Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрээр байгуулагдсан хамтарсан комиссын есдүгээр хуралдаан өчигдөр \2020.12.25\ цахимаар зохион байгуулагдлаа. Хуралдаанд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Орос-Монголын хамтарсан комиссын Монголын хэсгийн ахлагч Д.Ганболд, Оросын Холбооны улсын Байгалийн нөөц ашиглалтын хяналтын Холбооны албаны орлогч дарга, Орос-Монголын хамтарсан комиссын Оросын хэсгийн дарга А.М.Амирханов болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Тус хуралдаанаар Москва хотноо 2018 онд зохион байгуулсан комиссын 8 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагаа, хил дамнан нүүдэллэдэг амьдын мониторинг судалгаа зэрэг асуудлаар харилцан санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрлээ.
Мөн ХБОБНУГ-ын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурал боллоо. Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон салбарын хөндлөнгийн судлаачид оролцож автотээврээс гаралтай аюултай хог хаягдал акуммлятор дахин боловсруулах үйлдвэрийн гурван төслийг хэлэлцлээ.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар үе шат буюу 2020-2025 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний сургалт, сурталчилгаа, мэдээлэл харилцааны нөлөөллийн ажлын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн цахим хурал боллоо. Хурлаар төлөвлөгөөнд тусгах томоохон ажлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон холбогдох асуудлуудыг хэлэлцэж, мэдээлэл солилцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар цахимаар хуралдаж Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн дагуу 2021-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж баталлаа.
Түүнчлэн Сэлэнгэ мөрний ус хурах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Ажлын хэсгийн хуралдаанаар талууд Шүрэнгийн УЦС төслийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ, Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөх ба нийгмийн үр дагаврын үнэлгээний тухай, Эгийн гол усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөллийн нэмэлт судалгааны ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )