох дуртай байлаа л даа. Би тэнд захиалга хүлээн авагч, гэр бүлийн хүн маань нягтлан байсан. Анхны хүүхэд маань гарчихсан байсан үе. Гэтэл Дорноговь аймгийн Соёлын хэлтсийн мэргэжилтэн, театрт дууны багшаар мөн ажиллаж байсан Лувсаннямаа багш намайг авах гэж машинтайгаа, жолоочтойгоо оччихсон. Яг тэр үед нь сумын тооллого болчихоод, нэгдлийн дарга маань тооллогод яваад бас зөвшөөрч өгдөггүй ээ. Сайхан залуучуудаа явуулахгүй гээд байдаг, аймгийн Үзэл суртлын хэлтсийн дарга Ж.Ухнаа (Дорноговийн хүн байсан даа) бушуу явуул, ажилд нь оруул гэж байж гэрээ ачаад, манай нөхөр Лувсаннямаа гуай хоёр тэвшин дээр суугаад, ээж, том охин бид хэд кабинд суугаад ирж байлаа. Хөөрхий, тэр хоёр маань дүн өвлийн хүйтэнд дах дэгтий болоод л ачаан дээр суугаад ирж байсан юм даг.
-Дорноговьд анх ирж байсан мэдрэмж хуучирсан болов уу. Одоо харахад түүх шүү?
-Тэгэлгүй яах вэ. Дорноговь аймаг бол Дундговийг бодвол их том аймаг байсан. Төмөр замтай, ар, өвөр хэсэгтэй. Дундговь аймаг маань тэр жилээ улсын тэргүүний соёлч аймаг болж, гурван сая төгрөгөөр шагнуулж ч байсан. Жижигхэн хэр нь их цэвэрхэн аймаг. Дорноговьд ирэхэд их л том, сайхан санагдаж байлаа. Анх театрт орж ирээд гайхаж билээ. Дундговь аймгийн Соёлын ордны хэмжээнд л байх болов уу гэж бодсон чинь, олон хүнтэй, олон залуучуудтай аль хэдийнэ театр болчихсон байсан. Маш сайхан бүжигчид, дуучидтай ер нь яг л Улаанбаатар хотын чуулга, театрт ороод очсон юм шиг л санагдаж байлаа. Гэнэт ийм орчинд ороод өөрийгөө их голж байсан. Анх бол манай Соёлын ордон шиг л газар гэж бодоод, бас урилгаар ирчихсэн гээд л их бардам орж ирсэн чинь ёстой нэг сайхан шинэ, том театрт орж ирээд сүрдэж байсан даа. Анх ирээд театрт “Учиртай гурван толгой” дуурийг үзэж байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нарантуяа Нансалмаад, жүжигчин Б.Төмөрбаатар Юндэнд тоглоод, бусад найрал дуучдыг хараад мэл гайхсан. Их сайхан театр байна даа, энд би яана даа л гэж бодож байлаа.
-“Учиртай гурван толгой” дуурийг анх үзэж байсан гэлээ. Харин таны анхны уран бүтээл юу вэ?
-Хамгийн анх хавар нэг тоглолтод “Уяхан замбатив”-ийг дуулсан юм. Үзэгчид шижигнэтэл алга ташиж дахиулаад, би чинь сандарсан гэж жигтэйхэн. Дахиад дуулахдаа “Жаахан шарга”-ыг эхлүүлж байтал нэг дуутай холиод дуусгаж чаддаггүй ээ. Хөгтэй ч юм болсон доо. Тэвдсэндээ муу дуулсан. Би чинь дөнгөж л дуулдаг нэртэй, дуучин удамтай ч гэсэн юм уу, одоо бодоход их сайхан заяа төөргөөр иржээ гэж боддог. Дорноговь чинь үнэхээр сайхан газар, уртын дууны өлгий нь энэ нутаг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, Дундговьд бол олон дуучин бий, харин Дорноговиос бол уртын дууны эх үүсэл нь төрсөн юм байна гэж боддог. Намайг анх Дорноговь аймагт ирэхэд Даланжаргалан сумын Дуламгарав гээд боржигон уртын дуучин, нас дээр гарсан хүн байсан. Би түүнээс “Цэвцгэр хурдан шарга”-ыг боржигон аяар нь сурсан. Загдаа гуай гээд Алтанширээ сумын, бас их сайхан тачигнасан нарийхан цээлхэн хоолойтой хөгшин байлаа. Энэ сайхан газар ирсэндээ их л олзуурхаж, биширч явдаг даа.
-Таныг зургаан настай байхад аав тань уртын дуу зааж өгч, дуулуулж байсан гэсэн. Зургаан настай хүүхэд уртын дуу тогтоож, дуулах нь ховор байх?
-За даа. Би ч нээх мундаг сураад, дуулаад байсан юм байхгүй ээ. Зургаан настайдаа уяа морь унаад, гийнгоолж байсныг сонсоод аав маань дуу заах болсон байх. Миний ах ч гэсэн их сайхан зий татдаг, цангинатал гийнгоолдог байлаа. Хоолой нь бүдүүрээгүй гэхээр арав орчим настай л байсан. Би яах вэ, хүүхдүүдийн дунд л бүдүүхэн хоолойгоор гийнгоолдог байсан. Аялгууг нь авчихсан, халуунд ядраад залхуураад л тэр шүү дээ. Ах маань одоо ч гэсэн их сайхан дуулдаг хүн бий. Ч.Гомбо гэж нутгийнхан маань андахгүй дээ. Шагайн харвааны Улсын мэргэн, Сайншанд депогийн орлогч даргаар их олон жил ажилласан.
-Дорноговьд уртын дуучнаар уригдаж ирээд шууд ажилласан. Үүнээс өмнө уртын дууг мэдэрч, дурласан байх. Харин уртын дуучин болно гэдэг шийдвэрийг хэдийд гаргасан бэ?
-Сургуульд байхад жил бүр урлагийн үзлэг болно. Дуулж, бүжиглэдэг байлаа. Техникумд сурч байхдаа 1977 онд болсон “Дуурийн дуу дуулаачдын улсын уралдаан”-нд орсон юм. Тэр наадамд гурван дуугаар оролцсон байх аа. Монгол ардын дуу “Цэнхэрлэн харагдах уул”, зохиолын “Сарны дуу” ч билүү, тэгээд нэг орос дуу дуулсан санагдана. Их л мэрийж бэлдээд, үзэгчид алга их ташаад байхаар нь тэр чинээгээрээ гайгүй л дуулсан мэт санагдаж, өөрийгөө шалгарчихлаа гээд итгэчихэв. Шүүгчээр нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дарамзагд гуай ирж шүүсэн. Шалгарсан хүмүүсийн нэрсийг дуудаад л байдаг, би байдаггүй ээ. Тэгээд би чинь бүүр ард нь суучихаад, бараг уйлж байсан байх. Тэгсэн аймгийн Жанцааннов гээд хөгжмийн багш “Тэр Өлзийтийн гаралтай охин гайгүй сайн дуулж оролцсон юмсан, тэр охинд зөвлөгөө өгөх үү” гэж асуухгүй юу. Тэгэхээр нь уйлахаа болиод сонслоо. “Аан тийм, тэр охин чинь нэлээн аятайхан дуулмаар юм билээ. Миний хүү уртын дуу дуулаарай, яг уртын дууны хоолой гарч ирээд байна билээ шүү чамаас” гэдэг юм. Хэлсэн нь надад бүр шал дэмий санагдаад, очиж очиж уртын дуу байхдаа яах вэ дээ гэж бодсон юм даг. Тэр үед чинь уртын дууг хөгшин хүн л дуулдаг гээд бодчихсон юм уу даа. Дараа нь 1979 онд “Нэгдэлжих хөдөлгөөн ялсны ой”-гоор аймгаасаа шалгараад, Улаанбаатар хотод очиж 200 гаруй уран бүтээлчийн концертод оролцсон. Тэнд анх ирэхдээ “Уяхан замбатив”-ийг халтар хултар сурчихсан ирж байлаа. Тэр үед чинь уртын дууг радиогоор л сурна шүү дээ. Н.Норовбанзад гуайн дуулснаар л сурна. Манайхаас тэр тоглолтод Ц.Чулуунцэцэг, А.Дашжид гээд хоёр охин тэнцчихсэн, би нэлээн сүүлд ирсэн. Надаас гадна бүжгийн, дууны гээд ганц хоёр хүн үлдчихсэн, шалгаж байгаа хүмүүс нь оролцож байгаагаасаа олон, Л.Цогзолмаа, Д.Лувсаншарав, Н.Жанцанноров гээд тухайн үеийн л мундаг томчууд байлаа. Би уртын дуу дуулна гэтэл морин хуурч байхгүй, бүгд бэлтгэлдээ гарчихсан, тэгтэл тэр шүүгч дундаас Н.Жанцанноров гээд их сайхан залуу босоод “Би хөгжимдөөд өгье” гээд л тайзны голд байсан төгөлдөр хуур руу ирлээ. Тэгээд л хөгжмийг нээх сайхан тоглоод л, би чинь хагас дутуу мэддэг “Уяхан замбатив”-ийг бараг бүрэн хэмжээний сайхан дуулсан байх аа. Хуурын аяс оруулаад л их л чимэгтэй, сайхан тоглосон юм даг. Тэр наадмаараа алтан медаль авч байлаа. Түүгээрээ их урамшсан даа. Хавар нь тэндээсээ зургуулаа Герман, Чех, Польш, Унгар гээд социалист орнуудын “Ардын урлагийн IV их наадам”-д оролцож байлаа. Л.Цогзолмаа, Д.Дагважамц гуай биднийг сайхан авч явсан. Тэгээд л уртын дуу дуулж эхэлсэн дээ.
-Уртын дуу бол их өвөрмөц. Онолын хичээл заалгахаас илүү дуучны өөрийн судалгаа, мэдрэмж шаарддаг байх?
-Би чинь яг урлагийн сургуульд нь сурч, уртын дуучны мэргэжил эзэмшээгүй бүтэлгүй хүн шүү дээ. Залуу сайхан явахдаа өөрийгөө болоод байна гэж бодоод байдаг. Хожим суръя гэхэд хүүхдүүдээ сургууль соёлд явуулах гээд чадаагүй. Гэр бүлийн хүн маань энд ирээд хүнд өвчний улмаас нас барсан. Ингээд л юун сургуульд явах манатай, их хүнд жилүүд өнгөрсөн дөө. Гурван хүүхэд маань их сургууль төгссөний дараа 2005 онд Уртын дууны багш нар бэлтгэх курст суралцаж байлаа. Хөгширсөн хойноо шүү. Намайг өдий зэрэгтэй дуучин гэгдээд явахад “Саран хөхөө” театрын маань үе үеийн удирдлага, уран бүтээлч, дуучид маань их сайхан дэмжиж байсан. Бас их шалгууртай шүү дээ. Жирийн, муухан дуулаад байвал ажилтай үлдэнэ гэдэг хэцүү. Дуулах арга барилынхаа талаар сургууль соёл төгсөөгүй хүн чинь эхлээд их зовсон доо. Арваад жил л хэцүү байсан. Ер нь амьдралын уртад найз нөхөдтэй ч болно, шалгараад л гараад ирнэ шүү дээ. Надад морин хуурч Ч.Банзрагч багш маань гурав, дөрвөн жил их л түшиг болсон доо. Уртын дуу зохиосон хүн болохоор сайн дуучин болох талаар олон зөвлөгөө өгдөг байлаа. Би тэр хүнээс их зүйл сурсан. Ганц багш маань гэж хүндэлж явдаг даа. Театрын дууны багш Л.Буянхишигт багш маань бол богино, найрал дуу талаас нь нэлээн ажилладаг “Уртын дуун дээр чи өөрөө л суралцана шүү” гэж захидаг байлаа. Хотод очихоор Н.Норовбанзад багш “Чи яасан сайжирдаггүй юм бэ” гээд загнана. Би ч бараг зугтаж, бултах шахуу явна. Очиж гурван сарын курст сууж байсан. Гурав, дөрвөн дуу заалгаж байлаа. Анх дуулах барилаа олохгүй бас их зовсон. Одоо л нэг өөрийн дуулах арга барилаа оллоо доо гээд, хоолойгоо жаахан бүдүүн тембртэй дуулдаг болгох гэж оролдоод Н.Норовбанзад гуайд “Чи ёстой бядгүй, хариугүй хоолойтой байж Ч.Шархүүхэнийг дуурайж мангарлалаа” гээд зад загнуулаад. Сүүлд уралдаан тэмцээнд оролцоод, Н.Норовбанзад гуайгаас их сайхан үг сонсож, түүндээ урамшиж олон жил дуулсан даа.
-Уртын дуу дуулах арга барил гэж яг юуг хэлээд байна вэ?
-Мэдээж хэрэг уртын дуу дуулахад заавал авъяас байна. Богино дуунаас их өөр арга барил шаардана. Амьсгаагаа зөв урт болгож, нугалаа хугачаа, цохилго гээд хоолойн техникүүдийг гаргаж, бүрэн гүйцэд сурч байж л дуулна шүү дээ. Нутаг нутгийн жаягаар мөн дуулж сурах хэрэгтэй. Манай говь нутаг чинь их сайхан боржигон аялгатай дуулдаг. Төв халх, зүүн, баруун аймгийнхаар мөн дуулна.
-Та Ноён хутагтын бүтээлүүдээс цөөнгүй дуулсан. Их ч судалсан байх. Ноён хутагтын маань уртын дууны бүтээлүүдийн онцлог юу вэ?
-Ноён хутагт Д.Данзанравжаагийн олон дуу бий. Гэхдээ яг тийм аялга гэж байгаагүй, аялгыг нэг их бариагүй юм уу даа гэж боддог. Дууны аялгууг их сайхан гаргадаг, үг нь гайхамшигтай сайхан шүү дээ. Би тайзан дээр дөч, тавиад дуу дуулсан байдаг. Харин миний урын санд 100 гаруй дуу бий. Тэдгээрийн ихэнх нь л хутагтын бүтээлүүд гэж би боддог. Уртын дууны нийгэмлэгийн хурал, цуглаан дээр ч асууж байсан. Тэгэхээр эрдэмтэн мэргэд судлаад гаргаад ирнэ байх. “Урьхан хонгор салхи”, “Цэвцгэр хурдан шарга”, “Уяхан замбатив” ч юм уу, “Шар талын цэцэг” гээд энэ дуунууд хутагтынх гэж яригдаад байдаг. Үнэхээр мөн гэж тодорхойлж баталсаныг нь мэдэхгүй. Ер нь бол хутагт маань маш олон уртын дуу зохиосон байдаг. Ихэнх дуулагдаад байгаа уртын дуунууд хутагтын бүтээл шиг байгаа юм. Үүнээс хүлээн зөвшөөрөгдсөн нь “Өвгөн шувуу-Жаргалтайн дэлгэр”, “Гөрөөс ээж”, “Хурмаст тэнгэр”, “Цэвцгэр хурдан шарга” гээд байна даа. Мэдэгдээгүй, ганц хоёрхон хүн дуулаад байдаг дуу ч бий. Аялга нь өөр, өөр. Аман зохиолын нэг хэлбэр болохоор аль л сайхан аялгатайг нь баяжуулаад дуулаад л байх хэрэгтэй. Манай нутагт Тээгэн Самбуу гэж уртын дуу сайхан дуулдаг хүн байсан. Мэргэжил нь эмийн санч боловч олонд уртын дуугаараа танигдсан. Хоолойны бичлэг нь Радиогийн сан хөмрөгт бий. Тэр хүн “Хурмаст тэнгэр”-ийг их өөр аялгуугаар дуулсан байдаг. Мөн Н.Лантуу гэж манай ардын хөгжимчин, судлаач хүн бий. Мөн л өөр аялгаар дуулдаг.
-Зохиогчтой уран бүтээлийг амьдруулахад тухайн зохиогчийн үзэл бодол нөлөөлдөг байх. Харин уртын дуу дуулж, олон түмэнд хүргэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Мэдээж хэрэг богино дуунаас огт өөр. Хүн бүхэн л уртын дууг гайхамшиг гэдэг. Тэрний л нэгэн адил би ч гэсэн тэгж хэлмээр байна. Уртын дуу дуулахад байгаль дэлхий, ан амьтан, ургамал гээд нутаг ус, ижий аав бүгд л тэр дуунд шингээд багтчихдаг. Би бол бүрэн мэдрээд байгаа юм биш шүү дээ. Багахан хэсгээс нь л сайхан юм даа, гайхамшиг юм даа гэж мэдэрч байгаа болохоос миний мэдэхгүй асар их зүйл бий. Судалдаг, ойлгодог хүнд бол бүр илүү их зүйл мэдрэгдэнэ байх. Гүн ухааны л эд дээ. Гэхдээ дуучин хүний хувьд өөрийнхөө хэмжээнд дуугаа судалж дуулдаг. Уртын дууг байгальд дуулах илүү сайхан санагддаг. Дуучнаар ажиллаж байхдаа хоолойгоо гамнаад салхинд нэг их дуулдаггүй байсан. Нэгэн удаагийн урлагийн бригадад багтаж, Сингапурт байдаг охин дээрээ очих завшаан олдсон юм. Тэнд далайн эрэгт, задгай ресторанд уртын дуугаа дууллаа. Гэтэл ямар сайхан мэдрэмж төрж байсан гээч. Цэлийсэн сайхан далайн хөвөөнд, орой болоод гэрэл гэгээ ч гэж жигтэйхэн. Энд тэндээс хүмүүс цугларч сонсоод л. Үнэхээр бахархалтай санагдаж билээ. Гадаа дуулах тайзан дээр дуулахаас илүү сайхан байдаг юм.
-Уртын дууг морин хуурчгүйгээр төсөөлөхийн аргагүй?
-Театрт байхад Банзай багшийн дараагаар Х.Болдбаатар гэж сайхан хуурчтай дуулдаг байлаа. Х.Болдбаатар маань цэргийн чуулгад хөгжимчнөөр яваад У.Чойжил гээд жаахан бор залууг морин хуурчаар авчраад, “За, та энэ хүүг морин хуурч болгоно шүү” гэлээ. Анхандаа би голж байж билээ. Чойжоо маань мундаг хуурч болсон доо. Дараагаар нь Д.Мижиддорж гээд сайхан хуурч ирсэн. Хуурчдаа бол би дотроо үргэлж биширч явдаг даа. Миний дууны тэн хувийг нь өргөлцөж, надтай хамт л тэр тайзыг хөгжөөж байгаа шүү дээ. Намайг муу дуулвал бас л санаа сэтгэлээр унаж, гайгүй шиг дуулвал “Дэжээ эгч минь овоо дууллаа” гээд баясах жишээтэй. Тайзан дээр гарах үеийн бүх л мэдрэмжийг хуваалцана шүү дээ. Харин би лимбэтэй нэг их дуулж байгаагүй. Хойд Солонгост 1986 онд болсон Хаврын баярт долоон хүн явсан юм. Тэр дунд лимбэчин Д.Энхтайван, Хөгжим бүжгийн багш Ё.Батбаяр хуурч явсан. Тэр үед гурвуулаа дуулдаг байлаа. Лимбэ ямар гоё гэж бодно. Хууртай зэрэгцээд л түшигтэй орж ирнэ. Манай театрын Б.Отгондүү гэж сайн лимбэчин байна. Буцаж ирээд түүнийг бас тоглоод өгөөч гэж хааяа хэлж байсан байх.
-Та өдийг хүртэл зөвхөн уртын дуугаа л дуулж ирлээ. Аливаа зүйлд залгамж халаа гэж байдаг. Хойч үеэ хэр бэлтгэж байгаа вэ?
-Би шавь нарынхаа талаар ярих их дуртай. Сэтгэл хөдөлдөг юм. Их сайхан дуучид гарна байх. Удирдлага маань зөвшөөрөөд 2003 оноос театрынхаа дэргэд уртын дууны дугуйлан ажиллуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулиас 10-аад хүүхэд ирсэн юм. Тэдний дунд эмээ нь хөтөлж ирсэн гуравдугаар ангийн нэг жаахан бор охин байсан. Одоо Үндэсний урлагийн Их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн юм. Мөн О.Амаржаргал гээд хөөрхөн дуулдаг охин байлаа. Хөгжим бүжгийн Уртын дууны ангийг төгсөөд, одоо Өвөрмонголд дуулдаг сурагтай. Уртын дууны анхны мэдэгдэхүүнтэй болоод төгссөн дөө. Би театраас гартлаа Хүүхдийн ордон, хоёрдугаар сургууль гээд цөөнгүй газар дугуйлангаа тасралтгүй ажиллуулсан.
Сүүлд тэтгэвэрт гараад, МССТ-ийн захирал Г.Цагаандэрэм дарга дуудаад “Манай музейн дэргэд уртын дууны дугуйлан ажиллуулаач” гэдэг санал тавьсан. Манай хүүхдүүд ч дэмжээд, өдийг хүртэл МССТ-ийн дэргэд дугуйлангаа хичээллүүлж байна даа. Одоогоор 100 гаруй шавь бий.
-Уртын дууг хэдэн наснаас сурч эхлэх нь тохиромжтой вэ. Дугуйлангийнхаа талаар танилцуулаач?
-Ер нь гуравдугаар ангиасаа сурахад их тохиромжтой юм шиг санагдсан. Гэхдээ их авъяастай хүүхдүүд байдаг. Сургуульд ороогүй хэр нь манай дугуйланд сууж байгаад бүх л дасгал сургуулилтыг сурчихсан, тэмцээн уралдаанд амжилт гаргасан хүүхэд ч байдаг. Насанд хүрэгчид ч олон ирж сурдаг. Соёлын өв, энэ сайхан уламжлалаа өвлүүлэх бодитой ажил болгож, зургаан жил намайг сайхан танхимаар хангаж, сургалт явуулах боломжийг бүрдүүлж өгч байгаа аймгийн Музейн хамт олонд их баярлаж явдаг. Тэр болгон хэлж чадаад байдаггүй юм. Дугуйланд маань хичээлийн жилдээ 25-30 хүн суралцаж, доод тал нь хоёр дуу сурдаг. Зарим сайн сурдаг нь дөрвөн дуу сурчихсан байдаг. Манай дугуйлангийн сурагчид маш идэвхтэй, сайн сурдаг. Энэ нь ч урамтай.
-Хүн өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг гэлцдэг. Харин таны хувьд илгээлтийн эзэн мэт л энэ нутагт суурьшжээ. Хэрвээ тухайн үед танайх буурь сэлгээгүй байсан бол та ямар хүн байх байсан бол?
-Залуу насны эрчинд нөхөр хүүхдээ дагуулаад л энд ирсэн хүн. Ханиа 1994 онд алдаад, том зовлонд унаж ажлаасаа түр хөндийрч байлаа. Өөр ажилд ордог ч юм уу гэж бодож байтал Найрал дууны ангийн багш, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Буянхишигт маань “Чи ер нь наашаа ирж дуучнаа хий, чамайг энэ жилдээ тайзан дээр дуулуулахгүй. Чи сайн бод, дараа нь уран бүтээлдээ орж ажилла” гэсэн. Тэгээд би жил шахам дуулалгүй, уран бүтээлч гээд бараг сул цалин аваад яваад байсан. Одоо бодоход багшийн минь их ухаан байж дээ. Хэдийгээр тайзан дээр дуулаагүй ч нөгөө хуурчаа бэлдээд, хоёулаа сайн бэлтгэл хийсэн. Хавар бригадаар гараад дуулахад их сайхан санагдаж байсан. Залуу ч байсан. Хэрэв тэр үед театртаа эргэж очоогүй байсан бол үлдсэн насандаа харамсах байсан байх. Үр хүүхдээ боловсролтой болгож, сургуульд сургахын тулд арван жил ганцаараа явлаа даа (санаа алдав). Харин хүүхдүүд маань их сургуулиа төгсөж, биеэ даасан хойно хүнтэй танилцаж ханилсан даа. Тэр олон жилийн хатуу хөтүүг эмэгтэй хүн ганцаараа туулна гэдэг амаргүй юм билээ. Одоо амьдрал жигдэрч, энэ нутагт элэг бүтэн, сайн нэртэй, сайхан амьдарч байна. Говь нутгийн өгөөж их ээ.
Сэтгэгдэл ( 0 )