Зорилтот бүлгийнхнийг орон сууцанд хамруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас тодрууллаа.
-Зорилтот бүлгийнхнийг орон сууцанд хамруулахаар Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж байгаа юм бэ. Салбарын сайдын хувьд та энэ талаар тодруулж ярина уу?
-Хүний хамгийн эхний хүсэл мөрөөдөл бол тухтай амьдрах орон сууцтай байх явдал юм. Гэтэл өнөөдөр орон сууцанд оръё гэхээр хэд хэдэн зүйлтэй нүүр тулдаг нь нууц биш. Шууд л өрхийн төсөв, амжиргаатай холбогдоод явчихдаг. Өнөөдөр орон сууцыг барьж болж байна. Орон сууцанд төлдөг мөнгө төгрөг нь юу билээ, орлого нь юу билээ гэдэг л асуудал болоод байгаа юм. Иргэдээ орон сууцжуулахгүй бол ялангуяа нийслэл хотод хөрс, утааны бохирдол мөнхийн сэдэв байх болно.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хүн амын 50 хувь нь нийслэл хот Улаанбаатартаа суурьшсан. Манай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны бодлого бол суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар, аймагт амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ойртуулах юм бол энэ төвлөрөл байхгүй болно. Улаанбаатар мэдээж хөрсний бохирдол, агаарын бохирдол, түгжрэлтэйгээ тэмцэж байгаа. Тэр тэмцэлд манай яам хэрхэн тус болох вэ гэвэл аймгийн төвүүдэд хүмүүсийг амьдрах сонирхолтой болгож, сумандаа амьдрахад аймгийн төвөөс дутахгүй байвал хот руу хүмүүс заавал шилжих гэхгүй. Хот, хөдөөгийн амьдралын орчин урд өмнө маш зөрүүтэй байдаг байсан. Одоо харьцангуй гайгүй болж байна. Гэхдээ сум орон нутагт сайн мэргэжилтнүүд очихгүй байна. Тиймээс сумдад төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг амьдруулах эхний орон сууцуудыг барьж эхэлнэ. Мөн хувийн бизнес эрхлэгчдийг дэд бүтцээр хангах замаар орон сууцжуулах ёстой. Манай яамны бодлого бол дөнгөж гэр бүл болж байгаа залуу гэр бүлийг эхэлж орон сууцаар хангаад, тэр хүмүүст илүү тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх юм.
-Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг бүрдүүлэх гэж бас нэг хүнд асуудал бий?
-Хүртээмжтэй болгох зорилгоор анх удаа байр авч байгаа хүмүүстээ өгье. Урьдчилгаа бүрдүүлэх асуудал дээр ч тэр. Байрны үнийг багасгах шаардлагатай тулж байна. Багасгая гэхээр байрны чанар уначих гээд байдаг. Тэгэхээр м2-ыг нь багасгахаас өөр аргагүй. Бид утаа, яндангаасаа салмаар байна. Ийм үе шаттай бодлогыг хэрэгжүүлж байна. Жил бүр 500 тэрбум төгрөгийн орон сууц зах зээлд нийлүүлэгддэг. Үүнийг хоёр дахин нэмээд өгөхөөр эрэлт нэмэгдэнэ. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх талбайтай орон сууцанд олгохгүй. 50 м2 хүртэлх талбайтай байранд олгоно.
-Боломж муутай иргэд түрээслээд өмчлөх гэх мэт өөр хэлбэрээр орон сууцанд орж болох уу?
-Орон сууцтай болоход дөрөвхөн нөхцөл байгаа. Зах зээл дээрээс үнэтэй орон сууц авч чадах нь бизнесийн асуудал. Ипотекийн зээл, түрээслэх, түрээслэх замаар өмчлөлдөө авах, амины орон сууц гэх мэт олон арга зам байна. Амины орон сууцтай хүмүүс их байна. Үүнийг орон сууцтай адил болгож болно. Гэвч дулаан алдагдлын асуудлаас болж дулаан, цахилгааны асуудал гарч ирдэг.
Сэтгэгдэл ( 3 )
50м2байр олныг эхлээд бариулах хэрэгтэй бнашд
Хуцаж байх юмаа. Хэдэн мкв байранд амьдрах нь хүний эрх биз дээ
Сүхбаатарын Хөлдүү гар..өөрөө хэдэн м2 амьдарч бгаа бол...чадамжтай бол 80 хүртэл авахад яадгийн