Аль нь жинхэнэ Ардчилсан нам бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

Ардчилсан нам /АН/-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдтэй уулзаж тус намд өрнөөд буй асуудлаар ярилцлаа. Тэрбээр "Бодь" группийн байранд байрлаж буй АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга билээ.


-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхт эргэлзээ төрж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр талд толхилцож байгаа нь хэр зохимжтой вэ?

-АН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Бид оны өмнө X дугаар Их хурлаа улс орон даяар зохион байгуулж, үндсэн дүрмээ өөрчиллөө. Одоо уг дүрмээ УДШ-д бүртгүүлэхээр хандаад байгаа. Одоогийн байдлаар дүрмийн өөрчлөлтөө баталгаажуулахыг хүлээгээд байна.

-АН-ын нэг хэсэг нь “Ардчиллын өргөө”-нд, нөгөө хэсэг нь “Бодь” группийн байранд байна. Аль нь жинхэнэ АН юм бэ?

-Өнгөрсөн 2017-2020 он хүртэл АН-ынхан “Ардчиллын өргөө”-нд байрлаж байгаад бүх шатны сонгуульд ялагдсан. Бид тодорхой хугацааны дараа уг байрнаас гарсан. Тэнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод, санхүүгийн асуудал үүсээд гарсан. Одоо бол “Төв шуудан”-гийн урд байдаг жижиг байр болон, “Бодь” цамхаг дахь энэ байранд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тамга тэмдэгтэй холбоотой асуудал гарсан нь үнэн. Гэхдээ тамга тэмдэгт гол асуудал нь байгаа юм биш. Ардын намын оролцоотой юм байна. Дээр нь АН-ын дарга өөрийн хүсэлтээр огцорч, тамга тэмдгээ өгсөн. Цагаан дээр хараар бичсэн дүрмийн дагуу явагдаж байгаа. Бид өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой.

-“Бодь” цамхаг бол Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын эзэмшилд байдаг. Тэр утгаараа та бүхнийг Ерөнхийлөгчид  хамаатуулж хардах хүн их байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Халаасанд гэхээс илүү бид зургаан сараар түрээс төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл хотын А бүсэд дандаа МАН-ын гишүүдийн хөрөнгө оруулсан, хамаарал бүхий барилга байна. Тиймээс бидэнд санамсаргүй байдлаар “Бодь” цамхагт байрлах боломж олдсон. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. АН-аас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч АН-аас дахин нэр дэвших нь ойлгомжтой учраас үүн дээр анхаарч ажиллах ёстой. Үүнийг ойлгомжгүй, гадны хүнтэй харьцаж байгаа мэтээр ойлгож болохгүй.

-Нам гэдэг бол үзэл санааны нэгдэл. Гэтэл АН-ыг хаяад гарсан, үзэл санаа таарахгүй байна гээд бүлэггүй болгож байсан хүнтэй хамаарал бүхий барилгад АН-ынхан байрлаж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Л.Болд гишүүн байхдаа намаасаа гарсан нь тухайн үеийн удирдлагатай холбоотой. АН-ын дарга бүлэг доторх гишүүдээ алдана гэдэг бол өөрийнх нь асуудал. АН гэхээс илүү хувь хүмүүсийн харилцаа байсан байх гэж бодож байна. Одоо бид өнгөрсөн цаг үетэй зууралдахыг хүсэхгүй байна.

-АН-ын аль тамга нь хүчинтэй юм бэ?

-АН хоёр хуваагдсан гэдэг асуудал бол байхгүй. С.Эрдэнэ дарга ялагдсан байхгүй юу. АН-ын дүрэмд ялагдал хүлээсэн дарга хариуцлага хүлээх заалттай. Нэгэнт ялагдсан бол дараагийн асуудалд оролцох ёсгүй. Гэтэл бидэнтэй зууралдаад байгаа нь ёс зүйн хувьд болохгүй. Хоёрдугаарт, улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх /УДШ/ хариуцдаг юм. Манай намын жирийн гишүүд хоёр хуваагдсан зүйл байхгүй. Эрх барьж буй МАН-ынхан оролцоод, тамга тэмдэгний асуудлыг гаргаж ирсэн. Сая болсон X дугаар Их хурлаар хэлэлцсэн дүрэм батлагдаад гараад ирэхээр олон асуултын хариулт болох байх гэж би найдаж байна.

-Дүрэм Их хурлаар хэлэлцээд гарсны дараа Ц.Туваан хулгайгаар нэг заалт оруулсан гэж нөгөө АН-ынхан ярьж байна. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэн тохиолдолд өрсөлдөгчгүйгээр түүнийг дэвшүүлнэ гэх. Ийм заалтыг хулгайгаар оруулсан нь үнэн үү?

-УДШ-рүү явсан дүрмийн өөрчлөлт бол таны хэлснээс эсрэг байгаа. Ажлын хэсэгт бол олон санал ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй, 50 нас хүрсэн АН-ын гишүүнийг ҮБХ-оор хэлэлцэнэ. Энд хэдэн ч хүн өрсөлдөж болно. Нэр дэвшсэн гишүүдээс хоёр хүний нэрийг Их хуралд оруулна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол өрсөлдөхгүй. Түүний нэрийг шууд Их хурал луу оруулна. Өөрөөр хэлбэл илүү олон хаалгыг нээж өгсөн заалт байгаа. С.Эрдэнэ дарга, Ц.Элбэгдорж гуайн яриад байгаа зүйл огт биш. Нэгдүгээрт дүрмийн өөрчлөлтийг унших хэрэгтэй. Хоёрдугаарт, бидэн рүү дайрах шалтгаан олдохгүй болохоор шалтаг гаргаж ирээд байгаа юм.

-Нөгөө АН-ынхан Ц.Туваан хулгайгаар заалт оруулсан гэж яриад байгаа. Тэгэхээр УДШ-рүү явуулах дүрмийн өөрчлөлтийн сүүлийн хувилбарыг та харсан уу?

-Сүүлийн хувилбарыг бид бэлтгээд явуулсан. Энэ дүрмийн өөрчлөлтийг хоёр хувь үйлдээд нэгийг нь Дээд шүүх рүү нөгөөг нь намын архивт авч үлдсэн. Удахгүй энэ бүхний хариулт тодорхой болно. Хуучин бол бие биенийгээ булан тойроод муридаг байсан бол одоо цаг үе өөр болсон. Залуучууд нь ч өөр болсон.

-“Ардчиллын өргөө”-нд байрлаж буй АН-ынхан Ц.Туваан та хоёрыг нам дахь албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Гэтэл та энд АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга гээд гарын үсэг зураад сууж байна. Аль нь бодитой юм бэ?

-УБЕГ бол улс төрийн намын тухай асуудлыг шийдэхгүй.  Логик дараалалтай асуудлыг ойлгох хэрэгтэй. Бид албан тушаалын төлөө яваагүй, энэ намыг арай өөр өнгө төрхтэй болгох зорилготой байна. Би тэр хүмүүсийг янз бүрийн байдлаар хэлмээргүй байна. Улс төрийн намын асуудал бүгд УДШ-д харьяалагддаг. Энэ дагуу асуудал явж байгаа. Нэг хүн гарч ирээд дураараа дургидаг байх юм бол бид энд суух ямар хэрэг байна вэ.

Ардчилсан нам /АН/-ын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбаттай тус нам хоёр хуваагдсан эсэх асуудлаар ярилцлаа. Тэрбээр "Ардчиллын өргөө"-нд байрлаж буй АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга билээ. 


-АН хоёр тамгатай, хоёр байртай бол хоёр хуваагдсан уу?

-АН одоогоор хоёр хуваагдсан, хоёр байртай, хоёр даргатай байгаа юм байхгүй. Яагаад гэхээр сая УБЕГ-аас бүх асуудлыг нэг тийш шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл манай намын дэд дарга байсан Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгоод, С.Эрдэнэ гэдэг хүн бол УДШ-д бүртгэлтэй намын дарга хэвээр байгаа юм байна гэдгийг баталгаажуулсан явдал боллоо. Намын байр бол буцаад Ардчиллын өргөөнд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ц.Туваантай би найз. С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуулийн дараа хариуцлагаа хүлээгээд тэр хүнд тамгаа өгсөн. Түүнээс хойш зургаан сарын турш АН даргагүй явсан. Орон нутгийн сонгуульд АН даргагүй орсон. Энэ сонгуулиар ялагдал хүлээсэн хариуцлагыг хэн хүлээх вэ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээх үү. Ажлаа өг гэхээр “би дарга биш учраас хариуцлага хүлээхгүй” гэнэ. Ц.Туваан ч АН-ын дарга биш. Манай намын дүрэмд үүрэг гүйцэтгэгч гэсэн заалт байхгүй. Дараагийн даргыг томилох хүртэл өмнөх даргын бүрэн эрх нь хэрэгжиж байдаг. Бид намын даргынхаа сунгааг зарлана.

-Сая арванхоёрдугаар сарын 18-нд болсон хурлыг хууль ёсны хурал гэж хүлээн зөвшөөрөх үү. Энэ хурлаар намынхаа Үндсэн дүрмийг шинэчилсэн байгаа шүү дээ?

-Тэр хурлаар хэлэлцээгүй дүрмийн заалт одоо Улсын дээд шүү /УДШ/-д бүртгүүлэхээр очсон. Тэр нь юу вэ гэхээр 5-12-ын 4-2 дээр хэрэв гурван хүн өрсөлдөх юм бол нууцаар санал хураалт явна гэсэн заалт байдаг. Энэ заалтыг сая болсон цахим хурлаар шинэчилсэн. Гэтэл Ц.Туваан УДШ-рүү явуулахдаа хэлэлцүүлээгүй заалт нэмээд, явуулчихсан. Тэр нь ямар заалт вэ гэхээр 5-12-ын 4-1 гэдэг заалт нэмээд “Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших юм бол өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ” гэж оруулсан. Тэгэхээр сая болсон цахим хурлыг тоглолт хаашаа яваад байна вэ гэдэг хардлагыг бидэнд дагуулаад байна.

-Нөгөө АН-ынхан бол Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын хамаарал бүхий объектод байрлаж байна. Энэ нь тэднийг Ерөнхийлөгчийн халаасанд орсон гэдэг хардлагыг төрүүлээд байгаа юм. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Мэдэхгүй байна. Ц.Туваан, П.Нүрзэд бид хамтдаа 20 жил улстөр хийгээд явж байгаа. Өнгөрсөн зургаан сар бол хэн нь хэн бэ гэдгийг харуулсан хугацаа байлаа. Ерөнхийлөгчид зөвлөөд байгаа тэр хүмүүс бол АН-аас гарч, АН-ыг бүлэггүй болгож, ШИНЭ нам байгуулсан. Гэтэл одоо АН-ын шинэчлэл гээд яриад байгаа нь онцгүй харагдаад байгаа юм. Би бол цахим хурлаа боль гэж Ц.Туваанд олон удаа хэлсэн. Ц.Туваан бол тамга шилжүүлэх үүрэгтэй хүн шүү дээ. Гэтэл энэ хүн шийдвэр гаргаад, сүүлдээ намын үндсэн дүрмийг өөрчилнө гээд хадуураад байна. Эцэст нь хулгайгаар заалт оруулаад, УДШ-д бүртгүүлэхээр өгсөн. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших юм бол өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ гэдэг заалтыг УДШ батлах юм бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.

-Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болно. Гэтэл нөгөө талын АН-ынхан өрсөлдөгчгүйгээр гаргаж ирэх сонирхолтой байгаа юм байна тийм үү?

-Ц.Туваан, П.Нүрзэд нарын дүрмийн бус тоглолт хийгээд байгаа нь энэ. Улс төр гэдэг чинь үзэл санаа юм. Төрийн эрх мэдлийг хумиач, иргэд нь илүү эрх чөлөөтэй амьдаръя гэдэг үзэл санаатай хүмүүсийн нэгдэл. АН-ыг байргүй өмчгүй гэдэг утгаар нь харахаас илүү хэн нь үзэл санаа руугаа буцаж очмоор байна. Одоо Ц.Туваан, П.Нүрзэд гэх маргаанаа хая, асуудал нэг талдаа гарсан. АН бол хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах үзэл баримтлалтай нам. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН сөрөг хүчин байж чадсангүй. Ард иргэдийнх нь амьдрал ядуу байхад яагаад намын тамга булаацалдаад байгаа юм бэ. Шийдэх ёстой УБЕГ нь шинээр тамга хийгээд С.Эрдэнэ даргад өгчихлөө.

-Хамгийн гол нь Их хурлаар яригдсан дүрмийн өөрчлөлтийг шүүх хүлээж авах эсэхээс цаашдын асуудал шалтгаалах байх тийм үү?

-Бид дүрмийн өөрчлөлтийг буцаан татах хүсэлт явуулсан. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг ганцхан хүнтэй ХҮН-аас доор байна. Тэгэхээр бид сөрөг хүчний байр сууриа сэргээмээр байна. Дотоод маргаан эцэслээд нэг тийш болсон. Дэд даргын дураараа авирлаж байсан асуудал зогссон. Тэгэхээр АН буцаад үзэл санаан дээрээ ирж байна.

-АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа хариуцлагаа хүлээж огцорсон. Гэтэл одоо “би дарга” гээд гараад ирж байгаа нь ямар нэг зорилготой вэ?

-Тэгж харагдаж байгаа болохоос шинэ дарга томилогдох хүртэл УДШ-ийн бүртгэл дээр хуучин даргын нэр байгаа. С.Эрдэнэ бол АН-ын дарга мөн гэдэг бүртгэл нь байгаа. Ц.Туваан бол шинэ даргад тамга шилжүүлж өгөх үүрэгтэй хүн. Гэтэл ажил авсан Ц.Туваан биднийг зургаан сар биднийг сэхээнд байлгаж, унтууллаа. Би өөрөө улстөрийн нэлээд идэвхтэй хүн. Өнгөрсөн хугацаанд миний эгдүү хүрч “арай ч дээ АН-ыг ингэж унтуулж болохгүй” гэдэг шүүмжлэл байсан. Хэрэв бид намын даргатай орон нутгийн сонгуульд орсон бол ялалт байгуулаад, Д.Сумъяабазараас дээр бодлого баримталж байгаа шүү.

Үргэлжлэлийг энд дарж уншаарай. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.130) 2025 оны 03 сарын 13

шившиг

1  |  0
Жудаг(66.181.176.40) 2025 оны 03 сарын 13

Ямарч байсан АН 2 даргатай, 2 тамгатай, 2 хэрэг эрхлэх газрын даргатай, 2 байртай болоод авлаа. Тэгээд хуваагдаагүй гээд хоюулаа мэдэгдэл хийгээд л цчир нь олдохоо байлаа даа хөөрхийс.

2  |  0
Top