Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм.
Ахмадын үндэсний чуулганыг Улсын их хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ.
Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхаарууллаа.
Ахмад настны эрхийг зөрчих явдал сэтгэл түгшээсэн асуудлын нэг тул холбогдох байгууллагууд анхааралдаа авч, УИХ-д танилцуулах, УИХ бүрэн эрхийнхээ дагуу ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй, хууль бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээнэ гэсэн юм. Түүнчлэн Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд болохыг сануулж, Ахмадын холбоод хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриаллаа.
Ахмадын үндэсний чуулган үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )